Тойм: Түрээсийн байрны эрэлт ихэсч, нэг өрөө байр 1.5 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.20-нд нийтлэгдсэн

Тойм: Түрээсийн байрны эрэлт ихэсч, нэг өрөө байр 1.5 саяд хүрчээ

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.


ХЭРЭГГҮЙ ХОГИЙГ "ҮНЭТ ЭРДЭНЭС" БОЛГОДОГ ГАЗАР

Иргэн та хогоо ангилж хаядаг уу? Хэрэв үгүй бол өнөөдрөөс эхлэн хогоо ангилж, хаяж дадаарай. Хогийг эх үүсвэр дээр нь ангилж хэвшвэл хөрсөнд булагдах хогны хэмжээ 50 хувиар буурах боломжтой гэх судалгаа бий. Сүүлийн үед гудамж талбай, орон сууцнуудын хогийн цэг дээр өнгө өнгийн хогийн сав үзэгдэх болсон. Харамсалтай нь, монголчууд энэ өнгөнүүдийн, үгнүүдийн утгыг төдийлөн сайн ойлгохгүй байх шиг.

Ерөнхийдөө дахин боловсруулах боломжтой болон дахин боловсруулах боломжгүй гэх хоёр төрлийн хогийг ангилан хаях зориулалттай савнууд нийслэлээр түгээмэл бий.

Дахин боловсруулах боломжтой хог нь дотроо хуванцар сав, шил, лааз, гялгар уут, металл, цаас гээд олон төрөл. Монголд ч хог ангилах төвүүд олширсон. Эдгээр төвүүдийн гол зорилго нь хогнуудыг ангилж, дахин боловсруулах болон дахин ашиглах үйлдвэрүүд рүү хүргэдэг. Өөрөөр хэлбэл, дундын зуучлагч. Хогийг хүлээн авч, ангилж, үйлдвэрүүдэд хүргэдэг.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ДУГУЙ ЦАГААНЫ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ЦАГ АГААРААС БОЛЖ УДААШИРЧЭЭ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Богдхан уулын аманд байрлах Дугуй цагаан орчмын эвдэрч гэмтсэн байгууламжийг буулгасан. Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан.

Тэгвэл Богд уулын Ар Зайсангийн гудамж буюу шавар гэр буулгасан байршил болон тус газраас дээш өгсөөд Дугуй цагаан орчмыг иж бүрэн тохижуулахаар ажиллаж байгаа юм.

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн модон тоглоомын талбай, явган зам, нийтийн ариун цэврийн байгууламж, тойрог бүхий тохижилтын талбай, террас, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтын ажил хийж байна.

Энэ бүтээн байгуулалтын ажил хэрхэн явж байгааг хүргэхээр Дугуй цагааныг зорьсон юм. Учир нь Хотын даргын амласнаар бол Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг наймдугаар сарын 15-ны өдөр дуусгана гэсэн. Гэвч бидний очиход бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байв.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

БАНКУУД ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ, ОЮУТНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХӨД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Б.Хонгорзул энэ жил Сүхбаатар аймгаас хотод оюутан болж ирж буй. Тэрбээр хичээл эхлэх дөхсөн учраас их сургуультайгаа танилцаж, хичээл сонголтоо хийгээд тун завгүй. Тэр МУИС-д энэ жил элсэн суралцана. Гэвч сургалтын төлбөр төлөх асуудал тулгарч байгаагаа хэлж байв. Учир нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, арилжааны банкууд эцэг, эхэд нь зээл олгохгүй, хэдэн малаа заръя гэхээр малын үнэ муу байгаа тухайгаа учирласан юм.

Тэрбээр "МУИС-ийн төлбөр надад үнэтэй санагдсан. Нэг кредит нь 98.600 төгрөг. Бусад их сургуулиудын төлбөр нэмэгдсэн гэж дуулсан. Нэгдүгээр курсийн оюутнууд төлбөрөө заавал 100 төлөх нь хүндрэлтэй байна. Уг нь 50 хувиар нь хувааж төлдөг бол дээр. Аав, ээж маань сургалтын төлбөр төлөхийн тулд банкнаас зээл авдаг. Бас малаа зарна. Ядаж байхад энэ жил малын үнэ муу байна" гэв.

Яг Б.Хонгорзул шиг мянга мянган оюутанд өдийд их, дээд сургуулиудын төлбөрийн асуудал тулгардаг. Салбарын сайд Л.Энх-Амгалан “Төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг барьж ажиллана” гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээрээ тийм биш. Төрийн өмчийн ХААИС болон ШУТИС зэрэг сургуулиуд төлбөрөө 30 хувиараа нэмсэн байх жишээтэй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ЭРЭЛТ ИХЭСЧ, НЭГ ӨРӨӨ БАЙР 1.5 САЯД ХҮРЧЭЭ

Орон сууцны түрээсийн үнэ байршлаас шалтгаалж жил бүр өсч байгаа ч хичээл сургууль эхлэх дөхсөн наймдугаар сард эрэлт нь эрс ихэсч, үүнийг дагасан үнийн хэт хөөрөгдөл үүсдэг. Бичигдээгүй уламжлалын дагуу энэ жил ч мөн тус жишиг давтагдав. Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө бэлтгэсэн сурвалжлагаас өнгөрсөн сард түрээсийн орон сууцны ханш хэрхэн өссөн талаар мэдээлсэн.

Сард гар дээр авдаг цалингийнхаа ихэнхийг нь хажуу өрөө байрны төлбөртөө өгч, үлдсэн жаахан мөнгөөрөө амьдрах нь монгол залуусын дунд нийтлэг үзэгдэл. Гэлээ ч үл хөдлөхийн зах зээл гэдэг  эрэлт ихсэхийн хэрээр үнэ цэн нь өсдөг жамтай.

Төгрөгийн ханш, гадаад, дотоод нөхцөл зэргээс шалтгаалж эдийн засаг хямарч буй үед хувь хүн хөрөнгөө хэрхэн үнэлэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэвч хөрсөн дээр буугаагүй хөөсөрсөн үнэ, өндөр шаардлага тавьж байгаа нь иргэдийн ундууцлыг барж байгаа юм.

Олны дунд эрэлт ихэссэн энэ үед нийслэлийн дүүргүүдэд түрээсийн байр, нийтийн байр, хажуу өрөө, хашаа байшингийн түрээсийн ханш ямар байгааг харьцуулан сурвалжилж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

МОНГОЛ ЗУРГААС ДААВУУН ИНСТОЛЯЦИ ХӨРВӨЖ БУЙ ЗУРААЧ Б.НОМИН

Тэр нартай өдөрт дуртай. Нэг тийм ид шидийн гэмээр. Хурц нарны туяанд хорвоо ертөнцийн юмс үзэгдэл улам тодорч харагддаг шиг түүний бүтээлд тод өнгөнүүд ноёлно.Тиймдээ ч олны анхаарлыг татдаг биз.

Монголын дүрслэх урлагийн залуу үеийн төлөөлөл болсон чадварлаг зураач Б.Номингийн урланд зочлов. Тэрбээр өнөөгийн нийгмийн асуудлыг монгол зургийн арга барилаар хөнддөг. Харин сүүлийн жилүүдэд тэр монгол зургаас даавуун инстоляци бүтээл рүү хөрвөөд буй.

Түүний хэлснээр “Энэ арга барил нь сонирхолтойгоос гадна ийм төрлийн бүтээлээр өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлж чадаж байх шиг санагдсан. Нэг ёсондоо үзэгчдэд илүү ойртож, хүрч байгаа мэт сэтгэгдэл төрдөг” гэв. Түүний бүтээлүүд дэлхийн олон орны үзэсгэлэн, галерейд дэлгэгдэж байсан бөгөөд хамгийн сүүлд нөхөртэйгөө хамтран Швейцарь улсад үзэсгэлэнгээ гаргаад иржээ.

Түүний урлан “Маршал таун” хотхонд байрлах аж. Урлангийн үүдээр ормогц том хэмжээтэй уран зургууд угтав. Заримыг нь эхлээд хоёр, гурван жил болж байгаа бөгөөд хэзээ дуусахаа хэлж мэдэхгүй байна хэмээн тэр инээмсэглэнэ. Ингээд түүний гуаш, будгийн үнэр ханхалсан, уран бүтээлийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж