"Засгийн газар үнэнтэй эвлэрч, зоригтой шийдвэр гаргах ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

"Засгийн газар үнэнтэй эвлэрч, зоригтой шийдвэр гаргах ёстой"

"Засгийн газар үнэнтэй эвлэрч, зоригтой шийдвэр гаргах ёстой"

Эдийн засагч С.Бямбахорлоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн есдүгээр сараас эдийн засаг сэргэж эхэлдэг. Гэтэл энэ намар эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай биш байна?

-Монголчууд намрын улиралд газар тариалангийнхаа үр шимийг хүртэж, төмс хүнсний ногоо, гурил будаагаа хурааж авдаг. Мал тарга хүчээ авдаг учраас махны үнэ ч буурдаг. Гэтэл инфляци 15 хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ зогсолтгүй өсч байна. Ам.долларын ханш 3200 төгрөг давлаа. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал Монголд нөлөөлж байгаа ч тийм ч таатай зүйл ажиглагдахгүй байна. Саяхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалаар Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулж, тохиролцсон.

Монголын хувьд уул уурхайн экспортоор л орлого олж байгаа шүү дээ. Гэвч нүүрсний экспортыг харахад Монгол Улсын төсөвт суулгасан орлогын төсөөлөл биелэх боломжгүй болчихоод байна.

Төсвийн орлого бүрдэхгүй. Хөгжлийн төлөвлөгөөг санхүүжүүлэх санхүүжилт нь хийгдэхгүй гэсэн үг. Өнөөдөр бид дөнгөж л өөрсдийгөө хувцаслаж, хооллож байна. Тэрнээс биш дараагийн таван жилд яах ёстой вэ гэдэг дунд болон урт хугацааны бодлогогүй болчихоод байна.

-Эдийн засгийг хэрхэн бодлогоор дэмжих вэ?

-Хамгийн гол нь эдийн засгийг солонгоруулах буюу өөр салбаруудаас орлого олдог болох хэрэгтэй. Орлого олдог сувгуудыг нээх бодлогыг сайтар төлөвлөж, хэрэгжүүлэх ёстой. Эдийн засаг солонгорохгүйгээр ганц уул уурхайгаас хараат байх юм бол бахь байдгаараа л байна. Бас олж байгаа орлогоо зөв зарцуулах нь чухал. Гэтэл олж байгаа орлогоо эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр өнөө маргаашаа аргацаах төдий халамжид зарцуулж байгаа нь харамсалтай.

-Арилжааны банкууд цалин, тэтгэвэр гээд бүх төрлийн зээл олголтоо зогсоочихлоо. Эдийн засагчийн хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Инфляци, ам.долларын ханшийг хазаарлах зорилгоор Монголбанкнаас үе шаттайгаар хоёр удаа бодлогын хүүг өсгөсөн. Өнгөрсөн гуравдугаар сард ес, зургадугаар сард 10 хувь болгосон. Бодлогын хүүг өсгөсөнтэй холбоотойгоор зээлийн хүү, хадгаламжийн хүү ч өсч буй. Дээрээс нь арилжааны банкууд эх үүсвэрийн дутагдалд орчихоод, Монголбанкнаас тодорхой хязгаарлалтуудыг тавьж, хүчээр барих гэж байх шиг байна. Мөнгөний нийлүүлэлтийг багасгаж, мөнгөний хэрэгцээг ихэсгэнэ гэсэн үг.

Уг нь бодлогын хүү нэг жилийн үр дүнд гарч ирэх ёстой. Гэтэл гурван сарын хугацаатай хоёр удаагийн өөрчлөлтийг хийсэн. Энэ нь эргээд эдийн засгийг хумих, бодлого болчихдог. Хамгийн гол нь төгрөг тэгж эргэж болох ч орж ирж буй ам.доллар байхгүй учраас ингэх нь зөв гэдэг Монголбанкны бодлого яваад байх шиг байна.

Хэрвээ Монгол Улс гадаад руу олон төрлийн бүтээгдэхүүн экспортолчихдог, өөрсдөө импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол энэ арга нь шууд нөлөөлөх боломжтой. Одоо бол ийм өөрчлөлт харагдахгүй байна.

-Инфляци 15 хувьд хүрсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Зарим  судлаачид инфляци үүнээс өндөр байгаа гэдгийг хэлж буй?

-Би банкинд мөнгөө 12 хувиар байршуулахад инфляци нь 15 хувь байгаа тохиолдолд иргэн гурван хувийн алдагдал хүлээж байгаа юм, бүдүүлгээр хэлбэл. Эдийн засагч хүн ийм юм ярилаа гэх байх. Хүмүүст ойлгуулах үүднээс тайлбарлаж байгаа юм. Нэг ёсондоо банкинд мөнгө хадгалуулахгүй гэсэн үг.

Банк эх үүсвэрээ татаж чадахгүйгээс эргээд зээл олгох боломжгүй болно. Инфляцийн нөлөө хэт өндөр болоод ирэхээр мөнгө хадгалуулах сонирхол иргэдэд байхгүй болсон.

Мөнгөний хэрэглээ хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор өсдөг. Тэр хэмжээний зээл гаргачих хэмжээний эх үүсвэр банкуудад байна уу. Бид маш хурдан хугацаанд зохицуулъя гэвэл нүүрсний экспортоо нэмэгдүүлж, орлого олох боломжуудыг хайх, эргээд олсон орлогоо зөв зүйл рүү зарцуулах шаардлагатай.

-Зөв зүйл гэдэг нь?

-Хувийн хэвшлийн бүтээлч үйлдвэрлэлүүдийг дэмжих хэрэгтэй. Монгол Улс төр гэдэг ганцхан том компанитай болчихлоо. Хэдэн ч төрийн өмчит хувьцаат компанитай болчихов. Бүгд төрийн мэдэлд очиж, тэр сувгуудаар бүх орлогыг олж байна. Төр гэдэг компанийн ТУЗ нь нам, намын боловсон хүчний бодлогоос хамаардаг байх жишээтэй. Тиймээс цаашид хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засгийн чөлөөт бодлогыг хөгжүүлэх хэрэгтэй байна.

Цар тахлаас өмнө Монголын эдийн засагт том нөлөөлдөг байсан зүйл нь зуд байсан. Зуд болохоор эдийн засаг тэр чигээрээ унаж, савладаг байсан. Харин сүүлийн жилүүдэд зуд айхтар нүүрлэхгүй байна. Дээрээс нь ургац хураалтын үед асуудал үүсвэл бас л хүндээр тусна. Энэ бүхний эрсдэлийг сайтар тооцоолох хэрэгтэй.

Засгийн газар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Бид одооноос өвөлжилтийн бэлтгэлийг хангаж эхлэх ёстой. Засгийн газраас масст таалагдах гэсэн шийдвэрүүд нь эдийн засгаа хохироогоод байна. Зарим тохиолдолд Засгийн газар өөрөө үнэнтэй эвлэрч, зоригтой шийдвэрүүд гаргах ёстой л доо. Тэгэхгүй сошиалаар асуудал үүсэхээр гал унтраах арга хэмжээ авдаг баймааргүй байна.

Нэг ёсондоо Засгийн газар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна. Хэлсэн ярьсан болгоноосоо ухарч, “Мэргэжлийн байна” гэж хэлсэн амандаа хүрээгүй. Мөн дээрээс нь хөрөнгө оруулалтын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд юу хийж байгаа нь тодорхой бус байна. Яг эдийн засгийн амин үзүүлэлтүүдийг харахад үр дүнд хүрсэн зүйл харагдахгүй байна. Сайхан зорилт тавьсан ч хэрэгжүүлэх ажлыг нь Засгийн газрын түвшинд огт хийдэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж