НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчлаад буцсан. Тэрбээр өнөөдөр /2022.08.18/ Украины ерөнхийлөгч Зеленский, Туркийн ерөнхийлөгч Эрдоган нартай Львов хотод уулзаж байна. Уулзалтаар үр тарианы экспорт, Запорожье атомын цахилгаан станцтай холбоотой хурцадмал байдал, Оленовка шоронд болсон эмгэнэлт явдлын талаар ярилцах аж.
“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орон орны эрх баригчидтай харилцаж, нөхцөл байдлыг аль болох намжаахаар хичээж байна” гэж түүний хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак хэллээ.
Гутерреш өчигдөр Львов хотод хүрэлцэн ирсэн бөгөөд үргэлжлээд Одесса хотыг зорих төлөвлөгөөтэй байна. Одессад айлчилж буй гол зорилго нь боомтын ажилтай танилцаж, үр тарианы тээвэрлэлт хэрхэн үргэлжилж буйг ажиглах юм. Үргэлжлээд энэ амралтын өдрүүдэд Туркийн Истанбул хотыг зорих аж. Уг айлчлалын хүрээнд Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэх санаачилгыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан хамтарсан зохицуулалтын төвд зочлох юм.
Дашрамд дурдахад, Антонио Гутерреш өнгөрсөн сарын 22-ны өдөр Одесса, Чорноморск, Пивденньй боомтуудаас үр тариа, хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэх санаачилгад гарын үсэг зурсан. Өчигдрийн байдлаар 600 мянга гаруй тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан 24 хөлөг Украины боомтуудаас хөдлөөд байна.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ