Анализ: Допингийн таамаг

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Анализ: Допингийн таамаг

Анализ: Допингийн таамаг

Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний хариу ойрын өдрүүдэд анхаарал татаж байна. Өнгөрөгч наадмаар нийт 80 бөх, харваачдаас шинжилгээ авч, сорьцыг Өмнөд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Сүүлийн мэдээллээр гурван сорьцын хариу ирээгүй байгаа аж. 80 сорьцын хариу гүйцэт ирсэн тохиолдолд хариуг задалж, олон нийтэд мэдээллэх гэнэ.

Шинжилгээний сорьц Өмнөд Солонгосыг зориод нэг сар гаруй хугацаа өнгөрлөө. Хугацаа ихсэх тусам иргэдийн, ялангуяа бөх сонирхогчдын итгэл алдарч, шинжилгээний хариунд эргэлзэх шинжтэй болж ирэв.

Шинжилгээний хариу удах тусам иргэдийн дунд хардлага төрсөөр… Сүүлд л гэхэд нэр бүхий зургаан бөхөөс допинг илэрсэн гэх яриа бөх сонирхогчдын дунд гарав. Харин энэ талаар Бөхийн салбар хорооны П.Сайнзориг “Мэдээлэлтэй хэн ч танилцаагүй. Хэн ч дугтуйг задлаагүй. Ингэж хий хоосон таамаглаж болохгүй. Үндэсний өв соёл, тамирчны нэр хүндэд ингэж битгий халдаасай. Бид нарт нуух юм алга. Хариу 80 болвол олон нийтэд зарлана” гэсэн юм.

ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН 64 БӨХ БИЙ

Энэ жил дөрөв давсан 64 бөх бий. Үүнээс заал танхимын барилдааны үед явцын шинжилгээ өгсөн нь П.Бүрэнтөгс аварга, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр арслан, Ц.Одбаяр заан, Т.Баасанхүү, Х.Гантулга,  Б.Зоригтбаатар, Ц.Бямба-Отгон харцага, Ч.Батчулуун, Ж.Ням-Эрдэнэ, Б.Түмэндэмбэрэл, Б.Лхагвадорж начин зэрэг 12 бөх бий. Өөрөөр хэлбэл, тэднээс өмнө нь допинг илрээгүй.

Үүн дээр их спортын тамирчид нэмэгдэнэ. Учир нь чөлөөт бөх, жүдо зэрэг спортын тамирчид байнга допингийн шинжилгээнд хамрагддаг. Тэгвэл М.Лхагвагэрэл заан, Ө.Батзул, Э.Батмагнай начин, жүдогийн О.Цэцэнцэнгэл начин зэрэг дөрвөн бөх бий.

Мөн допингийн эсрэг аянд нэгдэн дуу хоолойгоо хүргэдэг С.Мөнхбат, О.Хангай аварга, Ц.Содномдорж арслан, Б.Гончигдамба гарьд, Б.Серик заан, Н.Батзаяа, Ш.Пүрэвгарьд харцага, Б.Ганхуяг, Э.Сумъяабат начин тэргүүтэй есөн бөх байна.

Ингээд үзэхээр 25 бөх нэр цэвэр байх магадлалтай. Гэхдээ энэ магадлал, таамаг болохоос баталгаа биш.

Харин допингийн шинжилгээнд бүдэрч байсан хар түүхтэй нь даян аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага А.Цацабшир, улсын начин Б.Лхагвадорж дөрөв. Э.Оюунболдыг эс тооцвол допингийн шинжилгээнд давтан бүдэрсэн бөх үгүй. Тиймээс эдгээр бөхчүүд дахин хэрэглэх магадлал тун бага.

Мөн олон жил наадамчин олон, бөх сонирхогчдоо хуураагүй, үнэн хүчийг үзсээр ирсэн улсын заан М.Өсөхбаяр, Б.Бат-Өлзий, улсын харцага Ө.Даваабаатар, Н.Золбоо, улсын начин Ч.Батчулуун, Д.Амарсайхан тэргүүтэй зургаан бөх бий.

Ийнхүү нийт 64 бөхийн 35 нь допинг хэрэглээгүй байх магадлалтай. Гэхдээ энэ баталгаатай албан ёсны хариу эсвэл мэдэгдэл биш. Ердөө таамаг төдий.

ДОПИНГИЙН ТҮҮХ

Түүх эргэн сөхвөл, 2006 оноос хойш 1024 бөх барилдсан наадам бүрт допингтой бөх илэрч байв. Тухайлбал, 2006 оны Д.Сумъяабазар түрүүлдэг жил Г.Эрхэмбаяр аварга, Д.Рагчаа гарьд хоёр шинжилгээнд бүдэрч байлаа. Үүний дараа 2011 онд С.Мөнхбат түрүүлдэг жил Г.Алтангэрэл харцага, Ч.Цогбаяр начин нар бүдэрчээ. Тэгвэл сүүлд 2016 онд Ч.Санжаадамба түрүүлдэг жил Б.Ганзориг начин, Б.Баатарцол начин бүдэрсэн түүхтэй.

Ерөнхийдөө 2016 оноос хойш жил бүр допингтой бөх тодордог зүй тогтол тогтсон. Түүний олонх нь улсын цолтой бөхчүүд байв. Хамгийн сонирхолтой нь улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын гарьд Н.Ганбаатар, улсын арслан Э.Оюунболд, даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва зэрэг бөх сонирхогчдын “Энэ хэзээ ч допинг хэрэглэхгүй” гэх хэлэхээр бөхчүүд бүдэрсэн. Ингээд харахаар энэ жилийн 64 бөхийн хэн нь ч допинг хэрэглэсэн байж болзошгүй. Бас нөгөө талаараа бүгд цэвэр байх боломжтой.

Харин 2021 болон 2022 онуудыг эргээд бодвол  допингтой гэх зургаан бөхийн тав нь аймгийн цолтой. Үүнээс үзвэл сүүлийн жилүүдэд аймгийн цолтой бөхчүүдийн дунд допингийн тохиолдол нэмэгдэж байна. Энэ зүй тогтлоор хардвал энэ жил аймгийн цолноос улсын цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрэх магадлал байна.

ТААМАГ

Бидэнд үлдсэн 29 бөхийн дотроос улсын цолонд хүрсэн аймгийн цолтнуудыг дурдвал, Э.Энх-Амгалан, Э.Нямаа, Б.Мижидсүрэн, Н.Хүрэлсүх, Б.Түвшинтөгс, О.Түмэн, Х.Оргилболд, Г.Бадрах, Б.Сосорбарам зэрэг есөн бөх байна.

Энэ жил зургаан допингтой бөх илэрсэн гэх шуум явж буй. Тэгвэл энэ “но-той” зургаагийн зарим нь дээрх есөн бөх дотор байхыг үгүйсгэхгүй.

Ийнхүү 20 бөх үлдлээ. Эндээс яг тав давж, цааш шалгарсан нь улсын заан Д.Анар, Л.Лха-Очир, О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Б.Эрдэнэхүү гэсэн дөрвөн бөх. Бусад нь тав давж чадалгүй унасан гэсэн үг.

Эцэст нь, допингт хэрэглэсэн байж болзошгүй, тав давсан 13 бөхийн нэрс үлдлээ. Дурдвал, Д.Анар, Л.Лха-Очир, О.Мөнх-Эрдэнэ, Б.Эрдэнэхүү, Э.Энх-Амгалан, Э.Нямаа, Б.Мижидсүрэн, Н.Хүрэлсүх, Б.Түвшинтөгс, О.Түмэн, Х.Оргилболд, Г.Бадрах, Б.Сосорбарам гэх бөхчүүдийн зургаа нь допинг хэрэглэсэн гэх таамгийг дэвшүүлж байна. Гэхдээ энэ бол албан ёсны эх сурвалж, албаны хүний яриа биш, зөвхөн таамаг гэдгийг та бүхэн тунгааж хайрлаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
12
ЗөвЗөв
12
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж