Хүүхэд осолдох эсэх биднээс шалтгаална

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Хүүхэд осолдох эсэх биднээс шалтгаална

Хүүхэд осолдох эсэх биднээс шалтгаална

Жил бүр зам тээврийн ослын улмаас олон хүүхэд гэмтэж, амь насаараа хохирдог харамсалтай хэрэг гарсаар байна. Тэгвэл өчигдөр /2022.08.18/  “Айраг наадам 2022”-ын үеэр мориноосоо буугаад хэвтэж байсан дөрвөн хүүхдийг согтуу жолооч дайрч хүнд гэмтээсэн хэрэг олон нийтэд ил болсон юм.  Энэ мэтчилэн жолооч, эцэг эхчүүдийн санамсар, болгоомжгүй байдлаас болж зам тээврийн ослын гол хохирогч нь хүүхдүүд болсоор байна. Тиймээс уг асуудлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболдтой ярилцлаа.

Он гарснаас хойш хэчнээн хүүхэд зам тээврийн осолд өртсөн бэ?

-Тээврийн цагдаагийн газарт энэ оны эхний долоон сарын байдлаар 54880 дуудлага мэдээлэл ирсэн нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад  81 хувиар өссөн. Үүнээс зам тээврийн осол  13291 бүртгэгдсэн нь улсын хэмжээнд 36.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн ослын улмаас 1603 хүн гэмтэж, 309 хүн амь насаараа хохирсон. Эдгээрээс 396 хүүхэд гэмтэж, 40 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаад байна. Амь насаа алдсан тохиолдлуудын ихэнх нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн.

“Статистикаас харахад 2019 оны байдлаар 49 хүүхэд, 2020 оны байдлаар 64 хүүхэд, 2021 оны байдлаар 51 хүүхэд эрдэнэт амиа алдсан. Гэтэл энэ жилийн хувьд дөнгөж эхний долоон сарын байдлаар амь насаараа хохирсон хүүхдийн тоо 40-д хүрээд байна. Энэ тоо жилийн эцэст хэд болохыг хэлж мэдэхгүй. Цаашид нэмэгдүүлэхгүйн тулд жолооч, эцэг эхчүүд хариуцлагатай байх хэрэгтэй.

Энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үеэс 81 хувиар өссөн гэлээ. Үүний шалтгаан нь юу вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хөл хорионд орж, орон нутгийг зүглэх иргэдийн тоо буурсан. Харин энэ жилийн хувьд Covid-19-ийн тохиолдол багасаж хоёрдугаар сард шар түвшинд шилжсэн. Тиймээс хөдөө орон нутгийг зорих иргэд ихсэж, гудамж замын хөдөлгөөний эрч нэмэгдсэн. Мөн энэ жил гаднын орноос монголд ирэх аялагчид ихэссэнээр автомашины худалдан борлуулалт нэмэгдсэн нь Улаанбаатар хотын түгжрэл саатал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний өсөлтөд шууд нөлөөлсөн. Тиймээс эдгээр нөхцөл байдлаас үүдэн зам тээврийн ослын дуудлага өнгөрсөн онтой харьцуулахад 81 хувиар өссөн.

Ямар шалтгааны улмаас хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байна вэ?

-Хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаагийн хамгийн том шалтгаан нь эцэг эхчүүдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас болж байна. Жишээлбэл, 2021 оны байдлаар 51 хүүхэд нас барсны 14 тохиолдол нь эцэг эхчүүд эхлэх хөдөлгөөн хийж байхдаа дайрч амь насыг нь хохироосон маш харамсалтай хэрэг гарсан. Харин 29 тохиолдол нь орон нутгийн замд зорчигч хэлбэрээр явж байгаад амиа алдсан.

Хүүхэд өртөж байгаа зам тээврийн осолд дүн шинжилгээ хийхэд нийслэлд нас барж байгаа хүүхдийн тоо бага бол гэмтэл, бэртэл авч байгаа нь их байна. Нийслэлд нас барж байгаа хүүхдүүдийн тоо бага байгаагийн шалтгаан нь түгжрэлээс үүдсэн хөдөлгөөний удаашралтай холбоотой. Харин гэмтэл, бэртэл их авч байгаа нь гарцгүй газраар зам гарах, харгалзах хүнгүй явах мөн унадаг дугуй, скүүтэртэй явах зэргээс болдог. Тэгвэл эсрэгээрээ орон нутагт гэмтэж байгаа нь бага харин амь насаараа хохирч байгаа нь их байна. Энэ нь хүүхдээ зөв тээвэрлэдэггүй, хамгаалах бүсийг нь зүүлгэдэггүй, өөрсдөө урд талын суудалд суучхаад хүүхдээ өвөр дээрээ авдаг, хурд хэтрүүлдэг зэргээс шалтгаалдаг.

Замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг урд талын суудалд суулгах, зориулалтын суудалд суулгахгүй байх зэрэг зөрчил гаргасан эцэг эхчүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байх.  Тээврийн хэрэгсэлд тээвэрлэхдээ урд талын суудалд суулгахгүй хойд талын суудал дээр зориулалтын суудалтай харгалзах хүнтэй, хамгаалах бүстэй тээвэрлэнэ гэж оруулсан. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг хамгаалалтын малгай хэрэгсэлтэй байсан ч мотоциклийн ард сундалж явахыг хориглосон. Эдгээр нь замын хөдөлгөөний дүрэмд заалттай байдаг ч эцэг эхчүүд хууль дүрмээ судалдаггүйгээс болж хүүхдүүд хохирч байна. Харин оногдуулах шийтгэлийн хувьд 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүйгээр явж байгаад зам тээврийн осолд өртвөл эцэг эхчүүд хариуцлага хүлээнэ. Мөн зориулалтын суудалд суулгаагүй, хүүхдээ урд талын суудалд суулгасан зэрэг зөрчил илэрвэл зөрчлийн хуулиар харин хүүхдийн амь насыг хохироосон тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Хүүхдээ зам тээврийн осолд өртөхөөс хэрхэн хамгаалах вэ?

Сургууль цэцэрлэг эхлэх гэж байгаатай холбогдуулан хотоос хөдөө, хөдөөгөөс хот руу ирэх хөдөлгөөн ихсэж байна. Хөдөө амрахаар явуулсан хүүхдээ авчрах, орон нутгаас хотод ирж хичээлийн бэлтгэлээ хангадаг. Тиймээс орон нутгийн замд зорчихдоо хүүхдэдээ хамгаалалтын бүс зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, ямар ч тохиолдолд урд талын суудалд суулгахгүй байх, хурдаа тааруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэрэгтэй. Мөн томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн замын хөдөлгөөн ихэсдэг. Энэ үед гарц гарамтай хэсгээр гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг заавал өнгөрүүлж байж гарах хэрэгтэй. Эцэг эхчүүд ирээдүй болсон үр хойчийнхоо төлөө үүргээ ухамсарлаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоосой гэж цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Д.Намуунцэцэг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж