Төмс, хүнсний ногоо худалдааны захуудад хэтэрхий үнэтэй зарагдаж байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байгаа. Харин энэ үед худалдааны захуудаас хямд үнэтэй, шинэ ногооны үзэсгэлэн худалдаа дэлгэгдээд байна. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн 31 байршилд “Алтан намар-2022” төмс, хүнсний ногооны худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Харин өнөөдрийн /2022.08.22/ байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршил, 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна.
Уг үзэсгэлэн нь нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” зохион байгуулж байгаа юм.
Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй гэдгийг УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал хэлсэн.
Тэгвэл Сансрын үйлчилгээний төвийн баруун талд байрлах хүнсний ногооны контейнер болон Бөхийн өргөөнд гарч байгаа үзэсгэлэн худалдаан дээр очиход ерөнхийдөө бүх хүнсний ногоо ижил үнээр худалдаалагдаж байлаа. Эдгээр үзэсгэлэнд өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна хулуу, бууцай, яншуй, шош, цагаан лууван, цоохор мойл зэрэг нарийн ногоонууд, давжаа алим, тарвас, самар, зөгийн бал, даршилсан ногоо зэрэг худалдаалагдаж байна.
Үнийн хувьд:
Харин ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй гэдгийг УБЗАА–наас мэдээлсэн. Гэвч зарим цэг дээр байрлах ногоочид түрээсээ төлж зогсч байсан юм. Тухайлбал Сансрын үйлчилгээний төвд байрлах худалдаачин “Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас өөрийн тариалсан ногоогоо худалдаалахаар ирсэн. Энд зогсоод удаагүй ч гэсэн хүмүүсийн худалдан авалт ерөнхийдөө дажгүй байна. Иргэдийн зүгээс эх орныхоо хөрсөн дээр тариалсан, шинэ гэдэг утгаараа сайхан хүлээж авч байгаа. Үнийн хувьд ч хүнсний захуудаас харьцангуй хямд гээд ам сайтай байна. Харин энэ жилийн хувьд ногоочдоос түрээсийн төлбөр авахгүй гэсэн ч сарын 200 мянган төгрөг төлж байгаа. Гэхдээ өмнө жил 400 мянган төгрөг төлдөг байсан бол энэ жил нэг дахин хямдарсан” гэлээ.
Сансрын үйлчилгээний төвд байрлах үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлж байсан иргэн Б.Алтанцэцэг “Хоёр өдрийн өмнө эндээс ирж хүнсний ногоо худалдаж авсан. Давжаа алим нь зөөлхөн болц сайтай, шүүслэг байсан учраас амт нь таалагдсан. Тиймээс дахиад авах гээд ирсэн. Ерөнхийдөө хүнсний зах, дэлгүүрүүдээс 500-1000 төгрөгөөр хямд байна” гэдгийг хэлж байсан юм.
Харин Бөхийн өргөөнд байрлах цэгээс худалдан авалт хийж байсан иргэн Н.Батхорол “Ерөнхийдөө жил бүрийн өдийд шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гардаг. Наадмын дараа хүнсний ногоо гэлтгүй бүх юмны үнэ нэмэгдээд хэцүү байсан. Гэхдээ зарим нэг нэр төрлийн барааны үнэ буцаад хямдарсан ч хуучин байсан үнээрээ зарагдахгүй л байна. Энэ үед өргөн хэрэглээний хүнсний ногоо ингээд хямд үнээр худалдаалагдаж байгаад талархууштай байна” гэлээ.
Мөн энэ жил улсын хэмжээнд 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо тариалсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг салбарын яамныхан хэлж байлаа.
Д.НАМУУНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ