Байр суурь: Буруу хүрдтэй машин монголчуудын амь насанд аюултай

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Байр суурь: Буруу хүрдтэй машин монголчуудын амь насанд аюултай

Байр суурь: Буруу хүрдтэй машин монголчуудын амь насанд аюултай

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хугацаа тогтоож хориглох асуудал иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй. Энэ асуудлыг наймдугаар сарын сүүлчээр НИТХ-аар хэлэлцэж, тодорхой шийдвэрийг гаргана гэдгийг албаныхан хэлсэн. Монгол Улс замын хөдөлгөөний зүүн гарын дүрэмтэй.  Гэтэл замын хөдөлгөөнд оролцож буй автомашины дийлэнх хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй машин эзэлж байгаа юм. Тиймээс энэ асуудалд мэргэжлийн судлаачдын байр суурийг хүргэж байна. 


"МОНГОЛЫН ЗАМД БУРУУ ТАЛДАА ХҮРДТЭЙ МАШИНЫ ТЕХНИКИЙН ЧАНАР САЙН, ТОХИРДОГ"

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч асан, цагдаагийн хурандаа Р.МӨНХБАЯР:

-Бид буруу хүрдтэй машин болохгүй л гэж ярьж байна. Яг юу нь болохгүй байгаа юм бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Монгол Улс замын зохион байгуулалтаараа олон улсын Венийн конвенцид нэгдэж, зөв талдаа хүрдтэй машин явахаар зохицуулалтуудаа хийсэн. Монголын замын тэмдэг тэмдэглэгээ, мэргэжилтэн бэлтгэж байгаа нь бүгд зөв талдаа хүрдтэй машинд зориулж ирсэн. Энэ нь буруу талдаа хүрдтэй машин явахад эрсдэлтэй байдал бий болгож байгаа юм. Тэгээд ирэхээр л бид зөв талдаа хүрдтэй машин сонгох хэрэгтэй болж байгаа.

Гэхдээ Монголын замд Япон улсаас орж ирж буй буруу талдаа хүрдтэй машины  техникийн чанар сайн учраас энэ асуудлыг дахин дахин яригдахад хүргэж буй. Өөрөөр хэлбэл, эдгээр машиныг орлох машин алга.

Монгол Улсад бүртгэлтэй автомашины 60 орчим хувь нь буруу хүрдтэй байгаа. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд буруу талдаа хүрдтэй машиныг хориглочихсон байснаа 1991 онд тэрийгээ цуцалчихсан. Тэгээд л одоо автомашины дийлэнх хувь нь буруу талдаа хүрдтэй машин болчхоод байна. Бид осол аваар, замын түгжрэл хүрдний буруугаас болж байна гэдгийг иргэддээ зөв ойлгуулах хэрэгтэй. Энэ асуудалд судалгаа хийж, тогтоогоод, иргэддээ сайн ойлгуулж чадах юм бол буруу талдаа хүрдтэй машинаас татгалзаж чадна. Ингэхдээ сайн чанарын зөв талдаа хүрдтэй машин оруулж ирэх юм бол хэн буруу хүрдтэй машин барихыг хүсэх юм бэ. Төр тэр шийдлийг л хийх шаардлагатай. Дэлхийн бусад улс оронд буруу талдаа хүрдтэй машинаас арай өндөр татвар, даатгал авдаг байх жишээтэй.

"МОНГОЛ УЛСАД БУРУУ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОНО ГЭДЭГ УТГАГҮЙ"

ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, доктор И.БАЗАРРАГЧАА:

-Монгол Улсад буруу хүрдтэй машиныг хориглоно гэдэг утгагүй. Дэлхийн улс орнуудад буруу хүрдтэй машиныг хориглосон газар ч байхгүй. ОХУ гэхэд хориглож хориглож, сүүлдээ дийлэхээ больсон байх жишээтэй. Ер нь иргэдийн эд хөрөнгийг буруу хүрдтэй машин гэж хориглох нь буруу. Замын хөдөлгөөний дүрэмд харшилж байгаа юм байхгүй.

"ГААЛЬ ИМПОРТЫН БОДЛОГООР БУРУУ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХЯЗГААРЛАХ НЬ ЗҮЙТЭЙ"

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.ЖАРГАЛСАЙХАН:

-Буруу талдаа хүрдтэй машиныг хэрхэн хориглох вэ. Шууд маргааш замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм уу бодлогын хэмжээнд гааль импортоор нэмж оруулахгүй юм уу. Иргэд ч гэсэн энэ асуудлыг өрөөсгөл ойлгож байна. Дэлхийн улс орнууд  ч шууд хориглосон түүх байхгүй. Бодлогоор аль болохоор иргэдээ хохироохгүй арга замаар шийдвэр гаргана. Машин чинь тодорхой хугацааны дараа элэгдэж, хорогдоно. Ер нь буруу талдаа хүрдтэй машин унаж, хэрэглэх нь монголчуудын амь насанд аюултай байна. Тиймээс цаашдаа гааль импортын бодлогоор буруу хүрдтэй машиныг хязгаарлах нь зүйтэй.

Англи, Япон зэрэг улс үндэснийхээ хууль тогтоомжоор зүүн гарын дүрэмтэй. Үүнээс эхлэн замын зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ, дүрэм журмаа баталдаг. Монгол Улсын хувьд замын хөдөлгөөний зүүн гарын дүрэмтэй. Одоо замын бүх зохион байгуулалтыг өөрчилнө гэвэл асар их мөнгө шаардана.

Асуудлыг жаахан судалж, ул суурьтай ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, Швед улс 1960-аад онд буруу талдаа жолооны хүрдтэй машины замын хөдөлгөөний дүрэмтэй байсан. Энэ зохион байгуулалт, дүрмээ өөрчлөх гэж маш их ажлыг хийж, асар их хөрөнгө зарцуулсан. Англи, Япон улс гэсэн машин үйлдвэрлэгч орон учраас бусад машин үйлдвэрлэгч улсуудтай өрсөлдөх гэж буруу талдаа жолооны хүрдтэй машиныг бүтээсэн.  Энэ асуудал үйлдвэрлэгч орны бодлогоор гарч ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж