Улс орны асуудалд бус улс төрд яарсан ээлжит бус!

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улс орны асуудалд бус улс төрд яарсан ээлжит бус!

Улс орны асуудалд бус улс төрд яарсан ээлжит бус!

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар эрх баригчид ээлжит бус чуулганаа зарлав. Үндсэн хуулийн Цэцээр “давхар дээл” өмсөх эрхээ олгуулсан тэд эрх мэдэлдээ яаравчлан ээлжит бус чуулганаа зарлав. Угтаа бол намрын чуулган нэг сар гаруй хугацааны дараа эхлэх учиртай. Тэгвэл энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал, цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсохоор төлөвлөжээ. Үндэсний аюулгүй байдлын мэдээлэл нь гадаад бодлоготой холбоотой байх болов уу гэсэн таамаг бий. Харин нөгөө нэг анхаарал татаж буй асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх учраас парламент энэ удаад ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлнэ гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “давхар дээл”-тэй сайд нарынхаа тоог нэмэх заалт оруулсны дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орно. Процессын хувьд  ч ингэж байж парламент, гүйцэтгэх засаглал хоёрын хүсэл, “тохироо” цааш үргэлжлэх ёстой.

Ээлжит бус чуулган зарласантай зэрэгцэж Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүдийг танилцуулав. Онцолбол, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас нэг хувиар нэмэгдсэн, уул уурхай, барилгын салбар агшсан, ам.доллар хомсдолд орж, төгрөг үнэгүйджээ.

Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 15.7 хувь, өмнөх оны эцсээс 10.6 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өсчээ. Гол нөлөөлөгч нь хүнсний бараа,  хувцас, бөс бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, тээврийн салбарын үнэ голлон нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэрэглэдэг бүх л бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэсэн үг.

Ялангуяа хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор наймдугаар сар хамгийн их хэрэглээний салбарт “цус сэлбэдэг”. Гэхдээ энэ жилийн хувьд орлого буурсан, иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан гэдгийг худалдаачид ам уралдан ярих болсон.

Ам.долларын  олдоц хомсдож, 3200 давжээ. Зуны хугацаанд хамгийн их орлоготой салбар болох уул уурхайн салбар нь орлого нь огцом буурч, хилийн нэвтрэлт буурсан зэргээс шалтгаалж 3,7 хувиар агшжээ. Нэгэнт орлого буурчихсан, иргэдийн амьжиргаа хүнд, дээрээс нь арилжааны банкууд ямар ч төрлийн зээл олгохгүй. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл, сургалтын төлбөрөө тэтгэвэр, цалингийн зээл аваад төлчихдөг байсан бол арилжааны банкууд зээл гаргахгүй хоёр сарын нүүр үзэж байна. Цалин, тэтгэвэр, бизнесийн зээл олгохгүй үед орлогогүй болсон иргэд яах ёстой вэ. Энэ мэтчилэн тоочоод байвал нийгэм, эдийн засагт шийдэх ёстой, гарц гаргалгаа, төрийн бодлого, парламентаараа хэлэлцэх олон асуудал бий. Шри-Ланкын араас Монгол Улс орох уу хэмээн гадны шинжээчид бичиж, эдийн засагчид нь төрийн оновчтой бодлого хэрэгтэйг сануулсаар байна.  Зарим эдийн засагчид "Эдийн засгийн өсөлт нэг хувьтай, төсвийн алдагдал, гадаад худалдааны тэнцэл алдагдаж байгаа учраас шат дараалсан арга хэмжээг авах шаардлагатай. УИХ-аасаа, бодлогоосоо эхлээд өрийн стратеги нь болохгүй байна. Зөвхөн гадаад өрийн асуудал дээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо нь ажиллаж, тусгайлан ярих ёстой" гэдгийг ч сануулаад буй. Гэтэл зуны хугацаанд найр, наадам хэсч, амарч байсан төрийн түшээд маань гэнэтхэн л улс төрийн халууралд "умбах" болов.

Гэхдээ парламент, УИХ-ын гишүүд нь иргэдийнхээ, улс орныхоо чухал асуудлын төлөө бус “зөвхөн” эрх мэдлийн төлөө ээлжит бусаар хуралдах гэж байна. Гурван жилийн өмнөх өөрчлөлтөө хөндөхөөр УИХ-ын гишүүд нь улайрч байна.  Мэдээж, Үндсэн хуульд засч, сайжруулах, сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх, олон төсөвтэй, эрх мэдлийн хуваарилалт нь зөв биш явж ирснийг засах ёстой юу гэвэл засах ёстой. Гэхдээ түүний төлөө өнөөдрийн эрх мэдэлдээ улайрхаас илүү covid-19-ийн хямралаасаа өндийж чадаагүй эдийн засгаа, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд төрийн бодлого, хууль тогтоох байгууллага нь ажилладаг, иргэдийн саналаа сонгогдсон төрийн түшээд нь ажилладаг, санаачлага гаргадаг баймаар. Зөвхөн сонгууль дөхөхөөр тойрогтоо гурил будаа тарааж, хэдэн уулзалт хийдэг парламентын гишүүн бол гэж сонгогчид саналаа өгсөн үү гэдгийг асууя, УИХ-ын гишүүдээс.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж