“Хөдөлмөрийн хууль хэрэгжихгүй байгаагаас ажилчид хохирч байна”

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөрийн хууль хэрэгжихгүй байгаагаас ажилчид хохирч байна”

“Хөдөлмөрийн хууль хэрэгжихгүй байгаагаас ажилчид хохирч байна”

Монгол Улсын Хөдөлмөрийн шинэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд ажлын цагийн дээд хязгаар, ээлжийн ажлын цаг, шөнийн цаг, уртын ээлжээр болон илүү цагаар ажиллуулах, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллын талаар тодорхой тусгаж өгсөн байдаг.

Гэтэл зарим аж ахуйн нэгж Хөдөлмөрийн хуулийн зүйл, заалтыг илт зөрчиж, ажилчдыг хохироох болсон талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Нийгмийн амгалан тайван байдал, эрүүл энхийг хамгаалдаг эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, албан байгууллагуудын манаач жижүүрүүд, онцгой байдлын албан хаагчид, цагдаа нар гэх мэт өдөр шөнийн ээлжид уртаар ажилладаг хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстой хуулийн хамгийн гол заалт хэрэгжихгүй байгаад харамсаж байна. Уг хуулийн хэрэгжилтийг холбогдох албаны хүмүүс анхаарч, засгийн газраас хянаж байх хэрэгтэй. Гэвч эдгээр хүмүүс ажлаа хийхгүй байна. Цаашид энэ байдлыг таслан зогсоож, хэрэгжүүлэх тал дээр нийгмийн зүгээс дэмжлэг, шахалт хэрэгтэй байгааг онцгойлон анхааруулж хэлмээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадна Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, гишүүд бүгд баримталж, ажлаа дүгнүүлэх үүрэгтэй. Гэвч хамааралгүй мэтээр ташаа ойлголт өгч, үүргээ биелүүлэхгүй байна.

Үүнээс болж олон компанийн ажилчин хохирч, эрх ашиг нь хөндөгдөж байна. Ажилчдаас энэ хуулийг хэрэгжүүлэхэд туслаач, хамтран ажиллаач гэдэг санал маш их ирсээр байгаа. Тиймээс “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийг холбооны түвшинд ажиллуулах цаг нь ирснийг нийтэд мэдэгдэж байна. Хөдөлмөрийн хуульд ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй, долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй, долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар 56 цагаас илүүгүй байхаар зааж, жишиг стандарт тогтоосон.

Гэтэл уул уурхайн салбарт Хөдөлмөрийн хууль хэрэгжихгүй, ээлжийн ажилтны цалинг бууруулах, цалин нэгтгэн бодох журмыг зөрчиж, илүү цаг, шөнийн нэмэгдэл, бусад нэмэгдлийг цалин бодох аргачлалаар зориудаар буруу тооцож байна. Бид боол, хамжлага биш. Бидний оруулсан хувь нэмрээр ашиг олж байгаа, тиймээс бид ажлын хамтрагчид гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашид эрх нь зөрчигдөж байгаа ажилчдын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ хэлмээр байна. Дахин анхааруулахад энэ асуудал зөвхөн уурхайн ажилчдад хамаатай биш юм” гэв.

Д. Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж