
Шинэ хичээлийн жилийн нээлт ойртож, нийслэлийн хөл хөдөлгөөн идэвхижлээ. Ажил, амралтаар хөдөөг зоригсод хүлгийн жолоог их хотын зүг хандуулж, оюутан сурагчид эрдмийн өргөөгөө зорихоор айсуй. Энэ жил их, дээд сургуулиуд нэгдсэн учраас оюутнуудын олонхи нь нийслэлд цуглаж байгаагаар онцлогтой. Хичээлийн шинэ жилийн баяр баясгалантай зэрэгцэн сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, хувцасны өртөг гээд эдийн засгийн дарамтууд иргэдийг бухимдуулсан хэвээр. Зарим нэг нь “Эх орны хишиг”-ийн 10 мянган төгрөг горилон арилжааны банкны босго элээж байгаагаа учирлана. Их, дээд сургуулиуд инфляцитай уралдан сургалтын төлбөрөө нэжгээд хувиар нэмж байгаагаа зарлав. Сургууль, цэцэрлэгийн дуусаагүй засвар, нөхөж, засаагүй зам, хэвлэлтэд ороогүй сурах бичиг, үнэ хөөрөгдсөн бараа бүтээгдэхүүн жилийн жилд сэдэв болдог уламжлалаа дагав. Гэхдээ олон болж бүтэхгүйн дунд сайн мэдээ байсныг ч онцлох хэрэгтэй. Оюутнуудын хувьд “Хонгилын үзүүрт гэрэл харагдах” мэдээг шийдвэр гаргагчид өглөө. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист автомашинаар аялж, малчдын ахуй байдалтай танилцаад ирсэн Ерөнхий сайд амласан амлалт, хэлсэн үгээ ажил хэрэг болгохоор шуурхайллаа. Засгийн газрын хуралдаанаар “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгох нэг сая төгрөгөөр тодорхой хувийг сургалтын төлбөрт оруулах асуудлыг хэрэлцэж шийдвэрт хүрсэн юм. Тодруулбал, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд он дуустал сургалтын төлбөрөө өөрсдөө төлнө. Харин он гаруут “Хүний хөгжил сан”-гаас төлбөрийг нь хийхээр боллоо. Ерөнхий сайд Засгийн газрын дээрх шийдвэрийг ажил хэрэг болгох үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт өгсөн. Оюутнуудыг баярлуулсан энэ мэдээтэй зэрэгцэн Ерөнхий сайд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр оюутнуудад тэтгэлэг олгох тухай төслөө Засгийн газарт хүргүүлэв. Төрийн зүгээс оюутнуудад анхаарч байгааг зарим их, дээд сургуулийн удирдлагууд харин эсэргүүцэж байгаа сураг дуулдсан. Бүр зарим сургуулиудийн удирдлага оюутнуудаа төлбөрөө зуун хувь төл гэж шаардаж байгаа аж. Тэгэхээр оюутнуудад найдвар төрүүлсэн Засгийн газар амлалт ажил хэрэг болтол нэлээд замыг туулах нь тодорхой байна.
Үүнээс гадна Ерөнхий сайдыг орон нутагт ажиллаж байхад иргэд ажлын байр шаардсан аж. Тиймээс Засгийн газар аймаг, орон нутаг, сум, дүүргээр нь квотлон 3300 хүнийг Оюутолгой төслийн хүрээнд сургалтад хамруулахаар боллоо. Сургалтад хамрагдсан иргэдээс шалгалт авч, тэнцсэнийг нь ганц Оюутолгой биш уул уурхайн компаниудад ажилд оруулна гэдгийг салбарын Ё.Отгонбаяр сайд онцолсон.
Засгийн газрын тэргүүн орон нутгаас ирсэн аяны богцоо ийн задалж байх зуурт ардчилагчид орон нутагт буухиалж байна. Ардчилсан намынхан төв, баруун бүсийн чуулга уулзалт зохион байгуулж ирэх УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох төлөвлөгөөгөө хэлэлцээд ирлээ. Тэдний араас Ардчилсан намаас угшилтай Ардчилсан хүний холбооныхон нэхэж явна. Муур хулганы үлгэр шиг нэгийгээ хөөн давхих Ардчилсан нам, Ардчилсан хүчний холбооныхны энэ үйлдэл ардчилагчдын дотоод хямрал туйлдаа хүрснийх гэж улстөрчид дүгнэж байна.
Ардчилсан намынхныг ийн хөдөөгүүр зугаалж, чуулж явах хойгуур тэднийг МАХН-тай нь хамт шүүхэд өгөхөө “Улс үндэстнээ аваръя” нэртэй бүлгэмийнхэн зарлав. О.Лхагвадорж, Г.Дашдэмбэрэл нар эрх баригч хоёр том намынхан нийлж улс үндэстээ мөхөөх гэж байгаад эгдүүцэж буйгаа сэтгүүлчдэд мэдээлсэн нь өнгөрсөн долоо хоногийн хоржоонтой үйл явдлын нэг байлаа.
“Гурил ховордоно, үнэ нь тэнгэрт гарлаа” гэсэн хар мэдээний сургаар Ерөнхий сайд асан С.Баяр “Атрын III” аянаа шалгаад ирлээ. Тэгэхдээ “Бид 300-350 тонн ургац хураахад л хойш хөршөөс гуйхгүйгээр хүнсний хэрэгцээгээ хангаж чадна” гэж ургацын дээжийг тэврэн баяртайгаар мэдэгдсэн нь сонины хуудаснаа үлджээ.
Улс төрд өрнөсөн дээрх үйл явдлаас гадна Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын салбар гадаадын зочдын хөлд дарагдаж, багагүй бэлэг хүртсэн билээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин