“Давхар дээл” горилогчид

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

“Давхар дээл” горилогчид

“Давхар дээл” горилогчид

Эрх баригч намын хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орохоор УИХ-ын гишүүд, МАН доторх фракциуд сайдын суудлын төлөө өдөр, шөнөгүй тохиролцоогоо хийж эхэлсэн. УИХ-ын гишүүдийн олонх нь “давхар дээл” өмсөхийг хүсэмжилсээр ирсэн учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орно. Ерөнхий сайдын хувьд танхимынхаа бүх сайд нарыг “давхар дээл”-тэй болгох сонирхолгүй байгаа гэх. Гэвч УИХ-ын гишүүд бүгдээрээ “давхар дээл” өмсөхийг хүсч буй энэ үед намын дарга, намын генсек хэрхэн тохиролцоо хийхээс олон зүйл шалтгаалах нь. Тэгвэл УИХ-ын гишүүдээс “давхар дээл” өмсөхийг хүсч буй горилогчид хэн бэ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал томилогдоно. УИХ-ын гишүүдээс  сайд болох горилогчдоос хамгийн баталгаатай нь энэ суудал. Учир нь, энэ яамыг Н.Учралд “зориулж” байгуулсан гэхэд хилсдэхгүй. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж байсан учраас хамгийн түрүүнд “давхар дээл” өмсөх хүн бол Н.Учрал.

Дараагийн “давхар дээл” өмсөх сайд бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэг. Тэдний хувьд, аль аль нь Сангийн сайдаар ажиллаж байсан, улс төрд олон удаа сонгогдсон нэг нутгийн хоёр. Аль нь ч сайд болох амбицтай. Гэхдээ эцсийн тохироог хэн нь хийж чадах бол… Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдад горилж буй гишүүн бол Ж.Ганбаатар. Түүний хувьд  2020 оны сонгуулийн дараа сайд болох хүслээ ил, далд илэрхийлсээр ирсэн. Гэхдээ түүнээс илүү Эдийн засаг, хөгжлийн сайдад магадлал өндөртэй нь Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болох амбицтай байгаа гэх. Түүний хувьд цар тахлын үед У.Хүрэлсүхийн Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. НАМЭХ-ын ерөнхийлөгч, У.Хүрэлсүхийн хүн гэгддэг тэрбээр энэ удаад өөр яамны сайдаар томилогдохоор зүтгэж яваа гэх.

Гадаад харилцааны сайдад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын нэр яригдаж эхэлжээ. Түүний хувьд энэ албан тушаалыг өмнө нь хашиж байсан, Хууль зүйн сайдаар ч ажиллаж байсан туршлагатай. МАН доторх фракциуд дундаас “Сү”-ийн фракцийн хүн, энэ фракцийнхан л гадаад харилцааны яаманд томилогддог “жишиг” сүүлийн хэдэн жил тогтсон учраас ийн түүний нэр яригдаж буй бололтой. Гэхдээд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамдын хуваарилалтыг энэ удаад Ерөнхийлөгчийн мэдэлд “өгөх” тохироо хийгдсэн гэх яриа ч бий. Тэгвэл энэ албан тушаалд өөр хүн томилогдож ч магадгүй юм.

УИХ-ын “поп” гишүүд гэгддэг Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар ч энэ удаа сайд болох амбицтай байгаа гэсэн бор шувуу нисч эхэлсэн. Тэдний хувьд Оюутолгойн ажлын хэсэгт багтаж, “гавьяа” байгуулсан гэж сайд болох амбицтай байгаа гэсэн яриа ч улс төрийн хүрээнд өрнөж эхэлсэн.

Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг амбицтай байгаа гэнэ. Түүний хувьд, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, хэд хэдэн байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай учраас ийн энэ удаад сайд болох хүсэлтэй байгаа гэх.

Түүнээс гадна “давхар дээл” өмсөх нэрс дунд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Саранчимэг нарын нэрс яригдаж байгаа юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаад Засгийн газраа бүрдүүлэхдээ фракциудын төлөөллийг багтаах, анх удаа сонгогдсон гишүүдийг сайд болгохгүй байх, эмэгтэйчүүдийн квотыг хангах гээд олон талыг харж танхимаа бүрдүүлэх биз ээ. Ямартай ч УИХ-д сайдын суудалд суухаар амбицласан, бүр зарим нь зүүдэлж байгаа ч сураг дуулдана лээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж