Тэр нартай өдөрт дуртай | News.MN

Тэр нартай өдөрт дуртай

Тэр нартай өдөрт дуртай

Тэр нартай өдөрт дуртай

Тэр нартай өдөрт дуртай. Нэг тийм ид шидийн гэмээр. Хурц нарны туяанд хорвоо ертөнцийн юмс үзэгдэл улам тодорч харагддаг шиг түүний бүтээлд тод өнгөнүүд ноёлно.Тиймдээ ч олны анхаарлыг татдаг биз.

Монголын дүрслэх урлагийн залуу үеийн төлөөлөл болсон чадварлаг зураач Б.Номингийн урланд зочлов. Тэрбээр өнөөгийн нийгмийн асуудлыг монгол зургийн арга барилаар хөнддөг. Харин сүүлийн жилүүдэд тэр монгол зургаас даавуун инстоляци бүтээл рүү хөрвөөд буй.

Түүний хэлснээр “Энэ арга барил нь сонирхолтойгоос гадна ийм төрлийн бүтээлээр өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлж чадаж байх шиг санагдсан. Нэг ёсондоо үзэгчдэд илүү ойртож, хүрч байгаа мэт сэтгэгдэл төрдөг” гэв. Түүний бүтээлүүд дэлхийн олон орны үзэсгэлэн, галерейд дэлгэгдэж байсан бөгөөд хамгийн сүүлд нөхөртэйгөө хамтран Швейцарь улсад үзэсгэлэнгээ гаргаад иржээ.

Түүний урлан “Маршал таун” хотхонд байрлах аж. Урлангийн үүдээр ормогц том хэмжээтэй уран зургууд угтав. Заримыг нь эхлээд хоёр, гурван жил болж байгаа бөгөөд хэзээ дуусахаа хэлж мэдэхгүй байна хэмээн тэр инээмсэглэнэ. Ингээд түүний гуаш, будгийн үнэр ханхалсан, уран бүтээлийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

"ДОТООД ЕРТӨНЦӨӨ ЗУРГААР ИЛЭРХИЙЛЭХЭЭС ГАДНА ӨӨР ХЭЛБЭР ДҮРС, МАТЕРИАЛ АШИГЛАХ НЬ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ"

Б.Номин таван жилийн өмнөөс нөхрийн хамт урландаа ажиллаж эхэлжээ. Түүний нөхөр Б.Баатарзориг мөн л зураач. Тэд Соёл урлагийн их сургуульд сурч байхдаа танилцаж, өдгөө гурван хүүхдийн эцэг эх болжээ. Том хүү нь 18 настай бол бага нь дөрвөн настай. Тиймээс уран бүтээлийн ажилдаа саяхнаас л эргэж ороод буй тухайгаа Б.Номин хэлсэн юм.

Холын хүнээс үг сонс гэдэг. Түүнтэй Швейцарьт дэлгэсэн үзэсгэлэнгийн сонин сайхнаас хуваалцаж, яриа дэлгэв. Б.Номин “Нөхөр бид хоёр анх удаа Швейцарь улсын Фраунфелд хотын төв галерейд үзэсгэлэнгээ гаргалаа. Цаашаагаа Венецийн дүрслэх урлагийн биенналь сонирхоод ирлээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Венецийн биенналийг 2015 оноос эхлэн очиж үздэг болсон. Тэнд дэлхийн номер нэг уран бүтээлчдийн уран бүтээлийг нэг дор харах боломжтой учраас яаж ийгээд л явдаг.

Мөн Австри улсад антропологичид зураачдын хамтарсан таван жилийн судалгааны төслийн хаалтын арга хэмжээнд оролцсон. Нэг сумаар нэлээн хэдэн туулай буудчихаад ирсэн” тухайгаа ярилаа.

Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа “Spirit of Gobi-2022” фестивальд оролцож, өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаад амжжээ. Эх орондоо хамгийн сүүлд 2019 онд үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд “Бид хоёрыг Монголдоо үзэсгэлэн гаргахгүй байна” гэх гомдол хүмүүсээс ирсэн учраас үзэсгэлэнгээ гаргахаар шийдсэн” тухайгаа хошигнож ярив. Харин нөхөр нь ирэх аравдугаар сард бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэнэ.

Монгол зураг их хугацаа шаарддаг учраас зураач бие даасан үзэсгэлэнгээ гаргахын тулд бүтэн нэг жил ажилладаг байна.

Тэрбээр монгол зургийг яаж ч бодож сэтгээд удаан суухаас өөр аргагүй. Ингэхдээ өөрийн дотоод ертөнцийг дан зургаар илэрхийлэхээс гадна өөр хэлбэр дүрс, материал ашиглах нь илүү сонирхолтой санагддаг гэв.

"НЭГ ЗҮЙЛ ХИЙХЭЭРЭЭ УЙГАГҮЙ СУУЖ ЧАДДАГ ЗАН МААНЬ ЗУРААЧ БОЛОХОД НӨЛӨӨЛСӨН"

Тэрбээр багадаа ичимхий, даруухан хүүхэд байжээ. Харин нэг зүйл хийхээрээ уйгагүй удаан сууж чаддаг, бас их тэвчээртэй зантай. "Магадгүй тэр зан маань зураач болоход нөлөөлсөн байх" хэмээн өгүүлнэ. Нэг ах, хоёр эрэгтэй дүүтэй тэрбээр айлын ганц охин. Охиныхоо авьяасыг ээж, аав нь анзаарч, тухайн үед Соёл урлагийн их сургуульд багшилж байсан Б.Төмөрбаатар зураачид зурсан зургийг нь үзүүлжээ. Б.Номинг монгол зургийн ангид шалгалт өгч үзэхийг зөвлөснөөр зураач болох эхлэлээ тавьсан тухайгаа дурсан ярилаа.

Уран бүтээлч гэр бүл байхын давуу болон сул тал бий. Тэрбээр "Уран бүтээлч гэр бүлийн сул тал гэхээр хоёулаа уран бүтээлээс өөр юу ч хийхгүй.

Бид их сургуулиа төгссөнөөс хойш 17 жил зөвхөн зургаа зурж байна. Заримдаа хоёулаа орлогогүй, цар тахлын эхний зургаан сар бас л чанга байлаа шүү дээ. Бараг зураач шиг л хэрэггүй юм байсангүй.

Гэхдээ маш хурдан сэргэж, өвчин зовлонтой байсан ч хүмүүс виртуалаар ч хамаагүй мөнгө төлж, уран зураг үзэж байсан нь сайхан санагдсан. Харин давуу тал нь ар гэрийн ажлыг их ойлгож, хоорондоо зохицоод хийчихнэ. Уран бүтээлийн тал дээр ч бие биедээ зөвлөж, санал бодлоо хэлнэ. Ер нь сул талаасаа давуу тал нь их юм байна" хэмээн инээмсэглэв.

"НИЙГЭМД МЕССЕЖ ӨГӨХӨӨС ИЛҮҮТЭЙ ХҮНИЙ ДОТООД МӨН ЧАНАР, СҮНСЛЭГ ЕРТӨНЦИЙГ ИЛЭРХИЙЛЭХИЙГ ЗОРЬДОГ"

"Ер нь уран бүтээлчид хог новшинд их дуртай хүмүүс. Сүүлдээ хайсан юм нь олдохоо болихоор нэг цэгцэлж янзалдаг" хэмээн бидэнд урлангаа танилцуулсан юм. Урлангийн гол хэсэгт телевизийн дэлгэцний зураг байрлуулжээ. Ямар нэртэй бүтээл болохыг лавлахад "Хараахан дуусаагүй байгаа юм. Ямар ч байсан эхэлж, санаагаа амраасан. Одоо дуусгана даа. Олон жил бодож явсан, яагаад ч юм их сонирхолтой санагдаад хайж үзсэн чинь өнгөний тест юм билээ. Магадгүй энэ нэрээр нь ч нэрлэж болох юм" гэв.

Дэргэдэх зургийн тавиур дээр "Антипараллель" нэртэй зургийг эхлүүлжээ. Параллель хэзээ ч огтолцдоггүй зэрэгцээ хоёр шугам. Гэтэл Б.Номингийн хувьд тийм биш аж.

Хэрвээ хүн харж, хүсч чадах юм бол параллель ертөнцтэй бэлгийн мэлмийгээр харьцаж чадна. Хоорондоо огтлолцож болно гэсэн утга санааг энэ бүтээлээрээ илэрхийлжээ. Тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд мессеж өгөхөөс илүүтэй хүний дотоод мөн чанар, сүнслэг ертөнцийг илэрхийлэхийг зорьдог аж.

Их сургуулиа төгссөний дараа нэг бүтээл дууссаны дараа өөр нэг бүтээл эхэлдэг байсан. Харин одоо хоёр гурван зураг эхлүүлж, нэг нэгээр нь дуусгадаг болжээ. Түүний хувьд цаг хугацаанд баригддаггүй.

Зураач Б.Номин 2017 онд Германы Кассел хотноо болсон "documenta14" үзэсгэлэнд хоёр уран бүтээлээрээ оролцохдоо таван сарын дотор зуржээ. Уг үзэсгэлэн нь Венецийн биенналийн дараа ордог бөгөөд тэр жилийн кураторын баг сонгогдож, дэлхийн улс орнуудаар явж, уран бүтээлчдээ шалгаруулдаг аж. Тэр наадамд уран бүтээлчид оролцох нь чухал бөгөөд түүний хувьд монгол уран бүтээлчдээ төлөөлөн амжилттай оролцож байжээ.

[/newsgallery]

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-19 83.220.238.251

) Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-19 103.80.210.183

монгол зургаа хамаагүй гадаадуудад өгөөд үзүүлээд байх пдэмий дээ. тэнгэр хилэгнүүлж дэлхий хөрвөөх болно шүү.

Avatar

Зочин 2022-08-19 43.242.242.59

Мундаг эгч байна. танд амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж