АН-ынхаан, Украинд санаа зовоод суух цаг нь биш!

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

АН-ынхаан, Украинд санаа зовоод суух цаг нь биш!

АН-ынхаан, Украинд санаа зовоод суух цаг нь биш!

Ирэх Даваа гаригаас УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, сайд нарыг томилгоог ярих боллоо. Гэтэл АН бахь байдгаараа, намын бүлэг ч учраа олсонгүй, даргын асуудал  ч нэг талдаа гарах янзгүй хоёр зуныг үдэх нь ээ.

Энэ хэвээрээ байвал ирэх сонгуульд өвдөг шороодох нь гарцаагүй гэдгийг захын нохой ч хэлнэ.  Наадмын өмнөхөн тус намын их хурлаар даргын асуудал яригдаж, С.Эрдэнэ даргын суудлаа залуучууддаа тавьж өгөх болов уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд ч тэр, АН-ын залуусын дунд  ч байсан. Гэтэл С.Эрдэнэ дарга Улсын дээд шүүхэд итгэмлжлэлгүйгээр төлөөлөх буюу “дахиад хоёр жил дарга хийнэ” хэмээн маргаж эцэстээ зодооноор өндөрлөж, АН шийдэлд хүрэх байтуйгай шившиг болоод л дууссан.

Удахгүй улстөр эхэлж, МАН-ынхан “эргэлт” хийх гэж байхад АН өнөөх л янзаараа байгаад харамсах хүн олон. Угтаа бол шинэ даргаа томилж, улстөрд шинэ салхи сэвэлзүүлэхийг хүлээх хүн цөөнгүй.

Цэц саяхан Давхар дээлтэй сайд нарыг зөвшөөрснөөр МАН-ын эрх мэдэл улам зузаарч, удахгүй гишүүдийн тоо, сайд нарыг томилж, улс төрд хөдөлгөөн орох гэж байна. Харин АН-ынхан өнөөх л тамын тогооны үлгэртэйгээ зууралдаж суугаа нь ёстой л арчаагүйнх.  Цэцийн маргааныг анх АН-ын хоёр гишүүн гаргасан. Үнэндээ бол "ЖАН"-ын талын Ш.Адьшаа, Н.Ганибал нар МАН-аас “яс горьдсон нохой шиг Үндсэн хуулийн өөрчлөлтийг зүтгүүлж албан тушаалын тохироо хийсэн гэх. Даанч тэдний хүслийг МАН биелүүлэх нь юу л бол доо.

АН-ын генсек Ч.Өнөрбаяр өчигдөр хэвлэлийн хурлын үеэр “Цэц улс төрийн биеэ үнэлэгчдийн газар болсон байна лээ. ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-ын хэвлэлийн албаны ажилтан хийхээ болио. Ичэхгүй байна уу. Саяхан Зүүн төвийн намаас баруун төвийн нам боллоо, Үндсэн хуулийг дээдэлдэг нам боллоо гэсэн чинь халаасны нам гэдгээ нотоллоо шүү дээ. Одоо та УИХ-ын гишүүн байж, хэвлэлийн ажилтны үүрэг гүйцэтгэж байдаг. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж сууна. Энэ хүн парламентад байх эрхгүй” гэжээ.

Үнэн хэрэгтээ эв нэгдэлтэй, сөрөг хүчин шиг сөрж чадсан бол МАН Цэцэд АН-ын хоёр гишүүнээр  “захиалга” өгүүлээч үү, үгүй юу.

Саяхны нэгэн уулзалтанд очиход О.Магнай Украины талаар ярьж, монголчууд бидэнд Украин шиг эх орноо гэсэн сэтгэл байдаггүй. Украин бол манайх шиг эдийн засагтай  ч тэд Оросын өмнөөс дайтсан том амбицтай. Гэтэл МАН-ынхан ОХУ-ын гар хөл болж, сүүлийн сонгуулиудад Оросын нөлөөллөөр ялсан.  Украины дайныг дэмжих нь эдийн засгийн хувьд бидэнд асар их нөлөөтэй. Ерөөсөө л Украин шиг европын орнуудтай хэл амаа ололцвол манай 18 их наяд дотор эргэлддэг эдийн засаг дорхноо тэлнэ. Бид ОХУ-тай сайн харилцаатай байсан ч томоохон төслийг хөгжүүлэхгүй, гацаадаг. Харин Хятад бол…” гэхчлэн лекц уншиж суулаа. О.Магнайн зарим үгс ортой ч тэрбээр АН-ын талаар барууны үзэл санаатай гэхээс өөр олигтой үг унагасангүй. Цахим сүлжээнд идэвхитэй байдаг ардчилагчид ч эгээтэй л Украины хэвлэлийн төлөөлөгч болсон аятай жиргэдэг болсон нууц биш.

Эндээс л олон зүйлийг харчихаж болохоор. Хандлага гэдэг харагддаггүй ч мэдрэгддэг гэдэг шиг АН-ын залуучуудад амбиц, хор шар дутаж байх шиг. Үнэн хэрэгтээ хаа байсан Украинаас илүү улс орны эдийн засаг, Үндсэн хууль, эрх баригчдын алдаатай бодлого шийдвэрийг хүчтэй шүүмжилж, улс төрийн акц эхлүүлж, сөхөрсөн иргэдээ сэргээх ёстой байтал өөрсдийнхөө ч учрыг ололгүй явна. Хэрэвзээ тэд одоо л намаа нэгтгэхгүй бол АН-ын орон зай дээр МАН ганцаараа тоглолт хийсээр дуусах нь ээ.

Энэ л сул орон зайн дээр ХҮН гэдэг нам хэрхэн гарч ирснийг хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Эцэст нь хэлэхэд, АН-ынхаан одоо Украинд санаа зовохоо болиод намынхаа урдах ажлыг эмхлэх хэрэгтэй дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж