УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлого нь ч халдашгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлого нь ч халдашгүй

УИХ-ын 76 гишүүн халдашгүй эрхтэй. Тэгвэл тэдний хөрөнгө, орлого ч халдашгүй аж. Эрхэм гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлэгт бичсэн мөнгөн дүн, мал ахуй, компани, унаа тэргийг нягталж үзэх эрх мэдэлтэн Монголд л лав алга. Төрийн жирийн албан хаагчид нэр бүхий компани, нижгээд хөрөнгөө тас мартчихдаг занг нь Авлигатай тэмцэх газар сануулсан жишээ олон. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн гишүүн Б.Хурц, Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Эрдэнэбилэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Т.Батболд нарын албан тушаалтан хөрөнгөө “мартаж” байв. Гэвч тэднийг дээд албан тушаалтан нь цалингийн тодорхой хувиар торгох, эсвэл өөрөө өмнөөс нь 150 мянган төгрөгөөр торгуулах зэргээр арга хэмжээ авсан байдаг. Хөрөнгөө нуусан төрийн албан хаагчдыг хуулийнхан “өвсөн тэжээлтэн” гэж хочилдог юм билээ. Учир нь тэдний цалингаас гадуур олдог орлого нь бага гэнэ. Харин “махан идэштэн” гэгдэх албан тушаалтнууд дээгүүр албан тушаал хашдаг, орлого ихтэй шийдвэр гаргагчид аж. Хуулийнхны нэрлэснээр “Махан идэштэн”-д УИХ-ын гишүүд ормоор янзтай. Ингэж хэлбэл эрхэм гишүүд, төрийн түшээдийг гүтгэсэн хэрэгт унаж магадгүй. Гэхдээ олсон орлого, өөрт байгаа хөрөнгөө шалгуулдаггүй тэднийг хардах эрх бий. Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж, хөрөнгө дансыг нь нэг бүрчлэн тооцох гэхээр “УИХ-ын гишүүний халдашгүй байдал”-д халдсан болдог аж. Тийм учраас хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглөх маягт дээр юугаа бичих нь тэдний дур. Эрхэм гишүүд олны хэл амнаас цэрвэж зарим компани, орлогоо нуусан ч байж мэднэ. Бүр төрийн мөнгө хумсалж, тендер будлиулах шаардлагагүй, өөрийн хур хөрөнгөтэй гэдгээ харуулахын тулд тэрбум тэрбумаар нь хөрөнгөө нэмсэн ч байж болно. Тэглээ гээд тэдний бөглөсөн хүснэгтийг нягтлаад шагайчих мэдэлтэй албан тушаалтан байхгүй. Уг нь гишүүдийн халдашгүй эрхийг хойш тавьж, нягтлах үүрэг УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд бий. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүр­мийн хоёрдугаар зүйлийн 2.2.3-т “Гишүүдийн хөрөнгө, орлогын мэ­дүүлэгтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээг Дэд хороо хариуцна” гэж заасан. Энэ үүргээ биелүүлэхээр өнгөрсөн зургадугаар сард Ёс зүйн дэд хороо гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт мониторинг хийх гэж байгаагаа мэдэгдсэн. Үүнийхээ дагуу Авлигатай тэмцэх газраас гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүл­гийг авахаар албан тоот хүртэл илгээсэн байгаа. “Хөрөнгийг нь няг­талж, шалгадаггүй юмаа гэхэд мониторинг хийх нь” гэж сэтгүүлчид онцолж байлаа. Гэвч өнөөг хүртэл монито­рингийн дүнг мэдээлээгүй.

Энэ талаар УИХ дахь Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баяр­сайх­наас тодрууллаа.

-УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт мониторинг хийсэн үү?

-Ёс зүйн дэд хорооны даргын хувьд гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт мониторинг хийхийг дэмжиж байгаа. Бүр мониторинг хийлгэнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа. Ёс зүйн дэд хорооны дүрэмд ч энэ талаар тодорхой заасан. Гэвч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй л байна.

-Яагаад?

-Дэд хороо олонхиороо асуудлыг шийддэг. Миний оруулсан дээрх санал Дэд хорооны хуралдаан дээр дэмжигдээгүй.

-Тэгвэл Ёс зүйн дэд хороо дүрмээ зөрчсөн юм биш үү?

-Зарчмын хувьд хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах ёстой. Тийм ч учраас би дахин санал оруулна. Тэр үед гишүүд дэмжинэ гэж итгэж байна.
УИХ-ын гишүүд өөрт ашиггүй, халгаатай асуудлыг хойш тавьдаг уламжлалаа ийн давтжээ. Тэд хө­рөн­гө, орлогоо нягтлуулахгүй гэсэн нь бас нэг хардлагыг тө­рүүлж байна. Үүнийг батлах мэт ги­шүү­дийн хөрөнгө, орлогыг өм­нөх жилийнхтэй харьцуулахад мэ­­дэг­дэхүйц өссөн байдаг. Өн­гөр­сөн жилийн хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад л эрхэм гишүүд багагүй бэлэг авсан нь тодорхой байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд 95 сая 600 мянган төгрөг бэлгэнд авчээ. Түүнд 100 шахам сая төгрөг бэлэглэсэн эзэн  нь харин тодорхойгүй. Мөн Х.Наранхүү гишүүнд “Эрдэнэт” үйлд­вэрээс “Мерседес Бенз” ав­томашин, Увс аймгийн Тэс су­мын­хан Б.Чойжилсүрэн гишүүнд 800 мян­ган төгрөгийн үнэтэй эмээл бэлэглэсэн байна. “Аяганы хариу өдөр­төө, агтны хариу жилдээ” гэг­чээр эрхэм гишүүд бэлэгийнхээ хариуг ямар нэр аргаар барьсан нь тодорхой. Гэвч түүнийг шалгах эрх хуулиар хориотой гэж байгаа. Нэ­гэнт гишүүдийн хөрөнгө, орлогын мэ­дүүлэг халдашгүй юм чинь тэнд дээр­­хийн адил хардахаар зүйл би­чихгүй байсан ч болно шүү дээ. Тэ­гэхгүй болохоор УИХ-ын гишүүдийг “ав­ли­га авдаг байж мэднэ” гэж хардах гээд л байгаа юм даа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж