МАН-ын бүлэг хуралдаж байна | News.MN

МАН-ын бүлэг хуралдаж байна

LiveМАН-ын бүлэг хуралдаж байна

12 : 40
2022-8-22

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг хаалттай сонсч завсарлажээ. 

Харин одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар намын бүлгүүд байр сууриа нэгтгэх юм. 

Ээлжит бус чуулганаар:

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл;

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал;

Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.

10 : 47
2022-8-22

"Цэцээс гаргасан шийдвэрийн эрхзүйн үр, дагаврыг шуурхай хэлэлцэнэ"

УИХ-ын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг бүрэн эхээрээ.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн болон онцгой анхаарах асуудлууд, эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Чуулганаар дараах 3 багц асуудлыг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэлийг сонсоно.

Хоёрдугаарт, Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэнэ. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хүнсний хангамжийн чиглэлээр хөдөө аж ахуй, эрчим хүч, тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэр гаргана.

Гуравдугаарт, Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсэж буй эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

  Эрхэм гишүүд ээ,

Дотоод, гадаад таагүй нөхцөл байдал улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Цар тахлын байдал ч сэтгэл түгшээсэн хэвээр байна.Төр, засгийн зүгээс холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд зарим нааштай өөрчлөлтүүд гарч эхэллээ. 2022 оны эхний хагаст 16.1 хувьд хүрээд байсан инфляц 15.7 хувь болж, бага боловч буурлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 7-р сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Гадаад худалдааны тэнцэл эхний 7 сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувь өсжээ. Гэхдээ эдгээр үзүүлэлт нь хямралт нөхцөл байдал арилсан, тайвшрах цаг ирсэн гэсэн үг биш ээ. Хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжиж, халамжийн тогтолцоог оновчтой болгох, стратегийн шинж чанартай томоохон бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих Шинэ сэргэлтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй зорилт хэвээр байсаар байна. Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралт байдал тогтворжих цаг болоогүй, эдийн засгийн өсөлт саарч стагфляц үүсэх эрсдэлтэй байгаа тухай шинжээч судлаачид, олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Геополитикийн хурцадмал байдал, экспорт, импортын саатал, үнийн өсөлт, улсын гадаад өрийн нөхцөл байдал, эрчим хүч, дулааны болзошгүй хомсдол гээд санаа зовоосон асуудал бидэнд олон байна. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар сэтгэл зүтгэл хүчээ нэгтгэж, гар нийлж ажиллах шаардлага урьд урьдынхаас илүү чухал болоод байна.

Эрхэм нөхөд өө,

Цар тахлын хийгээд геополитикийн таагүй нөхцөлийн улмаас хөрш зэргэлдээ орнуудтайгаа хил гаалийн хязгаарлагдмал нөхцөлд байгаа ч энэ цаг үед Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчиллаа. Энэхүү айлчлал 13 жилийн дараа болсон, дэлхий нийтэд, хөрш зэргэлдээ орнуудад улс төрийн байдал ээдрээтэй байгаа цаг үед болсноороо онцлог юм. Эрхэмсэг ноён Антонио Гутерреш ийм үед манай улсын гадаад харилцаандаа баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг сайшааж, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлтыг өндрөөр үнэлсэн. Тэрбээр “Монгол Улс бол энхийг эрхэмлэгч, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс юм” гэж хэлсэн нь эв нэгдэл, энх амгаланг ямагт эрхэмлэн дээдэлдэг монгол түмний язгуур үзэл санаа, ёс уламжлалыг өндрөөр үнэлсэн, монгол бахархлыг дуудан сэрээсэн чухал үйл явдал мөн гэж үзэж байна. Хөрш ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсад ойрхон хугацаанд дараалан айлчиллаа. Айлчлалын үеэр хоёр талын болоод бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцан ойлголцлоо бэхжүүлэх, Иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааныхаа үнэ цэнийг хадгалах, томоохон төслүүдийг эхлүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар хүндрэлийг даван туулж, гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн. Манай улс дэлхийн улс орнууд, түүний дотор хоёр хөрштэйгээ тогтоосон хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган эрчимжүүлэх шаардлагатай байна. Дээр дурдсан айлчлалуудын үеэр ч энэ асуудал нэн чухлаар хөндөгдсөн. Тиймээс хөрш орнуудын Гадаад харилцааны сайд нарын айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамд шуурхай ажиллах шаардлагатай байгааг анхааруулъя. Амар амгалан эх дэлхийн төлөөх нийтийн хүчин чармайлтад Монгол Улс бодитой хувь нэмрээ оруулж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого маань дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж буй энэ үед бид улсынхаа дотоод асуудал, хөгжлийн зорилтоо улс, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт нийцүүлэн, ойлголцол зөвшилцлийг эрхэм болгож, нэгдмэл эрмэлзлээр шийдвэрлэх нь нэн чухал байна.  Гадаад, дотоод аль ч талдаа Монгол эх орноо мандуулах нь монгол хүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх ёстой.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний хууль эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байх талаар Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 4-т заасан байдаг. Түүнчлэн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд бий. Мөн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд тов тодорхой заасан. Гэтэл Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул Улсын Их Хуралд хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй. Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо. Бидний гаргах шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд, төр, ард түмний эрх ашигт бүрнээ нийцсэн байх ёстой. Улсын Их Хурал, Цэц, ер нь аливаа иргэн, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Үндсэн хуулийг даган мөрдөж, сахин хамгаалах зарчмыг баримталж байх нь төр ард түмний туйлын эрх ашигт нийцнэ. Үүнтэй холбоотойгоор парламентын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ судалгаа хийх асуудлыг Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах замаар, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна гэж үзэж байна. Түүнчлэн цаашид Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Улсын Их Хурал ба Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хууль зүйн чадамжийн харьцаа, цаашилбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой асуудлыг Цэцээр хянан хэлэлцэхэд агуулга хэлбэр, хамрах хүрээ, зааг хязгаар, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг эргэн харж, боловсронгуй болгох ёстой болжээ.

Улсын Их Хурлаас 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 1997 онд батлагдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Үүний зэрэгцээ дээрх хуулиуд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс тус бүр 3 удаа, нийт 6 удаа гаргаж байжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хуулиудыг шинэчлэн найруулаагүй бөгөөд Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмж гарсаар ирсэн. Тиймээс Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн хүний талаар нийтийн сонсгол зохион байгуулж, тухайн нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг олон нийтэд таниулах, иргэдийн санал, шүүмжийг сонсох замаар томилох боломжийг бүрдүүлсэн. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцэх зарчмыг баримтлан хуулийн төслийг эцэслэн боловсруулж, ойрын үед Улсын Их Хуралд өргөн барих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе.

Эрхэм гишүүд ээ,

Улс орны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй хойчийн хувь заяа, Монгол Улсаа сэргээн мандуулах монгол түмний эрмэлзэл, нийгэм, эдийн засаг, улс төр, засаглалын түвшний шийдлээ хүлээсэн асуудлуудын ач холбогдлыг сайтар тунгааж, ээлжит бус чуулганы үйл ажиллагаандаа ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээсээ хүсье. “Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, түүнд тийм л ирээдүй байдаг” гэсэн Франсуа Миттераны үг байдаг. Монгол хүн бүхэн, түүний дотор ард түмнийхээ элч төлөөлөл болсон Эрхэм гишүүд Та бүхэн ч гэсэн Монгол Улсынхаа бадран мандах гэрэлт ирээдүйг мөрөөдөж байгаа. Түүнд богино хугацаанд хүрэх боломж ч бидэнд бий. Тиймээс “Бодлого л хүрэх газарт хүргэнэ. Гагцхүү зөв бодох нь л чухал” гэсэн бас нэгэн мэргэн үгийг санаж,  төр засаг, түмэн олноороо нэгэн зүгт харж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн нягтрахыг чуулганы хүндэт индрээс дахин уриалъя. 

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээснийг мэдэгдье.

10 : 16
2022-8-22

Чуулган: ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсч байна

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ хуралдаж байна. Чуулганы ирц 56.6 хувьтайгаар нээлээ. УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Цар тахлаас шалтгаалсан онцгой нөхцөл байдал болон эрхзүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Өнөөдрийн чуулганаар гурван багц асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээлэл болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэлийг сонсоно. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы 2022 оны хаврын ээлжит чуулганы хаалтан дээр өгсөн цаг үеийн болон онцгой анхаарах асуудлаар өгсөн үүрэг чиглэлийг дүгнэж, үнийн өсөлт болон бусад эрсдэлээс улсын, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийг хэлэлцэнэ. Мөн ургац хураалт өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана. Гуравдугаарт, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 02 тоот тогтоол гаргаж Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн II заалтыг хүчингүй болгосонтой холбогдож буй эрхзүйн асуудлыг хэлэлцэхээр боллоо. Дотоод, гадаад таагүй нөхцөл иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөөр байна. Гэсэн ч төр засгаас авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ тодорхой хэмжээнд нөлөөлж нөөштай өөрчлөлтүүд байна. Тухайлбал, 2022 оны эхний хагаст 16.1-д хүрээд байсан инфляци 15.7-д хүрч буурлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Экспортын хэмжээ 37.2 хувиар өслөө. Эдгээр үзүүлэлтээс үүдэж хямрал арилсан гэж хэлэх боломжгүй. Тодорхой хэмжээнд ажил эрхлэлтийг дэмжиж, халамжийн зөв ситемд оруулах, шинэ сэргэлтийн бодлогыг хойшлуулашгүй хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна.

Мөн геополитикийн хурцадмал байдал, экспорт, импортын саатал, үнийн өсөлт, гадаад өрийн нөхцөл байдал гээд санаа зовоосон асуудал их байгаа. Тиймээс УИХ, Засгийн газар гар нийлж ажиллах нь юу юунаас илүү чухал. Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад Ерөнхийлөгчийн урилгаар айлчилсан. Тэрбээр Монгол Улсын гадаад бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшааж, цөмийн зэвсэггүй нутаг дэвсгэр, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа хүчин чармайлтыг өндрөөр үнэлж онцолсон. Мөн хоёр хөрш орны Гадаад харилцааны сайд нар ойрхон хугацаанд айлчиллаа. Айлчлалын хүрээнд хоёр талын болоод бүс нутгийн харилцааг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг хамгаалах, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар хүндрэлийг даван туулах зэрэг асуудлаар олон үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 02 тоот тогтоол гаргаж Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн II заалтыг хүчингүй болгосонтой холбогдож буй эрхзүйн асуудлыг хэлэлцэж, эрхзүйн үр дагаврыг авч үзэж яаралтай шийдвэрийг гаргах нөхцөл үүссэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн адил хүчинтэй байх талаар хуулийн 69.4 дүгээр зүйлд заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр  гарсан. Энэ нь ноцтой үр дагаварт хүргэж болох том алдаа бөгөөд Цэц Үндсэн хууль болон бусад хууль Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэхээс Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгох эрх байхгүй гэдгийг зарим улстөрчид, хуульчид мэдэгдээд байгаа. Тиймээс энэ асуудлыг шуурхай хэлэлцэх шаардлага үүсээд байна. Цэцийн шийдвэр эцсийнх тул УИХ-ын гишүүд олон нийт, эрдэмтэн судлаачидтай хэлэлцэж шийдвэр гаргах хэрэгтэй боллоо.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэл тавих учраас чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. 

Дараа УИХ дахь намын бүлэг, байнгын хороод хуралдах юм.

08 : 56
2022-8-22

Ээлжит бус чуулган 10:00 цагт эхэлнэ

УИХ-ын  дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргасан.

Ээлжит бус чуулганаар:

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл;

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал;

Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.

УИХ-ын  ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-22 213.87.136.198

**** Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-22 192.82.65.111

Зөвхөн 3-р асуудлыг хэлэлцэх гэж хуралдаж байгаа шүү дээ с**-кууд

Avatar

Зочин 2022-08-22 49.0.135.27

?

Avatar

Зочин 2022-08-22 188.162.254.89

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

ЗОЧИН 2022-08-22 202.21.126.30

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 120 ОРЧИМ БОЛГОЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН 70-ААС ДООШГҮЙ ХУВЬ НЬ ПАРЛАМЕНТААС БҮРДДЭГ БАЙХ, ЕӨК-ИЙГ УИХ-ЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНААС ТОМИЛОХ ЗЭРЭГ ЗӨВ ШҮҮ. ХАРИН УИХ-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ ШАЛГУУРЫГ ХУУЛЬЧИЛЖ ОДООГИЙН ПОПУУД, ХУЛГАЙЧ НАР, НААД ЗАХЫН БОЛОВСРОЛГҮЙ УЛС ТӨРИЙН ЧҮҮЧЛҮҮД ОРЖ ИРДЭГ ЗАМЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ БАЙЖ УРАГШЛАНА. ДЭЭРЭЭ ГАЙГУЙ ЮМ ЯРИАД ШИЙДЭЭД БАЙГАА Ч ДУНД ДООД ШАТАНДАА БАХЬ БАЙДАГ ХЭВЭЭРЭЭ Л УЛС ТӨРЖИЛТ, АВИЛГА, УУЖ ИДЭХ ХАВТГАЙДАА Л БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2022-08-22 66.181.189.240

Төрийн оронцог Зандан зайл. Мулгуу Оюуэрдэнэ зайлаарай

Avatar

Zochin 2022-08-22 202.126.89.108

Gishuudiin toog nemeh shaardlagatai,harin gishuudiin toog nemchiheed davhar deeliig nemehiig demjihgui bna..

Avatar

Зочид 2022-08-22 192.82.64.158

Өөрсдийнхөө томилсон хулгай луйварын чинь гар хөл болсон ҮХЦ- ийн гишүүд гэх увайгүй нөхдүүдийгээ огцруулж зайлуул үгүй бол Ерөнхийлөгч , УИХ, ЗГ -тайгаа бүгдээрээ огцор.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж