Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

”Цахилгаан”-ы хүү

УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жар­галсайхан гэдэг залуу улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн зэрэг хэлэхээс ч зүрхшээм олон том хэргээс болж 17 жилийн ял сонсов. Энэ мөчид хүүг нь гэхээсээ эцэг рүү нь дайрсан үг олонтаа сонсогдлоо. Уг нь “Биеийг нь төрүүлснээс ухааныг нь төрүүлэх биш” гэж монголчууд дэмий хэлээгүй л болов уу. БНХАУ-д найман жил орчим Элчин сайдаар ажилласан түүний эцгийг хүүгийнхээ энэ хэрэгт хамааралтайг хэн ч нотлоогүй байгаа. Магадгүй нэгэн цагт сэтгүүлчээр ажиллаж байсан түүний УИХ-ын Гадаад харилцааны хэлтэст ажиллах болсон нь ийн хардахад хүргэсэн  байж болно. Гэхдээ Элчингээр ажиллаж байсан хүний үр хүүхэд хамаатан садан гадаад харилцааны чиглэлээр ажиллаж болохгүй гэсэн дүрэм одоохондоо алга. Хувь хүний та­лаасаа Ц.Жаргалсайханыг арваад жилийн өмнө сонины сэтгүүлчээр ажиллаж байсан гэдгээс өөрөөр олон нийт сайн мэдэхгүй. Харин энэ удаа ноцтой хэрэгт холбогдсоны улмаас түүний аав нь манай улсын нэртэй дипломатч нэгэн байжээ гэдгийг мэдэв. УИХ-ын даргын ОХУ-д хийсэн айлчлалын талаарх мэдээллийг УИХ-ын вэб сайтаас авч гадныханд дамжуулаад их хэмжээний  ашиг хонжоо олсон гэдэг нь батлагдаагүй. Тэр ч байтугай хэн ч ороод сонирхож болох тус вэб сайтын мэдээлэл нууцын зэрэглэлтэй эсэх нь тодорхойгүй байдаг. Тиймээс Д.Цахилгааны хүү гэдгээс шалтгаалж асуудал хурцадсан юм биш биз гэсэн эргэлзээ ч төрөх боллоо. Сайн аавын муу хөвгүүд олшрох болсон нь орчин цагт залуус хэт биеэ даасан хүмүүжилтэй болсны өөр нэгэн үр дагавар уу гэлтэй.

У.ОГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж