"Путины тархи" гэгддэг Оросын нөлөө бүхий улс төрийн гүн ухаантны охин Бямба гарагийн шөнө амиа алджээ. Тодруулбал, үндсэрхэг үзэлтэн Александр Дугины охин Дарья Дугина Москвагийн захад орших Большие Вяземы тосгоны ойролцоо машинтайгаа дэлбэрчээ. Охин "Toyota Land Cruiser Prado" маркийн автомашинтай байсан.
Дэлбэрэлт машинд байрлуулсан тэсрэх бөмбөгөөс болсон гэж Мөрдөн байцаах хорооны Москва дахь салбараас мэдэгджээ. Дугина аавынхаа оролцсон лекцээс гэр лүүгээ харьж явсан байна. Энэ дэлбэрэлт нь Александр Дугиныг хөнөөх оролдлого байсан гэх таамаглал ч гараад байна.
Мөрдөн байцаагчид Дугинагийн үхэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Шүүх эмнэлгийн болон тэсрэх бөмбөгийн шинжээчид, мөрдөн байцаагчид хэргийн газарт үзлэг хийж байна.
29 настай Дугина нь Путины түрэмгийллийг дэмждэг байсан гэж "Daily Beast" хуудас мэдээлэв. Украин НАТО-д элссэн тохиолдолд мөхөх болно гэсэн утгатай нийтлэлийнхээ төлөө тэр АНУ-ын хориг арга хэмжээнд ороод байсан.
Түүний аав нь Владимир Путины ойрын холбоотон бөгөөд барууны эсрэг, хэт үндсэрхэг үзлийг сурталчилж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дугиныг "Путины тархи" гэж олон удаа онцолж байсан. Түүний философи нь Путины газар нутгаа тэлэх бодлогыг өдөөж, улмаар Украиныг довтлоход хүргэсэн гэж хэвлэлүүд бичжээ.
АНУ 2015 онд Дугинд хориг арга хэмжээ авсан. Учир нь түүнийг Крымийг Орост нэгтгэсэн хэрэгт оролцсон гэж АНУ үзжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ