ТАНИЛЦ: Ойрын хугацаанд болох үзвэрийн хуваариуд

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Ойрын хугацаанд болох үзвэрийн хуваариуд

ТАНИЛЦ: Ойрын хугацаанд болох үзвэрийн хуваариуд

Зуны дэлгэр цаг дуусах дөхөж, задгай талбайн шоу тоглолтууд ч хаалтаа хийх дөхөж буй. Тиймээс ойрын хугацаанд буюу найм, есдүгээр сард болох тоглолт үзвэр, үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.

ТАМГАГҮЙ ТӨР ЖҮЖГИЙН СҮҮЛИЙН ҮЗВЭР 25-НД ГАРНА

Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын тоглолт ирэх Пүрэв гаригт буюу 25-нд тоглогдох юм.

"Тамгагүй төр" жүжгийг тасралтгүй 100 удаа тоглож, 50 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. Мөн энэ хугацаанд 4.5 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч цацагдсан.

"Тамгагүй төр" жүжиг өнгөрсөн зургадугаар сараас түр завсарлаж байгаад долдугаар сараас дахин тайзнаа тоглогдож эхлээд байгаа. Хамгийн сүүлд л гэхэд тус жүжгийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд дөрвөн өдрийн турш Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад тоглолтоо үнэ төлбөргүй толилуулаад байгаа юм.

Жүжгийн тасалбарын үнийн хувьд 40-180 мянган төгрөгийн үнэлгээтэй байна.

“LEMON FOOD FESTIVAL-2022СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД

Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 26-27-ны өдөр зохиогдох олон улсын хоолны фестиваль нь агуулга, хөтөлбөртөө өмнө жилийнхээс илүү шинэлэг, сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг нэмэх үүднээс зохион байгуулах хорооноос хэд хэдэн шинэчлэлтийг хийжээ. "Lemon Spice Food Festival" нь дэлхийн өөр өөр соёл уламжлал, төрөл бүрийн амтанд дурлагсдын хуран чуулах өдөр бөгөөд энэ оны хамгийн том, хамгийн супер арга хэмжээ гэж тодорхойлогдож буй.

Тус арга хэмжээнд  найз нөхөд, гэр бүлээрээ  топ ресторануудын шилдэг тогооч нарын амт чанартай хоолыг амтлахаас гадна амьд хөгжмийн аянд бүжиглэх боломжтой. Тасалбарын үнэ 5000 төгрөг.

Мөн хотдог, шар айргийн тэмцээн гэх мэт сонирхолтой хөтөлбөрт оролцон цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

"XMF-2022" ХӨГЖМИЙН НААДАМ МАРГААШ БОЛНО

Хуур хөгжмийн наадам (XMF) нь олон улсын хөгжмийн наадмын стандартыг монголдоо нэвтрүүлэх, нийгмийг эерэг мессежээр зөв зүйлд уриалах, Төв Азийн бүс нутгийн жуулчдыг Монгол Улс руу татах дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн наадам болох зорилготойгоор 2017 оноос хойш зохион байгуулагдаж буй.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас тус хөгжмийн наадам болоогүй ч энэ жил өмнөх жилүүдийн эрч хүчээ алдалгүй шинэ агуулгыг бий болгосон тухай зохион байгуулагчид онцолжээ.

Энэ жилийн хөгжмийн наадам нь “XMF Reborn” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах аж. Тасалбарын хувьд 89-150 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэхүү сэдвийн хүрээнд монголд анх удаа, дэлхийн хөгжмийн урлагийн салбартаа танигдсан реппер “Lil Pump” гэх АНУ-ын алдартай хөгжмийн уран бүтээлчийг урьж оролцуулж байгаа юм. "Lil Pump" нь 2017 онд бие дааж гаргасан анхны цомгийн “Gucci Gang” дуугаараа олонд хурдацтай танигдсан. Энэхүү уран бүтээл нь тухайн оны шилдэг 100 дууны гуравдугаарт бичигдэж платинум цол хүртэж байсан бөгөөд Youtube сувагт 1.1 тэрбум үзэлттэй. Түүнчлэн монголын уран бүтээлчид ч Хуур хөгжмийн наадамд оролцох юм.

“UBCW” НИЙСЛЭЛИЙН КОКТЕЙЛИЙН 7 ХОНОГ АЙСУЙ

Улаанбаатарын коктейлийн долоо хоног наймдугаар сарын 22-ноос эхэлнэ. Дэлхийн томоохон хотуудад зохиогддог “COCKTAIL WEEK” монголд анх удаа болох гэж байна. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатарын шилдэг 15 коктейл баар, бартендерүүд, артистууд оролцох аж.

Коктейл пасспорт болон газрын зургаа бариад 15 шилдэг бартендеруудыг зорьж очин өмнө нь амсч байгаагүй онцгой 15 коктейлийг амсах аялалд найзууд, хамт олонтойгоо нэгдэх боломжтой. Пасспорт буюу тасалбарын үнэ 190 мянган төгрөг.

Арга хэмжээний хүрээнд нэг өдөрт хоёр баарыг онцлох ба тухайн газруудад  тусгай энтертаймент хөтөлбөртэй эвентүүд болох юм. Тасалбар авсан бүх хүн  онцолж байгаа хоёр баарнаас спонсорын нэрэмжит коктейл үнэгүй авах, "Ub Cab"-аар үйлчлүүлэх эрхтэй. Мөн долоо хоногийн “WEEK” таксыг худалдан авч нэгдэж болно. Тус таксанд онцолж байгаа 15 баарнаас спонсорын нэрэмжит коктейль үнэгүй авах, пасспорт, мерч, газрын зураг, "UB Cab Car" үйлчлүүлэх зэрэг дагалдах юм байна.

ИРЭХ САРЫН 3-НД “LUMINO&TATAR” ХАМТАРСАН ТОГЛОЛТТОЙ

“Lumino&Tatar” хамтарсан тоглолт ирэх есдүгээр сарын 3-нд болох тов гарсан. Одоогоор тоглолтын хөтөлбөр хараахан гараагүй ч энэ зуны хаалтын том шоу тоглолт болохыг зохион байгуулагчид онцолж буй. Тоглолтын насны ангиллын хувьд 16-аас дээш настай байхыг анхааруулжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тус тоглолтын тасалбар 30-500 мянган төгрөгийн үнэтэй. Мөн тасалбар буцааж болохгүй зохицуулалттай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж