Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг энэ жил цахимаар хийж байгаа билээ. Өмнө нь сугалаагаар хүүхдүүдээ цэцэрлэгт өгдөг байсан бол энэ жил "E-Mongolia" системээр хүсэлт илгээж, хүүхдээ аль цэцэрлэгт хамрагдах хариуг хүлээн авах юм. Бүртгэлийн явцын талаар Боловсролын яамнаас тодрууллаа.
“Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141023 хүүхэд бий. Өнөөдрийн байдлаар 86309 хүүхдийн бүртгэл хийгдээд байна. Бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Хүсэлтийн хариуг наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гар утасны дугаарт мессежээр илгээх ба давхар "E-Mongolia" системээс орж харах боломжтой.
Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдүүд нь:
- 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
- Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
- Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байх.
Түүнчлэн цэцэрлэгийн насны 34486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байсан асуудлыг шийдэж, энэ оны есдүгээр сарын 1-н гэхэд 26643 хүүхэд, арванхоёрдугаар сарын 31-н гэхэд 7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байна. Мөн байгууллагын цэцэрлэг дээр 1000 орчим хүүхэд хамруулах бөгөөд есдүгээр сарын 1-н гэхэд 450 хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулах болно” гэлээ.
Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд цэцэрлэгийн зориулалттай барилга худалдаж авах, шинэр байгуулах, хувийн цэцэрлэгтэй хамтарч ажиллах зэрэг арга хэмжээ авч буй. Одоогоор зарим дүүргийн 14 байршилд цэцэрлэгийн обьект худалдан авах төлөвлөгөө гаргаад буй. Төлөвлөгөөний дагуу тендерүүд ч зарлагдаад байгаа юм. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэгдсэнээр Баянгол, Хан-Уул, Чингэлтэй зэрэг дүүрэгт цэцэрлэгийн барилга худалдаж авах, шинээр барих тендерүүд зарлагджээ. Түүнээс гадна худалдан авах ажлын хүрээнд хүүхэд хүлээж авахад зарим обьект нь бэлэн болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүдийг насаар нь эрэмбэлж авч үзвэл таван настай 3513, дөрвөн настай 3621 гурван настай 3672, хоёр настай 23780 хүүхэд бий.
Эдгээрийн 11 мянган хүүхдийг эхний ээлжид нэмэлтээр гаргасан цэцэрлэгүүдэд есдүгээр сарын 1-н гэхэд хамруулна. Харин үлдсэн 24 мянга гаруй хүүхдийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор цэцэрлэгт элсүүлэх шийдвэр гарсан.
Холбоотой мэдээ