Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн Баасан гаригт дээд боловсролын байгууллагын чанар, стандартад анхаарч ажиллана. Түүний эхлэл болгож чанаргүй, сургалтын орчин нөхцөлийг хангаагүй дээд боловсролын зарим сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж, хааж байгаагаа мэдэгдсэн.
Учир нь энэ хичээлийн жилд нийт 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцах статистик бий. Эдгээр оюутнуудын 103 мянга нь улсын томоохон их сургуульд суралцах бол 1600 буюу нэг хувь нь стандарт бус 13 дээд сургууль, коллежид суралцах тов гарсан байна.
Иймд багш боловсон хүчин, сургуулийн зориулалтын байр зэрэг шаардлага хангахгүй учраас зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Тэгвэл нэр заасан сургалтын байгууллагууд тус шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бол бүртгүүлсэн, суралцаж байгаа оюутнуудыг шилжүүлэх эсэхийг холбогдож тодрууллаа.
ГАЗАРЧИН, МАРГАД ДЭЭД СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Газарчин дээд сургуультай холбогдоход “Бүртгэл хэвийн үргэлжилж байна. Манай сургууль 1995 онд үүсгэн байгуулагдаж, 2024 он хүртэл магадлан итгэмжлэгдэж, аттестатчилагдсан. Бидэнд яамнаас ямар нэгэн албан бичиг ирээгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч буй мэдээллийн талаар яам мэдэгдээгүй. Бүртгэл хэвийн үргэлжилж, оюутнуудаа ч авна” гэлээ. Газарчин Дээд Сургууль нь 3 дахь шатанд магадлан итгэмжлэгдсэн, аттестачлагдсан буюу АНУ-н бизнесийн сургуулиудын магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-д анхдагч, Ази, Номхон далайн дээд боловсролын чанарын сүлжээ (APQN)-д гишүүн сургууль бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилийн оюутны элсэлтийг хаах нөхцөл бүрдээгүйг онцоллоо.
Тус сургууль нь аялал жуулчлал, боловсрол судлал, эдийн засаг, инженерийн чиглэлийн 30 гаруй мэргэжлээр бакалаврын мэргэжлүүдийг санал болгож байгаа аж.
Хаяг: БЗД, 16-р хороолол, 19 дүгээр хороо, Газарчин Хотхон, Газарчин дээд сургууль
Харин Маргад дээд сургуультай холбогдоход мөн л бүртгэл үргэлжилж байна. Бид цөөн тооны оюутанд чанартай боловсрол олгодог. Төлбөрийн хувьд 2,5 сая төгрөг. Одоогоор бүртгэл дуусаагүй учраас хичээл ирэх сарын 1-нд эхлэхгүй байх. Ойролцоогоор долоо хоног хойшилж магадгүй гэх хариулт өглөө. Мөн сургалтын орчин нөхцөл стандартын дагуу бөгөөд багш боловсон хүчний тухайд ч асуудалгүй гэв.
Тус дээд сургууль байгалийн ухаан, бага анги, цэцэрлэгийн багш, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, барилгын инженер зэрэг хөтөлбөрөөр элсэлт авч байна.
Маргад сургууль 19 дэх жилдээ тусгай зөвшөөрлийн шаардлагын дагуу бакалавр, магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд 400 гаруй оюутан, үндсэн 32 багштай аж.
Хаяг: Орхон аймаг, Эрдэнэт хот Уурхайчин баг, III микро район
ТҮШЭЭ, ДАЛАЙ ВАН ДЭЭД СУРГУУЛЬ ИДЭР ИХ СУРГУУЛЬТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭГТГЭСЭН
Түшээ дээд сургууль нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анх Хуульч-эдийн засагч гэсэн хосолсон мэргэжлээр элсэлт авч байсан хамгийн анхны хувийн ууган сургуулиудын нэг аж. Өдгөө нийт 24 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 1600 гаруй оюутан төгссөнөөс нийт төгсөгчдийн 80 хувь нь төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байгаа аж. Тус сургууль 2005 онд анх магадлан итгэмжлэгдэж, 2011 онд 10 жилийн хугацаатай 2021 он хүртэл хоёр дахь удаа магадлан итгэмжлэгдсэн, аттестатчилагдсан сургууль аж.
Тус сургууль Идэр их сургуультай үйл ажиллагаагаа нэгтгэсэн учир бүртгэлийг цахимаар болон биечлэн очиж хийлгэх боломжтой гэлээ.
Харин Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургуультай холбогдоход үйл ажиллагаа зогсоосон зүйл байхгүй. Бүртгэлээ аваад явж байна. Хичээл ч мөн хугацааны дагуу хэвийн орно гэх хариулт өгөв.
МОНГОЛЫН МЕНЕЖМЕНТ, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БҮРТГЭЛ АВАХГҮЙ, ОЮУТНУУДЫГ ШИЛЖҮҮЛЭХ ЭСЭХ ШИЙДВЭР ГАРААГҮЙ ГЭВ
Монголын менежмент, технологийн дээд сургуультай холбогдоход бүртгэл авахгүй гэлээ. Тэгвэл суралцагч болон бүртгүүлээд байгаа оюутнуудыг аль сургуульд шилжүүлэх вэ? гэсэн асуултад одоогоор ямар ч албан шийдвэр гараагүй. Тиймээс урьтаж мэдээлэл өгөх боломжгүй. Багш ажилчдын асуудал ч мөн яригдана гэв.
Харин олон улсын тодотголтой дээд сургууль, коллежуудтай холбогдож тодруулахыг хүссэн боловч шийдвэр, мэдээлэл албажаагүй байхад хариу өгөхөөс татгалзлаа.
Тухайлбал, Номэра дээд сургууль, Рафлекс олон улсын институтын Улаанбаатар дахь салбар сургууль мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Одоогоор эдгээр сургуулиудын бүртгэл дууссан байна. Харин бүртгүүлсэн хүүхдүүдийг шилжүүлэх, сургах эсэх шийд гараагүй байгаа аж.
ЗҮҮН ХҮРЭЭ КОЛЛЕЖ, ЧИНГИС ХААН ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ЦАХИМААР Ч ХОЛБОГДОХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ
Дашчойлин хийдийн дэргэдэх Зүүн Хүрээ коллеж "Философи-Буддын гүн ухаан", Хэл шинжлэл-Дорно дахины харьцуулсан хэл шинжлэл" чиглэлээр бакалаврын дөрвөн жилийн сургалтад элсэлт авдаг. Жилд дунджаар 10-15 оюутан авдаг тус сургууль энэ жил бүртгэл авсан нь тодорхойгүй байна. Учир нь утсаар болон цахимаар холбогдох гэсэн боловч хариу өгсөнгүй.
Харин Чингис хаан дээд сургууль 2011 онд БШУЯ-ны аттестатчилалын шалгуур үзүүлэлтийг ханган биелүүлж аттестатчилагдсан сургууль аж.
Сургалтын орчин үеийн бааз, тохилог хичээлийн байр, биеийн тамирын заал, оюутны дотуур байртайгаар сургалтын үйл ажиллагааг явуулдаг байна. Мөн АНУ-ын Макалестер коллеж, БНСУ-ын Жусон, Инжэ их сургууль, БНХАУ-ын Цицихар, Хөлөнбуйрын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулан ажилладаг бөгөөд цахим бүртгэлээ мөн зогсоожээ. Харин суралцагч оюутнуудыг шилжүүлэх эсэх шийдвэр гараагүй байна.
Бид үйл ажиллагааг нь зогсоохоор мэдэгдээд буй дээд боловсролын байгууллагуудтай холбогдож мэдээллийг тодрууллаа. Ямартай ч дээрх сургуулийн зарим нь бүртгэлээ үргэлжүүлж байгаа бол хэсэг нь өөр сургуультай нэгдэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон байна. Харин Улаанбаатар эрдэм сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль энэ жил элсэлт, сургалтаа хэрхэх нь огт тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ