Монголын асуудал нь улстөрчид

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Монголын асуудал нь улстөрчид

Монголын асуудал нь улстөрчид

Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд бидний асуудал мундахгүй. Улирал, сар бүрт ундарна. Өвлийн бэлтгэл, хаврын тариалалт, зуны бүтээн байгуулалт, намрын ургац хураалт. Шар нар, бор хоногуудад байнга л энэ эргэлтэд бид амьдардаг ч тэрхүү мөчлөг болгонд тэвдэн сандарч, төрийн зүгээс тодорхой шийдэлд хүрэхийг иргэд анхааруулдаг. Харамсалтай нь, бодлого шийдвэр нь аргацаасан, заримдаа бүр гай болох нь энүүхэнд.

Ургац хураалт удахгүй эхэлнэ. Гэвч түлшний үнийн өсөлт тариаланчдын толгойны өвчин болжээ. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг тэдний заримд тариа, ногооныхоо гарцаас хамаарч ургацаа хураах уу эсвэл хаях уу гэх хүндхэн сонголт тулгарч буй сурагтай. Улаан буудайн үнэ өсөх нь нэгэнтэй тодорхой болчихлоо. Түүнийг дагаад гурил, талхнаасаа эхлээд үнэ өснө. Мэдээж гарц муу байгаа бол өндөр үнэтэй түлш зарцуулж жаахан юм авснаас талбайгаа орхисон нь алдагдал бага хүлээх бололтой. Түлшний үнийн өсөлт ганц газар, тариалангийнхнын асуудал биш. Өндөр үнээр ургац тааруу авбал эцсийн дүндээ иргэд л үнийг нь төлөх болно.

Хичээлийн шинэ жил ганц долоо хоногийн дараа эхэлнэ. Санхүүгийн боломж тааруу байгаа эцэг, эхчүүд хүүхдийн хичээлийн бэлтгэлээ арай гэж базааж, амьтан хүнээс зээл тавин болгохоор будилж сууна. Золоор бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэж буй ч хоолны мөнгөний зардлын хагасыг эцэг, эхчүүд төлөх хариуцлага ноогдох бололтой. Хүүхдээ өлсгөснөөс талыг нь төлөөд шим тэжээлтэй хоол өгөх сонирхол бүгдэд байлгүй яах вэ? Гэхдээ тоолдог хэд нь харин яах бол…

Эдийн засгийн байдал тун чиг ярвигтай байгааг албаныхан хэлээгүй ч албан статистикууд харуулаад байна. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2,1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, Монголд вапютын нөөц улам бүр багасч, төгрөгийн ханш унасаар байна.

Хэрэвзээ энэхүү үзүүлэлт ашигтай гарвал валютын нөөц ихсэж, төлбөрийн чадвар сайжирч, төгрөгийн ханш чангарах талаар эдийн засагчид учирладаг. Харамсалтай нь 2017 оноос хойш энэ тэнцэл байнга алдагдалтай гарч ирсэн төдийгүй хамгийн сүүлд гэхэд л тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Ерөнхий сайдын хэлдгээр “амаргүй” үе ч гэлээ бидэнд жилийн 365 хоног амар заяа үзсэн нь ховор. Цар тахлын аюул холдоогүй талаар сүүлийн үед сануулах болсон ч баяр, наадам тэмдэглэж, бүх аймаг тэгш ойгоо тэмдэглэсэн өдрүүдэд цар тахлын тоон үзүүлэлт төдийлөн өсөөгүй атлаа одоо айдаст автуулааад буй эрхгүй эргэлзэхэд хүргэнэ. МАН-ын 100 жилийн ойг “Эх орончдын өдөр”-өөр сүр дуулиантай тэмдэглэснээс хойш халдварын тоо мянга давсан нь бас л баримт.

Тахлын хажуугаар удахгүй улаанбаатарчууд уушгаа хорт утаагаар утуулж эхэлнэ. Эрх баригчдын нүдэнд үзэгдэхгүй болсноос биш энгийн иргэдэд утаа бодитоор  байсаар буй. Хоёр жил гэртээ хоригдож, утаагаар амьсгалаагүй учраас тэд иргэдийг үзэх нүдгүй, үнэртэх хамаргүй мэтээр аашилж байсан ч энэ удаад үнэнд гүйцэгдэх нь гарцаагүй. Нийслэлчүүд нүүрсийг буталж, цавуудаж түлдэг болсноос бус огт түлэхээ больчоогүй. Дээр нь, байнга эрчим хүчний хамааралтай хэвээрээ байгаа. Цахилгаан станцуудынхаа ээлжит засварыг хийсэн ч насжилт өндөр, байнга дутуугаа Оросоос авч ирсэн эрчим хүчний хомсдол энэ удаад ч бидэнд заналхийлэх л болно. Гал алдахгүй гэх баталгаа байхгүйг салбарынхан нь сануулсаар ирсэн нь гашуун ч үнэн.

..Есдүгээр сард ажил эхэлэхэд түгжрэлд тэг зогсолт хийхэд бэлэн байна. Гэтэл эрх баригчдын санааг чилээж, сэтгэлийн зовоосон асуудал нь энэ бүхэн огтоос биш бөгөөд эрх мэдэл, албан тушаалаа нэмэгдүүлэхээр Үндсэн хуульд хүртэл халдаж, давхар дээлээ өмсөхөөр улайран УИХ-ын ээлжит бус чуулганаа эхлүүлж байна.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдол, ажилгүйдэл гээд шийдвэрлэх ёстой үй олон асуудлын гол буруутан нь бодлогогүй төр, түүний түшээд болоод хувирчихлаа.

Асуудал гармагц байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй болсон хүчин рүү зургаан жил бурууг чихэж, гал унтраах байдлаар арга хэмжээ авч ирсэн нь хуримтлагдсаар бүх үзүүлэлт хасах гарахад хүргэв. Гэтэл эл асуудлаа ээлж дараалан барьж авах ёстой эрх баригчид давхар дээлийн төлөө ичихгүй ээлжит бус чуулганыг зарлалаа.

Монголын хамгийн том асуудал нь эрх баригчид, улстөрчид болон хувирчихлаа. Хэрэвзээ тэдний аманд багтаж, асуудлыг шийдвэрлэхийг сануулж, шаардахгүй бол бидний асуудал улам л нэмэгдсээр байх нь. Шүүмжилсэн болгоныг троллуудаараа дайруулж, иргэдийн санаа бодлыг эргүүлнэ гэж эндүүрэх нь өөрсдийгөө л хуурсан тэнэглэл билээ. Сүх далайтал үхэр амгалан гэдэг байх аа?! Монголчуудын олон олон асуудал оновчтой шийдвэр, гарц гаргалгаа хүлээгээд зуун задгай, жаран хагархай хүлээж байна. Харин түүнийг шийдэх үүрэг хүлээгдсэд өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэх гээд завгүй…

Хуучны коммунистуудын үлдэгдэгдлүүд төрөл арилжихаараа хамгийн хорлонтой бэрд болдог бололтой. Шинэ цагийн хуурамч ардчилагчид ч өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсээр нэг харахнээ Монгол Улсад хууль байгаа ч хэсэгхэн хүний амь нас, эрүүл мэнд, ашиг сонирхлыг ард түмнээс хамгаалахын тулд үйлчилдэг. Төрийн байгууллагууд бий ч иргэдийн бус эрх мэдэлтний ашиг сонирхол, сан хөмрөгийг зузаатгах институт болон хувирав.

Өнөөдөр Монголд 100 гаруй улстөрч, тэдний хань хамсаатан 200 бизнес бүлэглэл, Н.Энхбаярын орчуулснаар хэдэн зуун бөгс долоогчид л сайхан амьдарч байна. Тэдний балгаар хөгжил, ирээдүй, сайхан амьдрал, эдийн засгийн өсөлт гээд эерэг үгс бүхэн цаанаа ёозгүй сонсогддог боллоо. Гэтэл үр, ач нартаа үлгэр яриад сууж байх ёстой тэтгэврийн хөгшид зонхилогч болсон хэвээрээ. Өмнө нь та нар хангалттай идэж, уусан, одоо миний ээлж гэсэн сэтэхүйгээр ээлжит чуулганы ичгүүр тодрох бол өшөө ихийг эрхэндээ оруулах гэсэндээ эсэргүүцснээр өрсөлдөгчид нь илэрнэ. Тэднийг толгой дээрээ гаргаад тонгочуулж байгаа нь л бидний асуудал. Урваач, шарваачид үеийн үед байж л байдаг. Тиймээс тэднийг тоох хэрэггүй. Монголын хамгийн асуудал эрх баригчид, түүнээс төрсөн улстөрчид болчихлоо.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж