Арилжааны банкуудын зээл олголтын нэг хувийн шимтгэлийн талаар сүүлийн өдрүүдэд олон нийтийн хуудаст аль аль талын байр суурь нийтлэгдэж буй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэл гаргасан. Тодруулбал, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн юм.
Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзээд буй.
Тухайлбал, тус хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэж арилжааны есөн банкинд 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Мөн нэр бүхий есөн банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлээд байна.
Эдийн засагчдын хэлж байгаагаар арилжааны банк энгийн компани, аж ахуй нэгжүүдтэй адилхан этгээд биш. Арилжааны банкуудын үйл ажиллагааг хуулиар тусгайлан зохицуулдаг. Банкууд өөрсдөө санаачлаад зээл олгосны шимтгэл, зээл судалсны шимтгэл, зээлийн график өөрчилсний шимтгэл гэх олон төрлийн шимтгэлийг дур мэдэн хуулиас гадуур гаргаж аж ахуй нэгж, иргэдээс сүүлийн 10 гаруй жил авсан байгаа нь банк өөрсдийн давуу байдлаа ашиглан хүчээр зээлийн нөхцөлөө тулгасан асуудал гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Харин энэ асуудалд, Монгол Банк болон Монголын банкны холбооны зүгээс тодруулахад дараах тайлбарыг өглөө.
МБХ: БҮХ БАНК НЭГ ХУВИЙН ШИМТГЭЛ АВДАГГҮЙ, ХУУЛЬЧДЫН БАГ АЖИЛЛАЖ БАЙГАА
Монголын банкны холбооны зүгээс “Одоогоор холбооны зүгээс ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Голомт банк болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын мэдээлж буй нөхцөл байдлын тухайд хуульчид ажиллаж байгаа. Асуудал нэг талдаа гарсан зүйл байхгүй, яригдаж байгаа болохоор яг эцсийн шийд бол огт гараагүй гэсэн үг. Хуулийн хүрээнд явж байгаа учраас тодорхой хугацаа шаардлагатай. Үүний дараагаар өөрчлөлт, шинэчлэлтийн шийдвэр гарах байх.
Арилжааны банкны тухай хуульд зохих хэмжээний шимтгэл, хураамж авах тухай заалт бий. Гэхдээ 0.5-1 хувь гэж нарийвчилж заасан зүйл байхгүй.
Мэдээж арилжааны банк тус бүр өөр өөрийн дотоод зохицуулалт, журмын хүрээнд шимтгэлийг тогтоодог. Шимтгэл авдаггүй банк ч бий. Одоогоор иргэний шүүхэд Голомт банкны харилцагчийн гомдлоор нэг хэрэг шилжсэн. Шимтгэлтэй холбоотой асуудал бол анхных биш. Өмнө нь ч мөн арилжааны банкуудад хамаарах ижил төстэй асуудлууд гарч байсан. Тиймээс бидний зүгээс асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүртэл ямар нэгэн тайлбар мэдээлэл гаргах, өгөх боломжгүй” гэлээ.
МОНГОЛБАНК: АРИЛЖААНЫ БАНКНЫ ДОТООД АСУУДАЛД ОРОХ НЬ ХУУЛИАР ХОРИОТОЙ
Төв банкны өгч буй мэдээллээр энэ асуудлыг Банкны холбоо илүү анхаарч ажиллах ёстой.
Монголбанк арилжааны банкуудтай хяналт, шалгалтын чиглэлээр л ажиллана уу гэхээс дотоод үйл ажиллагаа, хураамж руу оролцох нь хуулиар хориотой.
Банкуудын холбооноос л тайлбар мэдээлэл гаргах эрхтэй болохоос бидний зүгээс бол мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Ямартай ч арилжааны зарим банкинд зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар асуудлын хяналт шалгалтын дүгнэлт эцэслэгдээгүй. Тиймээс Улсын Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл холбогдох бусад албанаас ч мэдээлэл өгөхгүй гэх хариултыг өглөө.
Холбоотой мэдээ