ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг байнга шүүмжилдэг бизнесмен Дэн Рапопорт өнгөрсөн Ням гаригт АНУ-ын Вашингтон хотын орон сууцны барилгын гадна нас барсныг олжээ. Цагдаа нар хэргийн газар хүн үсэрчихлээ гэсэн дуудлагын дагуу ирсэн байна. Хэргийн газраас 2620 ам.доллар бэлнээр, түүний жолооны үнэмлэх, эвдэрсэн гар утас болон бусад эд зүйлийг олж авчээ.
Дэн Рапопорт нас барахаасаа өмнө эхнэр Алёнатайгаа уулзаж, Украины асуудлын талаар ярилцахаар төлөвлөж байсан аж. Энэ тухай эхнэр нь Оросын "RBC" телевизэд ярьжээ. Алёна нь украин хүн бөгөөд эх орондоо хэрхэн туслах талаар нөхөртэйгөө ярилцахаар төлөвлөж байсан гэв. Сэтгүүлч эхнэрт нь "Дэн Рапопорт нас барахдаа нохойгоо паркад сул тавьж, гэрээслэл үлдээсэн" гэж хэлэхэд Алёна "Тэнд ямар ч гэрээслэл байгаагүй. Амиа хорлолт биш" гэж маргажээ.
52 настай хөрөнгө оруулалтын банкир асан Дэн Рапопорт нь Москва дахь Оросын сөрөг хүчнийг дэмжиж, тус хотод байрлалтай брокерын фирмийг удирддаг байжээ.
Латвид төрсөн Дэн Рапопорт тус улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад Орост санхүүгийн институти ажиллуулж байгаад 2007 онд Москвад алдарт "Soho Rooms" шөнийн клубыг нээжээ. Путин 2012 онд дахин ОХУ-ын ерөнхийлөгч болоход тэрбээр сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйтэй холбоо тогтоосон аж. Тэрбээр цахим сүлжээнд Путиныг шүүмжлэн олон удаа нийтлэл бичиж байжээ. Сүүлд 2012 онд тэрбээр ОХУ-аас явж, Вашингтонд олон жил амьдарсан аж.
Дараа нь 2016 онд Украины нийслэл Киев рүү нүүж, тэнд орон нутгийн улс төртэй холбогджээ. Мөн тэрбээр тэнд хоёр дахь эхнэр Алёнатай учирч, гэрлэсэн аж. ОХУ нь өнгөрсөн хоёрдугаар сард Украин руу дайрсны дараа Киевийн хэвлэлүүд түүний дэмжлэгийг олон удаа иш татан мэдээлж байв. Тэрбээр Киевийг дэмжин Украины уламжлалт хувцасыг өмсөн, тус улсын төрийн далбааны авхуулсан зургаа цахим сүлжээнд нийтэлж байжээ. Тэрбээр Фейсбүүкт сүүлд Украины дайныг шүүмжилсэн пост оруулсан байв. Тэрбээр Путиныг "авлигач, хуурамч, чөтгөрлөг, аюултай хүн" гэж 2014 онд Фейсбүүкт бичиж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE DAILY BEAST, FOX NEWS
Холбоотой мэдээ