Үгсэн хуйвалдагчдыг илрүүлсэн ч үр дүнд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Үгсэн хуйвалдагчдыг илрүүлсэн ч үр дүнд хүрсэнгүй

ЗАЛУУ ЛИДЕРҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт гойд гэхээр онцлог үйл явдал болсонгүй. Гэхдээ зайлшгүй тэмдэглэх шаардлагатай хэд хэдэн зүйл бий. Жишээ нь, энэ сарын 14-19-нд Зүүн хойд Азийн Залуу лидерүүдийн сургалт, судалгааны тав дахь удаагийн хөтөлбөр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн “Алтан аргамж” танхимд нээлтээ хийлээ. Залуу лидерүүдийн хөтөлбөрийг 2006 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцсан бүс нутгийн оюутнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал олгодог юм. Мөн уг хөтөлбөр нь залууст Хойд Америк болон Зүүн хойд Азийн орнуудын нийгэм, эдийн засаг, улс төрийн талаарх мэдлэг олгох, бүсийн болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөвт залуу удирдагчдын анхаарлыг хандуулах гол зорилготой байдаг. Энэхүү арга хэмжээг энэ сарын 26-27-нд манай улсад болох Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын хүрээнд зохион байгуулсан юм. Тус форум нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ, яриа хэлэлцээр хийх гол зорилготой байдаг. Монгол Улсын байгалийн баялгийн тухай мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрт хүрч, тэр хэмжээгээр улс, тив алгассан хөрөнгө оруулагчдын анхаарал өөрийн эрхгүй нааш чиглэж байгаа энэ үед форумыг зохион байгуулагчид болоод манай төр засгийнхан ч дээрх сэдэвт ихээхэн ач холбогдол өгч буй нь тодорхой. Тухайлбал, хуралдааны нээлтэд манай улсаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нар оролцох бол БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсын нэр хүндтэй албаны төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна.     

ХУЙВАЛДВАЛ АШИГТАЙ

Үндэсний үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, гурилын үнэ нэмснийг тогтоосон нь өнгөрсөн долоо хоногт болсон чухал үйл явдлын нэг яах аргагүй мөн байв. Харин авсан арга хэмжээний тухайд бол дэндүү инээдтэй гэхэд болно. Уг нь Өрсөлдөөний тухай шинэ хуулиар бол тэдний үнэ нэмснээс хойш олсон нийт ашгийн зургаан хувийг хураан авах ёстой. Гэвч яг хуйвалдаж байх үед нь шинэ хууль хүчин төгөлдөр болж амжаагүй байсан гэдэг үндэслэлээр “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Милл хаус”, “Алейск импекс” компаниудыг хуучин хуулийн дагуу ердөө 250-хан мянган төгрөгөөр торгоод өнгөрөв. Өдөрт хэдэн арван саяын ашиг олдог том компаниудын хувьд энэ нь ёстой л “Сахлын будаа”  байсан нь ойлгомжтой. Тэд анх үгсэн тохиролцохдоо гурилын үнийг килограмм тутамд нь 70 төгрөгөөр нэмсэн байдаг. Гэтэл явцын дунд зарим нь бүр оодорсон байгаа юм. Жишээ нь, “Алтан тариа” ХК л гэхэд ганцаараа 130-160 хүртэл төгрөгөөр гурилынхаа үнийг өсгөсөн нь тогтоогдсон. Хэн буруутай нь мэдэгдэхгүй, хэрэглэгчид л хохироод өнгөрөх гэж байсныг бодвол “зохих” арга хэмжээ авч чадсан нь сайн хэрэг. Гэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Шинэ хуультай болсон юм чинь…” гэж тайвширч боломжгүй санагдана. Үгсэн хуйвалдаж олсон ашгийн ердөө зургаахан хувийг нь аваад хэн хожих юм бэ. Монголд хуулийн дагуу явсан ч 94 хувийн ашигтай бизнес, наймаа гэж байх уу. Харин хууль зөрчвөл ийм ашиг олох нь байна шүү дээ.

ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЗОХИЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАВ

ОХУ-аас импортлох зарим төрлийн шатахууны үнэ өнгөрсөн долоо хоногт нэмэгдсэн. Тодруулбал, А-80 автобензиний үнэ тонн тутамдаа 68 ам.доллараар нэмэгдсэн юм. Энэхүү өсөлтөөс үүдэн жижиглэнгийн үнэд өөрчлөлт орох магадлал өндөр байсан тул Засгийн газар лхагва гарагийн хуралдаанаараа энэ асуудлыг авч хэлэлцэн уг төрлийн бүтээгдэхүүний Онцгой албан татварыг 70 мянган төгрөгөөр хямдруулах шийдвэр гаргав. Харин бусад төрлийн шатахууны үнэд өөрчлөлт ороогүй учир татварын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй юм. Энэ талаар Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амараа “Засгийн газрын авсан арга хэмжээний үр дүнд жижиглэнгийн үнэд ямар нэгэн өөрчлөлт орох учиргүй” гэсэн тайлбар өглөө. Ер нь энэ намар шатахууны үнэ өсөхгүй байх боломжтой юм байна. Яагаад гэвэл нөөц хангалттай байгаа. Гэхдээ “Роснефть” компани ямар шийд гаргахаас хамаарч АИ-92 бензинээс бусад төрлийн шатахуунд хомсдол үүсч болзошгүйг сануулж байсан. Тиймээс хомсдол үүсгэхгүйн тулд одооноос импортлогч болон экспортлогчидтой яриа хэлэлцээ хийж байгаагаа холбогдох албаныхан хэлж байгаа юм. Одоогийн байдлаар манай улсын шатахуун импортлогч компаниудад 20 хоногийн нөөц байгаа. Харин вагоны ачаа тээвэрлэлт улирлын чанартай нэмэгддэг учраас ирэх сард бензиний нийлүүлэлт саарч болзошгүйг ч бас анхааруулж байв. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт импортын үнэд орсон бага зэргийн өөрчлөлтөөс үүдэн хэрэглэгчдийн худалдан авах үнэ өсөхгүй гэсэн баталгааг Засгийн газар өгч байна.

МОНГОЛЫН “ТООЧИД” ЧУУЛЛАА

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л тооцоо, судалгааг хийдэг чухал үүрэг бүхий институци болох статистикчид өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд үндэсний зөвлөгөөн зохион байгууллаа. “Статистик-2010” үндэсний зөвлөгөөнд хот, хөдөөгийн 120 гаруй мэргэжилтэн оролцож, статистикийн мэдээ, тайлан гаргалт, тооллого, судалгаа шинжилгээний арга зүй, олон улсад мөрдөж байгаа арга, аргачлалын талаар мэдээлэл солилцсон. Энэ онд улсын хэмжээнд хүн ам, орон сууцны, ирэх онд хөдөө аж ахуйн тооллого болох учиртай. Тэгвэл энэ удаагийн үндэсний зөвлөгөөн дээрх ажлыг бэлтгэлийг хангах, орон нутгийн статистикчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх зорилготой аж. Энэ ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо мэргэжилтнүүдийнхээ англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жилийн турш онлайн сургалт зохион байгуулахаар болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт болсон зөвлөгөөний үеэр энэ ажлыг албан ёсоор эхлүүлсэн юм. Ингэснээр орон нутагт ажиллаж буй статистикийн мэргэжилтнүүд заавал хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдаж ийш тийш явалгүйгээр байгаа газраа мэдлэгээ дээшлүүлэх боломж бүрдэх юм байна.   

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж