Өнгөрч буй долоо хоногт Дарханы замтай холбоотой үе, үеийн албан тушаалтнуудыг шалгаж, Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийв. Мөн олон нийтийн төдийгүй улстөрчдийн дунд маргаан дагуулаад байсан давхар дээлийн заалтаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж, Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотой ажлыг гацаасан үндэслэлээр Ховдын Засаг даргыг ажлаас нь чөлөөлсөн зэрэг үйл явдлууд өрнөв. Үүнээс гадна Боловсролын яамнаас нэгдүгээр ангийн бүртгэл эхэлж байгаатай холбоотой авлига авч, тойргийн бус хүүхдүүд авдаг ерөнхий боловсролын сургуулиудыг зарлаж, чанаргүй дээд сургууль, коллежийг хааж байгаагаа ч мэдэгдсэн долоо хоног өнгөрч байна.
Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
АТГ-аас Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Улмаар холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Энэ дагуу наймдугаар сарын 15-нд Зам тээврийн хөгжлийн яамны таван албан тушаалтны албан өрөө болон орон байр гээд нийтдээ 30 гаруй объектод нэгжлэг хийв. АТГ-аас прокурорын зөвшөөрөл авах шаардлагатай тул шалгагдаж байгаа албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэсэн юм.
АТГ-ын шалгалт тус яаманд хоёр цаг гарангийн хугацаанд үргэлжилсэн. Энэ үеэр АТГ-ын өөр нэг албан тушаалтан мэдээлэхдээ, автомашины улсын дугаарыг худалдах дуудлага худалдаа зохион байгуулахдаа өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгасан гэсэн.
Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу АТГ-аас Дарханы замын тендер сонгон шалгаруулахад оролцсон, сонгосон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа юм.
Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг нийтдээ таван хэсэгт хувааж тендер сонгон шалгаруулсан бөгөөд II болон IV хэсгийг цаасан дээрх компани сонгон шалгаруулсан байж болзошгүй гэнэ. Дархан-Улаанбаатар чиглэлийн замын анх 2019 онд эхлүүлж, хэд хэдэн сайдын нүүр үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажилтай газар дээр нь очиж танилцсан. Энэ үеэр тендер шалгаруулалтад оролцсон албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцно хэмээн мэдэгдээд байсан юм.
ҮХЦ: "ДАВХАР ДЭЭЛ"-ИЙН ЗААЛТЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЭВ
"Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзлээ. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 02 дугаар тогтоол гаргасан байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болголоо.
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛЛАА
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцэж үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй биелэсэн буюу Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэр гаргалаа.
Б.Дүгэржав нь Засаг дарга болохоосоо өмнө аймгийн Боловсрол соёлын газрын дарга мөн хувийн хэвшилд барилгын компанийн захирлын алба тус тус хашиж байсан юм.
"ГАЗАРЧИН", "ТҮШЭЭ" ЗЭРЭГ 13 ДЭЭД СУРГУУЛ, КОЛЛЕЖИЙГ ХААВ
Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар наймдугаар сарын 19-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тусгай зөвшөөрлийг цуцалж буй зарим сургуулийн талаар мэдээлэл өгсөн юм.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:
-Энэ хичээлийн жилд нийт 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Эдгээр дээд боловсролын байгууллагуудаас 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг хааж, тусгай зөвшөөрлийг цуцалж байна. Багш боловсон хүчин, сургуулийн зориулалтын байр зэрэг шаардлага хангахгүй учраас зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй. Их, дээд боловсролын байгууллага эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр ажиллар ёстой. Түүнээс 10-20 багштай сургууль подвальд хичээллэнэ гэж байх боломжгүй. Тухайлбал,
- Газарчин дээд сургууль,
- Зүүн хүрээ коллеж,
- Маргад дээд сургууль,
- Монголын менежмент, технологийн дээд сургууль,
- Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль,
- Номэра дээд сургууль
- Рафлекс олон улсын институын Улаанбаатар дахь салбар сургууль,
- Түшээ дээд сургууль,
- Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль,
- Чингис хаан дээд сургууль,
- Улаанбаатар эрдэм сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль
- Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
- Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль зэргийн үйл ажиллагааг бүрэн зогсоож байна.
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.
Холбоотой мэдээ