Ардчилсан намаас өнөөдөр /2022.08.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. Ер нь энэ байгууллага МАН-ын УИХ дахь байнгын хороо шиг ажиллаж ирсэн. Өмнө нь ч маш олон асуудалд зарчимгүй шийдвэр гаргасан. Сая бүр увайгүй МАН-ын улс төрийн зөвлөлийн хэлтэс шиг ажиллалаа. Үндсэн хуулийн цэцэд миний хүндэлдэг, ном бичдэг судлаачид бий. Тэднийг Үндсэн хуулиа хамгаалж, итгэл үнэмшилтэй байх болов уу гэсэн чинь эрх баригчдын захиалгыг биелүүллээ. Одоо та бүгд хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо. Нэртэйгээр нь та нар шийдвэр гаргахдаа "МАН бол Монгол Улсыг мөнхөд удирдан чиглүүлэх хүч юм" гээд 1960 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээчихгүй яасан юм бэ. Өнөөдөр Монгол Улсын цэцийг татан буулгах хэмжээнд очсон байна. Дахиад ийм хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүсээр Үндсэн хуулиа мануулж болохгүй. Үндсэн хуулийн дээр Үндсэн хууль л байдаг. Хөх тэнгэр байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг. Гэтэл Үндсэн хууль өөрөө өөртэйгөө зөрчилдөнө гэж байхгүй. Ийм л утгагүй шийдвэрийг ҮХЦ гаргалаа.
ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-ын хэвлэлийн албаны ажилтан хийхээ болио. Ичэхгүй байна уу. Саяхан Зүүн төвийн намаас баруун төвийн нам боллоо, Үндсэн хуулийг дээдэлдэг нам боллоо гэсэн чинь халаасны нам гэдгээ нотоллоо шүү дээ. Одоо та УИХ-ын гишүүн байж, хэвлэлийн ажилтны үүрэг гүйцэтгэж байдаг. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж сууна. Энэ хүн парламентад байх эрхгүй.
Үндсэн хуулийн цэц улс төрийн "биеэ үнэлэгчдийн газар" болсон. МАН-ын баталгааг нь хийж, хүслийг нь биелүүлдэг болсон байна. Цэцийн гишүүд дотор гурван төрлийн хүмүүс байна. Нэг хэсэг нь МАН-д насаараа өртэй юм шиг байна, дараагийнх нь хуулийн сургуулийн эрдэмтэд, нөгөөх нь шахааны хүүхэлдэйнүүд байгаа нь харамсалтай. Монголын хувь заяагаар тоглолоо. Та бүхэн маш том түүхэн хариуцлага хүлээнэ шүү. Улс төрийн жижиг намууд бүгд МАН-ын халаасны намууд байна.
Мөн Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас ОХУ-ын цэргийн сургуулилалтын талаар мэдээлэл өгмөөр байна. Одоо хүртэл Монголд байгаа юм байна. Яагаад та нар мэдээлэл өгөхгүй байна вэ. Албан ёсоор тайлбар хийгээч ээ.
"ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ИРГЭНИЙХЭЭ ХУВЬД ГОМДОЛ ГАРГАСАН"
АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:
-Үндсэн хуулийн цэцэд иргэнийхээ хувьд гомдол гаргасан. Шалтгаан нь УИХ-ын тухай хуулийн 31.12 зүйлд орсон нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байна гэж гомдол гаргасан. Энэ зүйл заалт нь бүлгийн даргатай холбоотой, хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хуульчилсан асуудал. Би найман жил УИХ-д сууж байсан. Энэ үед хуульч Д.Лүндээжанцан мэргэжлийн мэтгэлцээн, байр суурь илэрхийлж, Үндсэн хуульд нийцсэн эсэх талаар үг хэлдэг байсан. Харамсалтай нь 2020 онд маш олон хуульчид УИХ-ын гишүүн болсон ч энэ мэргэжлийн асуудалд дуу хоолойгоо гаргаагүйд харамсч байна. Өнөөдөр АН-ын бүлгийн дарга байх эсэх нь мэргэжлийн хүний хувьд огт хамаагүй асуудал. Үнсэн хуульд "УИХ нь 76 гишүүнтэй, нэг танхимтай үйл ажиллагаагаа байнгын хороо, дэд хороогоор зохицуулна. УИХ аливаа зүйлийн бүтцийг өөрчлөхийн тулд байнгын хороо, дэд хороо, Засгийн газар, харьяа байгууллагынхаа бүтэцтэй холбоотой асуудлаар хууль санаачлах, шийдвэр гаргах эрхтэй. Тэр битгий хэл олонхоороо гэдэг асуудал байнгын хороо, дэд хороонд яригдана" гэж заасан байдаг.
Гэтэл Үндсэн хуулийн 19 зүйлд заасны дагуу улс даяар үйл ажиллагаа явуулах гэсэн заалтыг байхгүй болгосон. Өөр хэлбэл, нэг байнгын хороо, харьяа байгууллага шиг бүтэц өөрчилсөн хууль гаргасан. Энэ бол маш аймшигтай, ганц үг, өгүүлбэрээр парламентын тогтолцоог өөрчилж байгаатай адил үйл явдал. Монголын төр мөнх.
Өнөөдөр энэ хуулийн заалтыг гаргаснаар намууд дотоод үйл ажиллагаанд орох, эрх үүсч байна. Учир нь тэр хуулийн 1.12 зүйлд "Бүлгийн нийт гишүүд буюу МАН, АН-ын нийт гишүүд сууж байхад бүлгийн даргаар хэнийг оруулахыг шийднэ гэсэн. Мөн хугацаанаас нь өмнө гэж тусгахдаа "Зөвхөн УИХ-ын дарга, дэд даргыг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж болно гэсэн байхад бүлгийн даргыг гэж Үндсэн хуульд огт байхгүй заалтыг оруулж ирсэн. Энэ мэт зохимжгүй үйлдэл гаргасан учраас би гомдол гаргасан. Удахгүй энэ мэдээллийг олон нийтэд ил гаргаж тавина.
"АХМАДЫН ХОЛБОО 11 ТЭРГҮҮЛЭГЧЭЭ СОНГОСОН"
Ардчилсан Ахмадын Холбооны тэргүүн Б.БАТСАЙХАН:
-Ардчилсан намын дэргэдэх Ахмадын холбооны зургадугаар чуулга уулзалж болсон. Уг чуулганаар тулга тойрсон маргаан хэрүүлийг ярьсангүй. Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, намынхаа үндсэн дүрмийн өөрчлөлт, холбооны үйл ажиллагааны талаар гишүүд байр сууриа илэрхийллээ. Ахмадын холбооны тэргүүнийг сонгож, 11 тэргүүлэгчийг сонгож, байнгын хороодын зарчмаар гаргаж ирсэн. Үүнд,
- Б.Дэлгэрмаа /Аюулгүй байдал, гадаад бодлого хариуцсан тэргүүлэгч/
- Ц.Адъяасүрэн /Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн бодлого хариуцсан тэргүүлэгч/
- Ч.Куланда /Боловсрол, шинжлэх ухаан, спортын бодлого хариуцсан тэргүүлэгч/
- Д.Сосорбарам/Ёс зүй, сахилга хариуцлагын бодлого хариуцсан тэргүүлэгч/
- Б.Нэргүй /Инноваци, цахим бодлого хариуцсан тэргүүлэгч/
- Ё.Гэрэлчулуун /Нийгмийн бодлого хариуцсан тэргүүлэгч/
- Т.Лхагваа /Төрийн бодлого хариуцсан тэргүүлэгч/
- Д.Ганболд /Төсвийн бодлого хариуцсан тэргүүлэгч/
- Л.Цогтбаатар /Үйлдвэржилтийн бодлого хариуцсан тэргүүлэгч/
- А.Хатанбаатар /Хууль зүйн бодлого хариуцсан тэргүүлэгч/
- Р.Бадамдамдин /Эдийн засгийн бодлого хариуцсан тэргүүлэгч/
Холбоотой мэдээ