Амралтын өдрүүдээр тулааны ертөнцөд юу болсон бэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдээр тулааны ертөнцөд юу болсон бэ?

Амралтын өдрүүдээр тулааны ертөнцөд юу болсон бэ?

Өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн тулааны ертөнцөд болон Монголын тулаанчидтай холбоотой олон сонирхолтой зүйлс болж өнгөрлөө.


600 САЯЫН ТУЛААНЫ ТОВ ГАРАВ

Мэргэжлийн холимог тулааны шилдэг тамирчин З.Шинэчагтга болон гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарыг тулалдана гэх яриа гараад удсан. Тамирчид хэвлэлийн бага хурлаа ч хийн тэрсэлдсэн нь хүмүүсийн анхаарлыг улам их татсан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр хоёр тамирчны зүгээс ирэх есдүгээр сарын 9-ний өдөр Монгол бөхийн өргөөнд халз тулалдах болсноо мэдэгдэв. Тэд 600 сая төгрөгний төлөө хүчийг үзнэ.

Тулааны тов гарсны дараа З.Шинэчагтга “Тулааны тов албан ёсоор гарлаа. Чамд хүн басах ямар байдгийг энэ өдөр мэдрүүлэх нь миний тэр өдөр хүртэлх зорилго. Харин чи хэлсэндээ ард түмний нүдэн дээр намайг зодох гэж хичээдэг юм шүү. Амжилт хүсье, чамд” гэжээ.

Хариуд нь Э.Цэндбаатар “З.Шинэчагтгаа би чамайг басаагүй. Зүгээр л чадахгүйг чинь мэдэж байна. Олон юм ярилгүй, тулаан дээр уулзъя. Чамайг зодъё гэсэн болохоос хэрүүл хиймээргүй байна” гэв.

М.НАНДИН-ЭРДЭНЭ “WBC” ХОЛБООНЫ МУАЙ ТАЙН АВАРГА БОЛОВ

Дэлхийн алдарт “WBC” холбооны муай тай төрлийн аварга бүсний тулаанд “Төмөр нударгат” М.Нандин-Эрдэнэ тулалдлаа. Тэрбээр нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч, аваргын бүсний эзэн болжээ.

Ийнхүү тэрбээр тулааны дөрвөн төрлөөр аварга болов.

МОНГОЛ ТУЛААНЧИД ХИЛИЙН ЧИНАДАД

Монголын холимог тулааны “MFC” холбоо, АНУ-ын “Dragonhouse MMA”-тай хамтран “Zhong Luo CFS 5” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт Н.Отгонбаатар, Б.Энхтөр зэрэг Монголын шилдэг холимог тулааны тамирчид хүчээ сорив.

77 кг-ын жинд Б.Энхтөр чансаа ахиулах тулаанаа Португалын Жастин Дэвистэй хийж, эцсийн мөчид буулган авсан юм. Тэрбээр тулааны үеэр хүнд цохилтод орж унасан ч эргэн ирж, өрсөлдөгчөө буулган авсан.

Харин энэ өдрийн оргил тулаан Н.Отгонбаатар болон Энтони Тэйлор нарын хооронд явагдаж, ширүүхэн тулааны эцэст Энтони Тэйлор шүүгчдийн саналаар ялалт байгуулан, аваргын бүсний эзэн болов.

ЯЛАГДАЛ ГЭДГИЙГ МАРТААД БАЙСАН КАМАРУ УСМАН ЯЛАГДЛАА

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох “UFC”-ийн “UFC-278” өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгийн оргил тулаан Камару Усманы эсрэг Леон Эдвардс байв. Тулаан ч удаан үргэлжилж, тав үе тулалдсаны эцэст британи тулаанч Леон Эдвардс өрсөлдөгчөө хүнд цохилтоор унаган аваргын бүсний эзэн боллоо. Ялагдал гээчийг амсаагүй удсан Камару Усман ялагдаж, олон хүний гайхшралд оруулсан.

Тулааны дараа “UFC”-ийн шинэ аварга Леон Эдвардс “Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Хүн бүр надад эргэлзэж байсан. Намайг үүнийг хийж чадахгүй гэж байлаа. Харин одоо намайг хар даа. Жингийнхээ номер нэг боллоо. Би гудамжны нүхнээс энд хүрлээ. Үүний төлөө би хөдөлмөрлөсөн. Эцсийг нь хүртэл явна. Намайг хар. Их Британиас энэ бүсийг эзэмших хүн гарч ирнэ гэж би хэлж байсан. Намайг хар. Ээж ээ, үүнийг таныхаа төлөө хийлээ. Би танд амьдралаа өөрчилнө гэж хэлж байсан. Намайг одоо хар даа” гэжээ.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд мөн өвөрмонгол тулаанч н.Орчлон тулалдсан. Өдгөө 29 настай, “Монгол алуурчин” хочит тэрбээр Жэй Перрин гэх америк залууг буулган авчээ. Тулаандаа ялалт байсан н.Орчлонд алдарт Конор МакГрегор өөрийн цахим хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн юм.

АЛЕКСАНДР УСИК АРД ТҮМЭНДЭЭ БАЯР БАЯСАЛ АВЧРАВ

Мэргэжлийн боксын “WBA”, “WBO”, “IFB” холбооны аваргын бүсээ эргүүлэн авахаар Их Британийн Энтони Жошуа Украины Александр Усиктай дахин тулалдав. Хоёр боксчин жилийн өмнө тулалдахад Усик Жошуаг нутагт нь Лондонд буулган авч байлаа. Тэгвэл энэ удаад байршлаа өөрчлөн Саудын Арабд тулалдсан ч ялагч нь Усик хэвээрээ үлдсэн юм. 12 үеийн ширүүхэн тулааны эцэст шүүгчид украин залууд ялалтыг заав.

Тулааны дараа Усик “Би энэхүү ялалтаа эх орон, гэр бүл, багийнхан, эх орноо хамгаалж буй бүхий л хүнд зориулж байна. Та бүхэндээ маш их баярлалаа” гэжээ. Түүнд Украины ерөнхийлөгч баяр хүргэн бичлэг илгээсэн аж. Тус бичлэгт “Бид хамтдаа байж чадлаа. Бие биедээ туслалаа. Бид сүйтгэгдсэн бүхнээ эргүүлэн сэргээж чадлаа. Бид ард түмнийхээ төлөө тулалдлаа. Мөн Украиныг төлөөж буй бүх хүнийг дэмжлээ. Усик бол яалт ч үгүй бидний залуу” хэмээн баяр хүргэв.

Харин Жошуа “Би Украины талаар уншсан. Украинаас төрөн гарсан аваргууд бүгд гайхалтай. Хэзээ ч тэнд очиж үзээгүй л дээ. Тэнд болж байгаа зүйлийн талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ сайн зүйл лав болоогүй. Харин Усикт хандахад, энэ бүх бэрхшээлийн өөдөөс гараа дээшээ өргөөрэй. Өнөөдрийн үйл явдал түүх боллоо. Олон үеийн залуучууд энэ тулааныг үзнэ. Ялангуяа намайг буулган авах гэж улаарсан үеийг үзэх байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж