Түрээсийн байрны эрэлт ихэсч, нэг өрөө 1.5 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Түрээсийн байрны эрэлт ихэсч, нэг өрөө 1.5 саяд хүрчээ

Түрээсийн байрны эрэлт ихэсч, нэг өрөө 1.5 саяд хүрчээ

Орон сууцны түрээсийн үнэ байршлаас шалтгаалж жил бүр өсч байгаа ч хичээл сургууль эхлэх дөхсөн наймдугаар сард эрэлт нь эрс ихэсч, үүнийг дагасан үнийн хэт хөөрөгдөл үүсдэг. Бичигдээгүй уламжлалын дагуу энэ жил ч мөн тус жишиг давтагдав. Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө бэлтгэсэн сурвалжлагаас өнгөрсөн сард түрээсийн орон сууцны ханш хэрхэн өсч эхэлснийг ЭНД дарж унших боломжтой.

Татвар шимтгэлээ төлөөд авдаг цалингийнхаа ихэнхийг нь хажуу өрөө байрны төлбөртөө өгч, үлдсэн жаахан мөнгөөрөө амьдрах нь монгол залуусын дунд нийтлэг үзэгдэл. Гэлээ ч үл хөдлөхийн зах зээл гэдэг  эрэлт ихсэхийн хэрээр үнэ цэн нь өсдөг жамтай.

Төгрөгийн ханш, гадаад, дотоод нөхцөл зэргээс шалтгаалж эдийн засаг хямарч буй үед хувь хүн хөрөнгөө хэрхэн үнэлэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэвч хөрсөн дээр буугаагүй хөөсөрсөн үнэ, өндөр шаардлага тавьж байгаа нь иргэдийн ундууцлыг барж байгаа юм.

Олны дунд эрэлт ихэссэн энэ үед нийслэлийн дүүргүүдэд түрээсийн байр, нийтийн байр, хажуу өрөө, хашаа байшингийн түрээсийн ханш ямар байгааг сурвалжлан хүргэж байна.

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ "3+1"-ЭЭС ЭХЭЛЖ БАЙНА

Нийслэлд 255 мянга гаруй орон сууц байдаг гэсэн албан бус статистик бий. Үл хөдлөх хөрөнгийн шинжээчдийн үзэж байгаагаар цаашид ч байрны үнэ тогтмол өсөх хандлага ажиглагдаж буй. Монгол нэг өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг болохыг өчигдөр /2022.08.17/ ҮСХ-ноос мэдээлсэн. Гэвч нэг өрөө байрны түрээсийн төлбөр өрхийн сарын дундаж орлогоос даваад удаж байна. Тухайлбал, сүүлийн ганцхан жилийн хугацаанд байрны үнэ байршлаас шалтгаалж 100-400 мянган төгрөгийн өсөлттэй гарчээ. Мөн үнэ өсөөд зогсохгүй барьцаа нь дагаж өссөн байна. Үнийн хувьд авч үзвэл дүүргүүдээс шалтгаалж:

  • Нэг өрөө байр 650-1.3 сая төгрөг,
  • Хоёр өрөө байр 800-1.8 сая төгрөг,
  • Гурван өрөө бол 1.1-2.8 сая төгрөг байна.

Орон сууцнаас гадна шэйр өрөө буюу олуулаа байх тохижилттой дундын эзэмшлийн байр сарын /нэг хүний/ 300-400 мянга, нийтийн байр 130-650 мянга, хашаа байшин 150-450 мянган төгрөгийн зах зээлийн ханштай байна. Эдгээрийн тухайд байршил нь ихэвчлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд байгаа юм. Харин хотын төвдөө гэж тодотгож хайвал заруудын илэрц их байх ч үнэ өндөр байлаа. Монголын хамгийн томд тооцогддог зарын сайтууд, пэйж хуудас зэргээр орж, заруудын дагуу холбогдож тодрууллаа. Зарын цахим хуудсуудад нэг өрөө байрны зар ховор бөгөөд ихэвчлэн 2-3 өрөө байрны зар  байв.

ТӨЛБӨРИЙГ БӨӨН ТӨЛБӨЛ САРЫН ТҮРЭЭС 50-150 МЯНГААР ХЯМДАРНА

Баянзүрх дүүргийн эмнэлгийн хойно 2022 оны хоёрдугаар сард ашиглалтад орсон 28 метр квадрат нэг өрөө тавилгатай шинэ байр цэвэрч нямбай суух эмэгтэй хүүхэд эсвэл гэр бүлийн 2-3 хүнд түрээслүүлнэ гэх зарын дагуу залгалаа. Тухайн зарын эзэн түрээсийн гэрээг багадаа нэг жилээр авна гэх. Төлбөрийн хувьд гурван сар дээр нэмэх нь нэг сарын барьцаатайгаар сарын 950 мянга. Харин зургаан сар дээр нэг сарын барьцаатай бол 900 мянга, 12 сараар нэг сарын барьцаатай төлөх гэрээ хийвэл сарын 800 мянган төгрөгөөр тооцно гэлээ. Сар сард нь төлбөрөө тушаах эсвэл барьцаагүй гэрээ хийх боломжтой эсэхийг лавлахад тийм байр хаанаас ч олдохгүй гэв.

3-7 хоногийн өмнө нийтлэгдсэн заруудын дагуу холбогдоход ихэнх нь түрээслэгчээ олжээ.

Тиймээс наймдугаар сарын 15-наас хойш тавьсан зарууд руу утасдав. Дараагийн асуусан байр бол байршлын хувьд хотын А бүсэд хамаарах орон сууц. Өрөөний тоо нэг бөгөөд тагтгүй, тавилгагүй байр. Үнэ нь сарын 1.5 сая төгрөг. Төлбөрийн нөхцөл нь зөвхөн "6+1"-ээр авна гэлээ. Яагаад ийм өндөр үнэтэй байгааг асуухад Рапид хороололд нэг өрөө түрээслэх тохиолдол ховор. Байрны хувьд дулаахан цэвэрхэн, өвлийн цагт утаа багатай. Мөн бүх үйлчилгээндээ ойр, харуул хамгаалалт сайтай, хүүхдийн тоглоомын талбай ч бий. Тэрнээс гадна сургууль, цэцэрлэгт ойр байршилтай гэх хариулт өглөө. Тус түрээсийн зарыг 15 хоног давтамжтай тавьсан ч ихэнх нь зуучлагч холбогдож байна гэв.

Түрээсийн байрны эрэлтийг дагаад түрээслэх байр зуучлагчид ихэссэн байна. Зуучлагчдын хувьд 10-20 хувийн зөрүү авч байрыг яаралтай хугацаанд түрээслүүлэгчийн нөхцөлийн дагуу борлуулдаг аж.

Харин 2-3 өрөө байрны зарын дагуу ярихад мөн л ижил нөхцөлтэй байлаа. Тэгэхээр нэг өрөө байрны түрээсийг хамгийн хямдаар тооцож үзвэл сарын барьцаатайгаа нийлээд 1.5-2.2 сая төгрөг болж байна. Гэхдээ 1+1 буюу сар сард нь төлбөр төлөх нөхцөлтэй байр огт байсангүй.

СҮХБААТАР, ХАН-УУЛД ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ҮНЭ ХАМГИЙН ӨНДӨР

Нийслэлийн зургаан дүүргийн байрны үнийн харьцуулсан судалгаагаар нэг жилийн хугацаанд Баянгол дүүрэгт байрны түрээсийн дундаж үнэ хамгийн их буюу 45 хувиар нэмэгджээ. Гэсэн ч түрээсийн төлбөрийн өртгийг үзвэл Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тэргүүлж байна. Ганцхан жишээ татахад, Баянголд нэг өрөө байрыг 700-850 мянгаар түрээслэх бол Сүхбаатар дүүрэгт яг адил онд ашиглалтад орсон орон сууцыг 1.2-1.5 саяар түрээсэлнэ.

Мэдээж байр түрээслэх боломж хүн бүхэнд байхгүй. Тиймээс цэцэрлэг, сургууль, ажил, үйлчилгээнд ойрхон нийтийн байр, хашаа байшинг иргэд мөн их сонирхдог байна. Эдгээр нь орчин нөхцөл байршил, дулааны шугамд холбогдсон эсэхээс хамаарч үнэ нь хэлбэлзэнэ. Зурагт, Дэнжийн мянга, Гандан, Хайлааст, Сансрын ШТС зэрэг байршлуудад нийтийн байрны сарын түрээс 100 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин хотын төвтэй ойрхон буюу Нарантуул зах, 32-ын тойрог, 16-р хороолол, Офицеруудын ордон, КТМС гэх мэт байршилд өрөө томтой, интернеттэй нийтийн байрны цахилгаан багтсан үнэ 150 мянгаас эхэлж байна. Гэхдээ эдгээр байрууд нь дотроо халуун, хүйтэн усгүй зөвхөн жижиг талбайтай өрөө юм. Мэдээж цэвэр тохилог байрууд ч бий. Тэдгээр нь 350-650 мянган төгрөгийн түрээстэй.

Хашаа байшингийн хувьд ихэвчлэн Долоон буудал, Зурагт, Гандан, Шархадны эцэст түрээслэх зар байна. Төлбөрийн нөхцөл нь мөн л гурваас дээш сараар хийх. Гэхдээ байртай харьцуулахад харьцангуй хямд нь ойлгомжтой.

Энэ мэтчилэн нийслэлд түрээслэх бүх үл хөдлөх том, жижиг, тансаг эсэх, байршил зэргээс үл хамаарч бүгд барьцаатай түрээсэлдэг болжээ. Ингэснээр бүтэн жилд байрны урьдчилгаанд өгөх боломжтой мөнгөөр 1-2 өрөө байр түрээсэлж, 12 сард 10-15 сая төгрөгийг зөвхөн түрээсийн төлбөрт өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж