Украины пуужин Лхагва гаригт Лисычанск дахь баазад цохилт өгсөн. Үүний улмаас Оросын гол штабын байр устаж үгүй болсныг албаныхан өчигдөр /2022.08.18/ мэдэгдлээ.
Лисычанкс хотын дарга Сергей Хайдайгийн мэдээлснээр, оросын 100 орчим цэрэг эл дэлбэрэлтээр амь үрэгджээ. Тэдний дотор Оросын хоёрдугаар армийн командлагч болон Холбооны аюулгүй байдлын албаны 20 офицер байсан. “Эзлэгчдийн байрлаж байсан төв байр дэлбэрэлтийн улмаас бүрэн сүйрсэн. 100 орчим орос хүн амь үрэгдсэний ихэнх нь тэдний удирдлагууд байсан” гэж тэр хэллээ.
Түүнчлэн байшин дотор тамхи татах аюултай талаар Хайдай егөөдөж хэлжээ. Саки дахь агаарын баазад болсон дэлбэрэлтийн дараа мөн тамхи татах аюултай талаар хошигнол гарч байсан.
Тус дэлбэрэлтээр нисэх онгоцны хоёр буудал сүйдэж, зэвсгийн агуулах устсан. Украины тагнуулынхны мэдээлж буйгаар Оросын арми онгоц, нисдэг тэрэгнүүдээ дахин дэлбэлэхгүйн тулд эргүүлэн татсан байна. Тодруулбал, 24 сөнөөгч онгоц, 14 нисдэг тэргийг Хар тэнгисийн хойгийн гүн рүү буюу эх газрын Орос руу шилжүүлсэн гэлээ. Үүнд гурван Су-35С, гурван Су-34, таван Су-27/30СМ, гурван МиГ-31, зургаан Ка-24 нисдэг тэрэг, бусад найман нисдэг тэрэг багтжээ.
Саки дахь агаарын баазын дэлбэрэлт нь дайн эхэлснээс хойш Путины амссан хамгийн том хохирол байж магадгүй юм. Тиймээс шинэ алдагдлаас айж ийнхүү онгоцнуудаа аюулгүй байрлалд шилжүүлсэн гэжээ.
Эх сурвалж: DAILY MAIL, EXPRESS
Холбоотой мэдээ