Нэг сурагч дунджаар 150 мянгаар хичээлдээ бэлдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.22-нд нийтлэгдсэн

Нэг сурагч дунджаар 150 мянгаар хичээлдээ бэлдэнэ

Нэг сурагч дунджаар 150 мянгаар хичээлдээ бэлдэнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд арав хүрэхгүй хоног үлджээ. Энэ жилийн тухайд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хичээлийн хэрэгслийг ч мөн тойрсонгүй. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлага эцэг эхчүүдэд тулгардаг. Тухайлбал, олон хүүхэдтэй айл өрхөд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангана гэдэг “амаргүй даваа” байдаг. Тэр тусмаа эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед хүмүүсийн худалдан авах чадамж эрс буурсан нь нууц биш. Иймээс хичээлийн хэрэгслийн үнэ ханш болон, иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг сурвалжиллаа.

ДЭВТЭР 100-150 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

“Нарантуул” худалдааны төвд 15:00 цаг орчимд хүний хөдөлгөөн ихтэй байлаа. Голцуу эцэг эхчүүд, хүүхдээ дагуулан шинэ дүрэмт хувцас, цүнх үзэж байна. Энэ жилийн тухайд дэвтэр, цүнх, үзэг балны үнэ бага зэрэг нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жил 12 хуудастай дэвтэр 200 төгрөг байсан бол энэ жил 350 төгрөгөөр худалдаалж байна. Өөрөөр хэлбэл 12 хуудастай дэвтэр 100-150 төгрөгөөр нэмэгджээ. Энэ талаар худалдагчаас тодруулбал, цар тахал, Эрээний хил хаасантай холбогдуулан дотооддын үйлдвэрлэгчид үнээ нэмсэн. Тиймээс үнээ нэмэхээс өөр аргагүй” гэлээ.

Өөр нэгэн лангуугаар орвол дэвтэр мөн л дэвтэр 250-350 төгрөг байлаа.

  •  24 хуудастай дэвтэр 550 төгрөг,
  • 32 хуудастай дэвтэр 650 төгрөг,
  • 48 хуудастай дэвтэр 980-1000 төгрөг,
  • 60 хуудастай дэвтэр  1200 төгрөг,
  • 96 хуудастай дэвтэр 1400 төгрөгөөр худалдаалж байна.

Харин үзэг бал сонголтоор 500 төгрөгөөс эхлүүлээд 2000 төгрөгийн орчимд худалдаалж байлаа. Үүнээс гадна нэгдүгээр ангид орох хүүхдүүд цүнх хамгийн их асууж байгаа гэнэ. Цүнхний тухайд 40-110 мянган төгрөгөөр худалаалж  байна. Мэдээж хүүхдийн нуруунд даац өгөхгүй хэлбэр, өнгө үзэмжээс хамаараад ийнхүү хэлбэлзэх аж. Баримлын шавар, өнгийн харандаа, пламастер 3000  төгрөгөөс эхэлж байна. Усан будаг, тодруулагч сонголтоос хамаарч 5000-12000 төгрөгийн хооронд байлаа.

НЭГ ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛД 80-150 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАГДАЖ БАЙНА 

Хичээлийн хэрэглэлийн үнийн талаар худалдагч Т.Энхцэцэгээс тодруулбал “Үнийн хувьд огцом нэмэгдсэн зүйлгүй. Нэг хүүхдийн бэлтгэлийг хангахад 80-150 мянган төгрөг зарцуулж байна. Хэд хоногийн өмнө Эрээний хил нээгдсэн сураг дуулдаж, ачаагаа хурдхан авах нь гэж горьдож суулаа. Гэтэл өнөөдөр дахиад хаагдчихлаа. Хичээлийн хэрэглэл сезоны бараа байдаг тул, найман сарын сүүл хүрээд л хүмүүс сонирхохгүй. Тиймээс энэ хугацаанд бараагаа зарахыг бодож байгаа  ч санасныг хүртэл авахгүй байна” гэлээ.

Худалдагч А.Мөнгөнчимэг “Гадуур юмны үнэ өссөн сургаар наймаачид янз бүрээр л бараагаа зарж байна. Гэхдээ энд олон жил суусан хүмүүс яг л үнээр нь зардаг. Харин түр түрээслэгчид үнээ нэмэх тохиолдол байдаг. Хүмүүс жижиг барааны үнэ асуудаггүй. Байнга дэвтэрний үнэ асуудаг учраас тэрэн дээр нь “тоглолт” хийдэг. Тиймээс иргэд  дэвтэр гэлтгүй юм авахдаа сайн явж судалж байж авах хэрэгтэй.  Зарим нэг овсгоотой хүмүүс үнийн судалгаа хийж харьцуулж байгаад  авдаг л юм. Гэхдээ тийм хүн ховор доо. Ихэнх хүмүүс захын хаалгаар орж ирээд эхний лангуунаас л юмнуудаа авч харагддаг” гэв.  Цаашилбал, лангуун дээр өрөөстэй цүнхнүүд өнгө загвар, зориулалтын хувьд түмэн янз. Охин хүүхдийн цүнх мэдээж ягаан өнгө илүү давамгайлсан байх агаад “Disney” баатруудын зурагтай. Харин хөвгүүдийн цүнх хар хөх өнгөтэй, машины зурагтай байх нь түгээмэл. Үнийн хувьд загвар, цүнхний том жижгээс хамаараад 65-80 мянган төгрөгийн хооронд байсан бол ахлах ангийн хүүхдүүдийн цүнх гэвэл арьсан үүргэвч давамгайлж, худалдаанд ихээр гарсан харагдана. Үнийн хувьд 60 мянган төгрөгөөс эхэлнэ.

ХҮҮХДИЙНХЭЭ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛД САРЫН ЦАЛИН Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА

Иргэдийн хувьд үнийн өсөлт том дарамт болж буй. Тухайлбал, бидэнтэй таарсан иргэн Б.Ариунсайхан хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулж байлаа. Тэрбээр “Мөнгөний ханш маш их унажээ. Өмнө нь 200 мянгад хүүхдийнхээ дүрэмт хувцас, цүнх дэвтэрийг “дөнгөчихдөг” байсан бол энэ жил дүрэмт хувцас, цүнхний үнэ нэлээд өсчээ. Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл цуглуулахад 100 мянган төгрөг болж байна. Манайх ам бүл дөрвүүлээ. Цалин хүүхдийн хичээлийн хэрэглэлд зарцуулаад дууслаа. Цаана нь хоол, хүнс, бензин тосны мөнгөө зохицуулахад хэцүү болж байна” гэлээ.

А.Отгонтөгс “Дэвтрийн үнэ нэмэгдсэн байна. Жишээ нь 24 хуудастай дэвтэр 550 төгрөг болсон байна. Өмнө нь 450 төгрөг байсан. Манайх ам бүл дөрвүүлээ. Ар гэрийн боломждоо тааруулаад хичээлийн бэлтгэлээ 100-200 мянган төгрөгт багтаадаг. Нийт сая төгрөг зарцуулдаг даа. Аав ээжийн нэг сарын цалин тэр чигтээ хичээлийн бэлтгэлд зарцуулагддаг".

А.Даваасүрэн “Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулаад явж байна. Бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ маш их нэмэгдсэн байна. Иргэд ажил, амьдралаа яаж ийгээд болгож байгаа ч үнийн өсөлтөд дарлуулж байна. Хүүхэд яг ийм бүтээгдэхүүн авна гэсний дагуу наймаачид үнийг нь нэмчхэж байгаа юм. Арай нэг гайгүй материалтай цүнх авахад 100 мянган төгрөг байна. Нийтдээ хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд 500 мянган төгрөг зарцуулагдах юм байна”гэв. Ийнхүү Нарантуул захаас гарч, бусад төвүүдээр үнийн ажиглалт хийлээ. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Бөмбөгөр, Хороолол, Циркийн урд тал, Тэнгисийн задгай талбайд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарчээ.

“Аса” циркийн задгай талбайн үзэсгэлэн худалдаагаар орвол “Өүлэн” брэндийн сурагчийн дүрэмт хувцас, Улаанбаатар Принтийн дэвтэр, 5000 нэр төрлийн бичиг хэрэглэл, “Delune”,  “Golove”, “Disney” брендийн сурагчийн цүнх худалдаалж байна. Ихэвчлэн хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд цүнх, сурагчийн дүрэмт хувцсыг  сонирхон асууж байлаа. “Нарантуул” захыг бодвол эндхийн дэвтэр, цүнхний үнэ нэг дахин үнэтэй байлаа. Жишээ нь нэгдүгээр ангийн хүүхдийн  үүргэвч дунджаар 80 мянган төгрөгөөс 130 мянган төгрөг байлаа.

Энэ хичээлийн жилд заавал шинэ форм өмсөх шаардлагагүйг Боловсролын яамны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн бэлтгэл олон хүүхэдтэй өрхөд хүндхэн тусдаг. Иймээс эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед эцэг эхчүүдээ бодолцож, заавал сурагчийн дүрэмт хувцас гэхгүй боломжоороо өмсөхийг уриалж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж