Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх асуудлыг ирэх намар хэлэлцэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Тодруулбал, “2023 оны төсвийг есдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэнэ. Энэ үеэр хэлэлцэх байх гэж бодож байна” гэсэн хариултыг өчигдөр /2022.08.17/ хэлсэн.
Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2400 төгрөг байдаг аж. Уг мөнгөөр хүүхэд нэг өдрийн хангалттай илчлэг авч чадахгүй байгаад эцэг эхчүүд мөн, холбогдох албаны хүмүүс санал нэгддэг. Төр хүүхдийн хоолны зардлыг 2013 оноос эхлэн хариуцаж иржээ.
Мөн энэ оны хоёрдугаар сард УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үед тус салбарын сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхтэй нь хуваалцахгүй бол, төр дангаараа нуруун дээрээ үүрч явахад хүндрэлтэй болж байна. Тиймээс цаашид хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь гаргуулах шаардлага байна” хэмээн хэлжээ. Иймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэх эсэхийг намар шийдэхээр болж байна.
Дашрамд дуулгахад энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны 141023 хүүхэд бий.
Холбоотой мэдээ