Өвөл айсуй: Европ хөлдөх эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Өвөл айсуй: Европ хөлдөх эрсдэлтэй

Өвөл айсуй: Европ хөлдөх эрсдэлтэй

Энэ зун Европ тивд ган болсноос ирэх өвөл барууны орнууд эрчим хүчний хомсдолд орж хөлдөх эрсдэл нүүрлэжээ. Тодруулбал, хэт хуурай цаг агаарын нөхцлөөс шалтгаалан  Норвегид усан цахилгаан станцын хүчин чадал буурч, Франц дахь атомын цахилгаан станцуудын цөмийн тогоонууд халах эрсдэлд орж, Германд нүүрсний тээвэр саатжээ. Дээр нь геополитикийн зөрчлөөс болж ОХУ-аас Европт руу байгалийн хий нийлүүлэх цоргоо багасгахаа мэдэгдсэн.

Европын сэрүүн бүс нутгуудаар ч хэт халж, ган гачиг болсон бөгөөд Францад хээрийн түймэр олон гарсан. Итали улсад 1800 оноос хойш болоогүй хуурай зун болж, ургац алдах эрсдэл үүсчээ.

Норвегийн эрчим хүчний нийлүүлэлтийн 90 хувийг усан цахилгаан станцаас хангадаг төдийгүй хөрш орнууддаа экспортолдог. Гэвч улс төрийн зөрчил болон үнийн өсөлтөөс шалгаалан сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа Норвегид эрчим хүчний хангамжийн асуудал үүсэх болоод байна. Украинд явуулж буй дайны улмаас барууныхан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан. Үүний хариуд Москва байгалийн хийн нийлүүлэлтээр барьцаалж эхэлсэн. Нөгөө талд Францад цөмийн тогоонуудыг хөргөхөд их хэмжээний хүйтэн ус ашигладаг ч гол мөрнүүдийн ус бүлээсч, ширгэсэн нь эрсдэл дагуулжээ.  Германы хувьд Райн мөрнөөр нүүрсний тээвэрлэлтээ хийдэг боловч усны түвшин багассанаас усан онгоц хөвөхөд хүндрэлтэй болсон аж.

Үүний зэрэгцээ Их Британид сүүлийн 90 жилд болоогүй хуурай байснаас Лондоны эргэн тойронд түймэр асч, хойд хэсгийн олон мянган өрх гэрэл, цахилгаангүй болсон.

Европт үүссэн нөхцөл байдлыг “Эрчим хүчний хямрал” гэж салбарын мэргэжилтнүүд, улстөрчид онцолж байна. Хямралыг шийдвэрлэхийн тулд эрчим хүч импортлох гэрээ хэлцэлүүдийг эрэлхийлж эхэлжээ. Норвеги улс нь байгалийн хий, газрын тосоор баялаг орон боловч Европын зах зээлийг хангалттай хэмжээнд хангах боломжгүй.

ЕВРОП НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗСАН НЬ

Дэлхийн дулаарлын гол буруутнаар нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулагч нүүрс нэрлэгдсэн. Улмаар Европын холбоо нь нүүрсний хэрэглээнээс татгалзаж ногоон эрчим хүчийг эрэлхийлж, дэмжих болсон. Гэвч санхүү, геополитикийн нөхцөл байдал нь бохир түлшээс эко эрчим хүчид шилжих оролдлогыг нь хүндрүүлж байна. Гэсэн ч Европын холбооноос цөмийн эрчим хүч, байгалийн хийн үйлдвэрлэлийг тогтвортой хөрөнгө оруулалтаар дэмжих бодлого барьж буй.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр 2012 оноос эхлэн Европын холбооны орнуудын нүүрсний хэрэглээг бууруулж, 2030 он гэхэд 12 хувиар танах зорилт тавьсан.

Эрчим хүчний асар их хэрэгцээтэй Европын холбооны улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийгээ тэглэхийн төлөө нүүрсийг эрчим хүчний эх үүсвэрээс хасах зорилт тавьсан. Харин шүүмжлэгчдийн зүгээс барууны удирдагчдыг ногоон маркетингийн тархи угаалтад автсан гэж буруутгаж байна.

Бодит байдал дээр Герман улс байгалийн хийн нийлүүлэлт багассаныг нүүрсний станцуудаа дахин ажлуулж нөхөхөөр төлөвлөсөн. Гэвч Райн мөрнөөр нүүрсний тээвэрлэлтээ хийж байгаа нь  гангийн улмаас саатахад хүрсэн юм. Германы нүүрс шатаадаг дулааны цахилгааны станцууд нь Райн мөрний сав дагуу төвлөрсөн байдаг. Мөрний ус татарснаас нүүрсний тээвэрлэлт хүчин чадлынхаа 30 хувийг алдаж, дулааны цахилгаан станцуудыг бүрэн хүчин чадлаар нь ажлуулах боломжгүй болгожээ.

Франц улс нь эрчим хүчнийхээ хэрэглээний 70 гаруй хувийг атомын цахилгаан станцаас хангадаг. Гэвч ган гачигийн улмаас голуудын усны температур нэмэгдсэн энэ үед цөмийн тогоог хөргөсөн хэт халуун усыг гол руу цутгахаас сэргийлэн эрчим хүчний үйлдвэрлэлээ бууруулсан байна. Үүнээс гадна Францын 56 цөмийн станцын олонх нь засвар, үйлчилгээний улмаас ажиллахгүй байгаа аж.

Норвегийн тухайд хиймэл нууруудад түшиглэсэн усан цахилгаан станцаар эрчим хүчний хэрэглээгээ хангадаг. Хуурай зун болсноос эдгээр хиймэл нууруудын усны түвшин татарсан бөгөөд ирэх өвөл гал алдахгүйн тулд усан цахилгаан станцынхаа хүчин чадлыг түр хугацаанд бууруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж