МАН хол явахгүй, Монгол хөл алдах нь…  

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

МАН хол явахгүй, Монгол хөл алдах нь…  

МАН хол явахгүй, Монгол хөл алдах нь…  

“Хол хол харайж, хий хоосон яарах аваас хөгжлийн дэс солигдон хөл алдаж магадгүй” хэмээн сануулсан С.Данзангаа тэд хороосноос даруй 98 намартай золгожээ. Капитализмын нийгмийг алгасаж, үл гүйцэлдэх зөвлөлт байгуулалд оруулж, монголчуудыг жинхэнэ ард ба мөлжигчид гэж хуваана гэснийг эсэргүүцсэн тэрбээр Монголын эдийн засгийн хоцрогдлыг арилгахын тулд гадаадын хөрөнгө оруулалт нэвтрүүлэхийг урамшуулж, байгалийн баялгийг түрээслүүлэн ашиглах нь зүйтэй гэж үзэж байв. Далан жилийн дараа зарим нь түүний зөв байсныг ойлгосон ч одоо ч дийлэнх нь үгүйсгэсэн хэвээрээ…

Оросын Элчин дураараа дургидаг, Хятадын сайд тусгаар тогтнолыг нь хүндэтгэх тухай ярьдаг янзаараа…

Үүнд оройлон оролцож буй эрх баригчид Засгийн газраа хуралдуулж нэгэн хачин шийдвэр гаргасан нь, Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн станцын төслийн ажлыг удаашруулсан, үүрэг даалгавар биелүүлээгүй үндэслэлээр огцруулсан онигоо одоо хит болж байна. Баруун бүсийг эрчим хүчний хамаарлаас гаргах энэхүү төслийг зогсоолгосон буруутан нь Хятадын Ши даргад захиа бичсэн, МАН-ын их удирдагчтай ижил Цэдэнбал нэртэй багийн дарга байтал шүү дээ. Гэхдээ тэр захианаас ч болчихсон юм биш. 2007 онд ТЭЗҮ-ийг боловсруулсан уг төсөл 12 жилийн хугацаанд амжилт олсонгүй. Түүнээс хойш дахиад Хятадын талын гүйцэтгэгчээр ТЭЗҮ хийхдээ хүрсэн уг төслийг тус нам гурван сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулж, одоог хүртэл хөдөлгөөгүй нь ядуугийн зовлонгоос илүүтэй чадуугүй эрх баригчидтай илүү холбоотой.

Дүгэр мэтийг зайлуулсан нь давхар дээлийн сургаар засгийн суудлын төлөөх тэмцэл эхэлсний сануулга болохоос улс орны амин чухал асуудалд санаа зовсон зүйл огт биш.

Тавин саяын торгуулиас эхлээд бодлогогүй үгийн алдааг дэвэргээд буйн цаана эрх баригчид Үндсэн хуулийн дээр хүртэл өөрсдийн тавиулаар дамжуулан гишгэв. Тэд ийнхүү Цэцээр дамжуулан Үндсэн хуульд халдах замыг албажуулав. Цаашдаа өөрсдийнх нь үг болгоноос цухалзаад байдаг хүний эрхийг үгүйсгэх баталгаагүй болгосон нь энэ.

Нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий 247-хон км Дарханы замыг таван жилийн хугацаанд барьж чадаагүй байж 400 сая жуулчин хүлээн авах, нефть боловсруулах үйлдвэр, эрчим хүчний станцууд байгуулж өөрсдийгөө төдийгүй өрөөлийг хангах тухай тэдний эх оронч яриа нь эцсийн эцэст эрх мэдлийн төлөөх хууран мэхлэлт болохыг өдөр өнгөрөх тодруулна. Хэдийгээр “Бид биш АН, ХҮН-ынхан Цэцэд хандаж, давхар дээлтэй байх шийдвэрийг гаргуулсан” гэх хүүхэд хуурах хариултаа бэлдсэн ч үнэндээ хэн хөтөлсөн бэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуулт.

Давхар дээлтэй жагсаал хийж, 17 боодол нэгтийн дэвсгэртээр шоу хийн, Эрдэнэт үйлдвэрээр шоу хийж дангаараа эрх барих болсон тэд зургаан жилийн хугацаанд эрх мэдэл, албан тушаалын төлөө явсан гэдэг нь эдийн засгийн үзүүлэлт, иргэдийн ядуурал, компаниудын дампуурал, валютын өсөлт, хөрөнгө оруулагчдын дайжилт гээд нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтээс харагдана.

Тэдний байгуулагдснаасаа хойш буруу, зөрүү, амьдралаас хол, хөндий бодлого шийдвэр хэрэгжүүлснийх нь нотолгоо өнөөгийн Монгол Улс болчихлоо. Өнгөрсөн 101 жилийн 93-т нь эл нам дангаараа эрх барьсан ч бурууг бусдад чихэж, ял гавьяа хоёроо ялгаж, салгаж ирсэнгүй.

Үеэ илээсэн зүүний үзэл үгүйрэл, сүйрлийг л авчирна гэдгийг дэлхийн улс орнуудын нөхцөл байдал харуулсаар ахуйд мангуу мунхагласаар…

Алдаа болгоноо “амьгүй” болсон ардчилагчид рүү чихээр өдийг хүрэв. Одоо аргаа бараад доодчуулаа “тонилгох” тактик шилжив. Эцсийнх нь иргэд байх хэрэг үү?

Ганц үнэн гэвэл МАН энэ чигээрээ байвал хол явахгүй төдийгүй Монгол хөлд нь үрэгдэх нь…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж