Номын худалдааг зоригсдын тоо цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Номын худалдааг зоригсдын тоо цөөрчээ

Бидний аав, ээж ахмад Немотой усан доогуур хорин мянган бээр аялж, шадар гурван цэрэг, Монте Кристо гүнтэй хүүхэд насаа өнгөрөөсөн. Олон хүн Лев Толстой, А.С.Пушкин, Ф.М.Достоевский, Александр Дюмагийн уран зохиолын ертөнцөөр аялж, тэдний зохиолоор хүмүүжсэн хэмээн ярихыг сонссон билээ. Тэд Монгол Улсын алдарт зохиолчдын бүтээлийг ч шимтэн уншдаг байсан юм. Их Нацагдоржийн “Хүжийн гал”-ыг уншаад “Бид жаргалтай цагт төрсөн, азтай юм даа” хэмээн олон хүн бодсон нь дамжиггүй. Сүүлийн үед номыг сонирхон уншдаг хүүхэд, залуусын тоо цөөрсөн хэмээн олон хүн шүүмжлэх болсон. Дэлхийн болон өөрийн орны алдартай зохиолчдын сонгодог зохиолуудыг уншихын оронд интернэт, телевиз үзэж хэрэгтэй хэрэггүй мэдээллээр толгойгоо дүүргэн, буруу хүмүүжих болжээ хэмээн олон хүн шүүрс алдах нь бий. Хэдийгээр залуус энэ тохиолдолд та нарын тэр үе өнгөрсөн хэмээн хариулах нь олонтаа ч тэдний хэлдэг үг үеэ өнгөрөөсөн биш үнэн үг юм. Сүүлийн үед номын сангийн номын төрөл зүйл олширч, хуучны номуудыг шинээр хэвлэн борлуулах болсон. Номын худалдаа эрхлэгчид төрөл бүрийн ном зохиолыг шимтэн уншиж, худалдан авах иргэдийн тоо ч нэмэгдсэн хэмээн ярьж байлаа.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан “Номын далай 2010” үзэсгэлэн, худалдаагаар орж  хүмүүс ямар номыг голчлон худалдан авч байгаа болон номын үзэсгэлэнг хэр олон хүн зорин ирж буйг сурвалжилсан юм. Үзэсгэлэнгийн танхимд ороход цөөн тооны хүн угтав. Үзэсгэлэнд 20 орчим аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцсон ажээ. Харин амралтын өдөр болоод ч тэр үү зорин ирэх хүн төдий л их биш байсан гэнэ. Үзэсгэлэнд оролцож буй хүмүүстэй уулзахад “Хэдийгээр цөөн хүн ирж байгаа ч зарим хүн зорин ирж ном худалдан авч байгаа. Хүмүүс ихэвчлэн төрөл бүрийн зөвлөгөө болон сургамжит зүйлсийн талаарх ном худалдан авдаг”  хэмээсэн. Үзэсгэлэнд оролцож буй болон үзэж, сонирхож буй иргэдээс номын талаар санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Зохиолч Б.Туяа:
Биднийг залуу байхад одоогийнх шиг интернэт, телевиз гэж байгаагүй. Тиймээс бид чинь номоор л хүмүүждэг байлаа. “Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг шүү дээ. Манай залуучууд сүүлийн үед ном уншихаа больсон. Тийм болохоор ухаан нь тэлэхгүй байгаа юм. Ном уншдаггүй манай залуучууд эх хэлээрээ ярьж чадахаа больжээ. Үг ярианы баялаг муутай, буруу ярьдаг болсонд маш их харамсдаг. Дээр үеийн сайн зохиолчид жинхэнэ монгол сонгодог хэлээр номоо бичдэг байлаа.  Түүнийг уншиж өссөн хүүхдүүд ч зөв ярьж, сэтгэж сурсан. Одоо номын сурталчилгаа бага байна. Номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж байх хэрэгтэй. Арван жилийн хичээлийн төлөвлөгөөнөөс уран зохиолын хичээлийг хассан нь маш буруу. Бидний үед ном уншдаг хүүхдүүдийг шагнаж, урамшуулдаг байлаа шүү дээ. Үүнийг сэргээж, хүүхэд залуучуудыг номд хайртай болгох хэрэгтэй.

Зохиолч, орчуулагч Ц.Донзой:
Би өөрөө эерэг сэтгэлгээ, өөдрөг үзлийн талаар ном бичиж, орчуулан уншигчдад хүргэдэг. Аливаа юмыг буруу талаас нь биш эерэг бүтэмжтэй талаар нь бодож эрүүл явах ёстой. Би залуу байхдаа “Парисын дарь эхийн сүм” болон Ф.М.Достоевскийн зохиолуудыг шимтэн уншдаг байсан. “Гэм зэм” романыг орос хэл дээр нь уншиж байлаа. Миний үеийнхэн чинь уншсан зохиолуудаа бие биедээ ярьж өгч, тэмдэглэл хүртэл хөтөлдөг байв. Би одоогийн залуусыг ном уншихаа больсон гэдэг шүүмжлэлтэй санал нийлдэггүй. Ажлын шаардлагаар хүүхэд, залуучуудтай их уулздаг. Ямартаа ч надтай үзэл бодлоо хуваалцаж, миний хичээлийг сонсдог хүүхдүүд ном их уншдаг.

Иргэн Д.Алтанхуяг:
Миний бодлоор одоо хүүхэд залуучууд интернэт, телевиз, радио, ном, сониноос хэрэгтэй зүйлээ уншиж мэдээллээс хоцрохгүй болсон. Миний хувьд номд их дуртай.  Мэргэжлийнхээ холбогдолтой ном уншиж, цуглуулах дуртай. Уг үзэсгэлэн дээр хэрэгтэй номнууд маань хямдралтай үнээр зарагдаж байгааг мэдээд зорьж ирсэн. Би япон, англи хэлний орчуулагч л даа.  Монголын түүх соёл, уламжлалын талаар ном уншиж, судалж, хүмүүст орчуулж өгч байхад эх орноороо бахархах сэтгэл төрдөг.

Иргэн Л.Батдорж:
Би хуучин номын худалдаа эрхлээд гурван жил гаруй болж байна. Багаасаа номд дуртай хүүхэд байсан даа. Номоос сурах зүйл их байдаг. Миний бодлоор сүүлийн үед хүүхэд залуучууд ном их унших болсон. Нэг үе ном уншихаа болилоо гээд л шүүмжлүүлдэг байсан шүү дээ. Хүмүүс гадаад хэлний сурах бичгүүдийг их авдаг юм. Хуучны дэлхийн сонгодог зохиолуудыг ч авч уншдаг.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж