”Найман шарга”-ын буурин дээр 12 давхар барилга сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

”Найман шарга”-ын буурин дээр 12 давхар барилга сүндэрлэнэ

Олны нэрлэж заншсанаар “Найман шарга” валют арилжааны зах байрлаж буй энэ газар дээр барилга барих гэж байгаа бололтой. “Монгол Ньюс” компанийн байрны хойно байрлах эгнэсэн валют арилжааны төвүүдийн баруун талд нэлээн том барилгын шавыг хятад ажилчид эхлүүлжээ. Барилгын талбайг цэнхэр төмөр хашаагаар тусгаарласан байх аж. Нэг эгнээнд жагссан цэргүүдтэй адилхан харагдах валют арилжааны төвүүдийн дунд хэсгээр ч энэ цэнхэр хашаа түрэн оржээ.

Хоёр ч валютын цэгийг нурааж энэхүү хашааг хатгасан хэмээн ойр хавийнх нь хүмүүс хэлж байсан. Нураалгасан байшинд үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийг олж уулзахад “Бид ердөө л түрээслэгч байсан. Жинхэнэ эзэд нь түрээслэхээ болилоо гэж байхад яах билээ” гэсэн хариулт өгч байв. Харин тухайн газрыг түрээслүүлэгчид нь тохиролцсоны үндсэн дээр харилцан ашигтайгаар газраа зарсан учир хэлэх юм байхгүй хэмээсэн. Энэ хэсэг газар Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг бөгөөд Төмөрчний гудамжаар овоглодог. Энд үйл ажиллагаа явуулдаг иргэд ихэнх нь түрээслэгчид. Байрны эздийн зарим нь тэдэнтэй адил валют солих бизнес эрхэлдэг аж. Түрээслүүлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа газраа эзэмших эрхтэй гэсэн. Энд болж байгаа асуудлын талаар албаны зарим хүмүүсээс лавлалаа.

Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Чингэлтэй дүүрэг хариуцсан архитектор Х.Хулантай уулзаж дараах хариултыг авсан юм.

-“Найман шарга” орчмын газарт барилга барьж байна. Цаашид валют арилжааны төвийг нураах уу?

-Энэхүү газар нь хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд орсон учир төлөвлөгөөний дагуу барилга барьж байгаа юм. Тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг валют арилжааны төвүүд бүгд зөвшөөрөлтэй, 20 гаруй хүний нэр дээр газар эзэмших гэрчилгээ байдаг юм билээ. Манай зүгээс хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тус газрын эзэмшигчдэд шаардлага хүргүүлсэн. Валют арилжааны төвийг буулгах эрх бидэнд байхгүй. Гэхдээ хотын өнгө үзэмжид нөлөөлөхгүй байхаар үйлчилгээний зориулалтаар барилга, байшин барих ёстой гэсэн шаардлага хүргүүлсэн. Үүндээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно.

-Газрын эзэд нь шаардлагыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Нааштайгаар хүлээж авсан шүү. Зарим нь бидэнд хандаж, зураг төсөл гаргаж өгөхийг хүсч байгаа.

-Барилга барихдаа зарим арилжааны төвийг нураасан байна билээ?

-Тухайн барилга барих ажил нь төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа үйл ажилллагаа. Бүх зөвшөөрөл нь олгогдсон. Харин зарим валют арилжааны төвийг яагаад нураасныг бид мэдэхгүй. Тухайн газар эзэмшигчид нь барилгын компанитай тохиролцож газраа зарсан байж болно. Энэ нь хувь хүний дурын асуудал гэж бодож байна.

-Ямар компани, ямар үйл ажиллагааны чиглэлээр барилга барьж байгаа юм бэ?

-”Vizard gobi” компани үйлчилгээний чиглэлээр 12 давхар барилга барих зөвшөөрөл авсан.

-Улсын их дэлгүүрээс Урт цагаан хүрэх замд үүнтэй ижилхэн хэдэн ТҮЦ байдаг. ТҮЦ-үүдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Энэ газарт барилга барихыг хориглосон. Тэнд түр хугацаагаар нийтлэг үйлчилгээ явуулах эрхтэй хүмүүс үйл ажиллагаа явуулдаг юм. Жуулчны гудамж гэдэг нэртэй учир жуулчдад зориулсан бүтээгдэхүүн л борлуулдаг. Хэдэн жилийн өмнө урт цагааны тохижилтын зураг гэж гарч байсан ч санхүүгийн хүндрэлээс болж гүйцэтгэлийн ажлууд нь хийгдэж чадаагүй.

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж