Спортын хүрээлэлд асар их нөлөөтэй Токиогийн олимпийг зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал асан Харүюүки Такахашиг “Аоки Холдингс” компаниас нийт 51 сая иен буюу 380 мянган ам.долларын хахууль авсан хэргээр баривчилжээ. Тодруулбал, “Аоки Холдингс” компанитай олимпийг ивээн тэтгэх гэрээ байгуулсан нь авлигын хэрэг болон хувирсан аж.
Токиогийн олимпийг тойрсон олон асуудал гарсан. Дээрх асуудлаас өмнө зохион байгуулах хорооны дарга нь хүйсээр ялгаварласан үг хэлснийхээ төлөө огцорсон юм.
Прокурорууд Японы хамгийн том зар сурталчилгааны “Dentsu” агентлагийн ахлах захирал асан 78 настай Харюки Такахашигаас гадна тус худалдааны газрын дарга асан Хиронори Аоки болон өөр хоёр хүнийг уг хэрэгт холбогдуулан баривчилсан гэнэ. Токиогийн Прокурорын газрын тусгай баг Такахашиг Токиогийн наадмыг зохион байгуулах хорооны маркетингийн хэлтэст нөлөө үзүүлсэн гэжээ. Учир нь Дэнцүгийн ажилчид Токиогийн наадмын ивээн тэтгэгчдийг сонгон шалгаруулах албанд түр хугацаагаар ажиллаж байсан аж. Иймээс Такахашиг албан тушаалаа ашиглан “Аоки Холдингс” компанид давуу байдал үүсгэсэн гэж буруутгаж байна.
“Аоки Холдингс” компани Японы паралимпийн тамирчдын ёслолын хослол болон олимп, паралимпод ажилласан сайн дурын ажилчид, албаны хүмүүс, шүүгчдийн хувцсыг хийжээ.
Такахаши 2017 оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл 50 гаруй удаагийн давтамжтай авлигал авсан гэх бөгөөд уг мөнгийг гэр бүлийнхээ эзэмшдэг компаниар дамжуулан өөрийн зөвлөх хийдэг компанидаа шилжүүлжээ. “Аоки Холдингс” компанийн эзэд болох 83 настай Аоки, түүний дүү 76 настай Такахиса Аоки, 40 настай Кацухиса Уэда нар 2017 оны нэгдүгээр сараас 2021 оны зургадугаар сар хүртэл олимпийн ивээн тэтгэгчийг сонгох явцад Такахашид авлигал өгч, компанидаа давуу байдал олгохыг шаардаж байсан гэж сэжиглэж байна.
“Аоки Холдингс” нь 1958 онд олон нийтэд боломжийн үнээр хослол худалдаалах зорилготой жижиг хувцас загварын газар байгуулагджээ. Харин одоо Йокохамад төвтэй, 1991 онд Токиогийн хөрөнгийн биржийн дээд зэрэглэлийн зах зээлд бүртгэлтэй болсон томоохон компани болж өргөжөөд байна.Улсын хэмжээнд 600 орчим хувцасны жижиглэнгийн дэлгүүртэй тус компани шуугиан тарьсандаа уучлалт гуйж, "Нөхцөл байдлыг маш нухацтай авч үзэж, мөрдөн шалгах ажиллагаандаа эрх баригчидтай бүрэн хамтран ажиллах болно" гэж мэдэгдэв.
Холбоотой мэдээ