УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд товлов. Ингэхдээ ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал, цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.
Энэ удаагийн ээлжит бус чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэх болов уу. Учир нь эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулахаар шийдсэн учраас одоо Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа бол гэдэг хүлээлт олон нийтэд бий. Одоогийн солигдох Засгийн газарт У.Хүрэлсүхийн танхимаас үлдсэн, түүний өөрөө томилсон олон сайд нар бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газрын бүтцээс илүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал чухал.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПАРЛАМЕНТААС СОНГОХ Ч НЭГ УДАА УЛИРААХ ЗААЛТ ОРУУЛАХ УУ?
Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг төгөлдөржүүлэх чиглэл рүү явж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх заалтыг энэ удаагийн өөрчлөлтөд оруулна гэсэн мэдээлэл бий. Түүгээр зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонгох заалтыг өөрчилж магадгүй гэсэн таамаглал ч бий. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох, нэг удаа улираах, парламентаас сонгох зэрэг заалтуудад ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “анхаарч” байгаа биз ээ. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр, нэг удаа ард түмэн сонгоно гэсэн заалтыг оруулсан. Тиймээс ч одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт улс төрийн намуудын зөвшилцөл, УИХ-д суудалтай намууд, Ерөнхийлөгчийн зөвшилцлөөс олон зүйл шалтгаална. Эрх баригчид энэ удаад Үндсэн хуулийг “хөндөх”-дөө нэг хэсэгтээ дахин өөрчлөлт хийхгүйгээр чамбай өөрчлөлт оруулахыг хүсч буй. Тиймээс ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх заалт дээр улс төрийн намууд санал нэгдсэн. Түүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг хязгаарлах санаархал Ерөнхий сайдад бий. Гүйцэтгэх засаглалаас илүү хууль, шүүхийн байгууллагыг Ерөнхийлөгч нь томилдог байх нь өнөөдөр эрх мэдлийн хуваарилалтад “харш”. Тиймээс ч Ерөнхийлөгчийг дахин улираах тохироотой зарим эрх мэдлийг нь хязгаарлах боломжтой гэсэн таамаг ч улс төрийн хүрээнд өрнөөд эхэлжээ.
Эрх баригчдын энэ өөрчлөлтүүдийг хөшигний ард бол Ерөнхийлөгч дэмжсэн гэх. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтууд дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар байр суурьтай байх вэ гэдэг ээлжит бус чуулганы нээлтийн үеэр тодорхой болох биз ээ. Нам, улс төр, нийгэм, цаг үеийн асуудалд байнга тайлбар, санал бодлоо илэрхийлээд байх боломжгүй учраас ээлжит бус чуулганы нээлтэн дээр хэлэх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үгийг улс төрийн хүрээнд, нийгмийн хүрээнд ч анхааралтай ажиглаж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ