Тайваньд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси айлчилсан, Хятад удаа дарааллан цэргийн сургуулилалт хийсэн гээд Бээжин, Тайпэйн харилцаа хурцадмал байдалд буй. Пелосигийн айлчлалын хариу арга хэмжээ болгож Хятад улс Тайваньд байгалийн элс экспортлохоо зогсоосон. Мөн Тайваниас жимс жимсгэнэ, далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоогоод буй. Тайванийн засгийн газрын цахим сүлжээ кибер халдлагад өртсөн явдал ч бас гарлаа.
Пелосиг ирэхээс өмнө Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү 21 удаа нэвтэрсэн бол явсных нь дараа байлдааны сургуулилалт эхлүүлсэн. Уг сургуулилалтаа наймдугаар сарын 4-7-ны хооронд гэж зарласан боловч 10-ны өдрийг хүртэл сунгасан.
Тэгвэл Ази, Номхон далайн орнууд нэг л зүйл дээр санал нэгтэй байна. Тэр нь Тайванийн хоолой дахь өнөөгийн нөхцөл байдал бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулж болзошгүй гэдэг өнцөг. Уг үндсэн ойлголтыг эс тооцвол улс орнуудын байр суурь харилцан адилгүй байгаа аж.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин энэ сарын 8-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. “Тайванийн асуудал дээр хэд хэдэн улс Хятадыг дэмжиж байна” гэж хэлжээ. Гэсэн хэдий ч үүнийг шууд утгаар нь Хятадыг дэмжсэн гэж ойлгоход бэрх юм. Тухайлбал, Орос, Хойд Солонгос гэсэн орнууд өнөөгийн хурцадмал байдалд АНУ-ыг буруутгасан. Тэд Нэнси Пелосигийн айлчлал хурцадмал байдлыг өдөөсөн гэж үзэж байна. Түүнчлэн цөөнгүй орнууд АНУ-ыг шүүмжлэлгүйгээр байр сууриа илэрхийлж, төвийг сахисан байдалтайгаар зөвхөн санаа зовнилоо илэрхийлжээ. АНУ-ын ойрын холбоотон Австрали, Япон зэрэг орон Хятадын үйл ажиллагааг буруутгаж буй.
Энэ мэт ялгаатай байр сууриудыг “The diplomat” хуудас нэгтгэжээ. Ингэхдээ зүүн, зүүн өмнөд, өмнөд, төв Азийн орнууд болон Ази-Номхон далайн бүс нутаг, Австрали, Шинэ Зеландын 33 мужийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээ материалыг судалсан байна. Тодруулбал, тухайн хэвлэлүүдэд гарсан Гадаад хэргийн яамдуудын албан ёсны мэдэгдэл, мэдээ, тайлбарыг нэгтгэсэн. Дараа нь мэдэгдлүүдийг 1-5 хүртэл оноогоор үнэлжээ. Нэг оноо нь Хятадыг хамгийн их дэмжсэн, таван оноо нь Хятадтай нийцгүй буюу АНУ, Тайванийн байр суурьтай ижил байна гэсэн үг юм. Доорх зургаас харвал Хятадтай ойролцоо байр суурьтай байгаа орнуудыг улаан өнгөөр, АНУ-тай ойр байр суурьтай орнуудыг цэнхэр өнгөөр, төвийг сахисан орнуудыг шар өнгөөр тэмдэглэжээ.
Эндээс харвал Мьянмар, Хойд Солонгос, Орос гэсэн гурван улс Хятадыг хамгийн их дэмжсэн байна. Гурвуулаа хурцадмал байдлыг өдөөсөн гэж АНУ-ыг буруутгасан байр суурьтай байв.
Тухайлбал, Мьянмарын цэргийн засгийн газрын мэдэгдэлд Пелосигийн айлчлал Тайванийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэжээ. Харин Хойд Солонгос, “АНУ бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, санаатайгаар өдөөн хатгаж буйг эсэргүүцэж байна” гэж мэдэгдсэн. ОХУ-ын хувьд АНУ-ыг улсуудын бүрэн эрх тэгш байдлын үндсэн зарчмыг зөрчиж байна гэжээ. Харин Пакистан улс тавалсан шатлалаас дөрвөн оноо авчээ. Пакистаны засгийн газрын мэдэгдэлд “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ гэжээ. Түүнчлэн “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөө үзүүлж буй Тайванийн нөхцөл байдалд гүнээ санаа зовниж байна. Аливаа улс хоорондын харилцаа нь харилцан хүндэтгэх, нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд үндэслэсэн байх ёстой. Мөн НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүй, хоёр талын хэлэлцээрийн зарчмуудаа баримтлах ёстой” гэжээ.
Дээрхээс гадна өөр 10 улс АНУ-ыг шууд буруутгалгүйгээр Хятадтай ойр байр сууриа илэрхийлсэн байна. Эдгээр улсын мэдэгдлийг нэгтгээд үзвэл дараах байр сууриуд гарч ирж байна.
Тэд “Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг”, “Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж буйд санаа зовж байна”, “Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалж байна” гэсэн байр сууриудыг илэрхийлжээ.
Төвийг сахисан байр суурь буюу 1-5 шатлалаар гурван оноо авсан зургаан орон байна. Энэ улсууд санаа зовж буйгаа илэрхийлэхийн сацуу талуудыг тэвчээртэй, болгоомжтой байж, байдлыг хурцатгахгүй байхыг уриалсан. Тухайлбал, Индонези улс “Томоохон гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн нэмэгдэж буйд гүнээ санаа зовж байна. Нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй өдөөн хатгасан үйлдлээс зайлсхийхийг талуудад уриалж байна” гэжээ.
Энэтхэг, Шинэ Зеланд, Сингапур, Вьетнам гэсэн дөрвөн улс Хятадыг шууд буруутгаагүй ч АНУ-тай илүү ойр байр суурьтай байсан. Энэ улсууд 1-5 шатлалаар дөрвөн оноо авсан гэсэн үг. Тэд АНУ-ын хэрэглэдэг “сөргөлдөөнийг намжаах”, “хязгаарлалт” гэсэн үгнүүдийг түлхүү ашиглажээ.
Сингапур улс л гэхэд буруу тооцоолол, болзошгүй ослоос зайлсхийх хэрэгтэйг онцлон тэмдэглээд, энэ нь хурцадмал байдлын тойргийг үүсгэнэ гэж мэдэгдсэн. Харин Энэтхэг улсын хувьд Пелосигийн айлчлалаас хойш 10 хоногийн турш ямар нэгэн тайлбар хийгээгүй азнасны эцэст ийн мэдэгдсэн. “Бид тайван байдлыг хадгалахын тулд тэвчээртэй байж, статус квог өөрчлөх ганц талын үйл ажиллагаанаас зайлсхийх хүчин чармайлт гаргахыг уриалж байна” гэжээ.
Харин Австрали, Япон улсууд АНУ ба Тайваньтай ижил байр суурьтай байж, Хятадын цэргийн сургуулилалтыг шууд буруушаасан. Хятадын цэргийн сургуулилалтын үеэр таван пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасныг албаны хүмүүс мэдэгдсэн. Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса мэдэгдэхдээ, цэргийн сургуулилалт нь Японы аюулгүй байдлын ноцтой асуудлыг хөндөж байгааг дурдсан аж. Түүнчлэн, Япон улс “Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нартай хамтарсан мэдэгдэл хийхдээ Хятадын заналхийлсэн үйлдлийг эрс шүүмжилсэн. Япон, Тайвань хоёр нь 1972 оны Япон, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл дээр суурилсан төрийн бус, ажлын түвшний харилцаатай.
Ази-Номхон далайн хэд хэдэн орон албан ёсны мэдэгдэл огт хийгээгүй байна. Тэр дундаа АНУ-ын ойрын холбоотон Өмнөд Солонгос мэдэгдэл хийгээгүй. Үндсэндээ зүүн өмнөд Ази тэр аяараа гэхэд болохуйц бүс нутгийн томоохон хэсэг нь аль нэг талд орохыг хүсэхгүй, дундыг баримталсан байр суурьтай байна.
Тайвань нь НҮБ-ын 193 гишүүн орны 13-тай нь бүрэн дипломат харилцаатай. Үүний зэрэгцээ НҮБ-ын гишүүн 58 улс, өөрийгөө тунхагласан Сомалиланд улс, Гуам, Хонгконг, Макао, Европын холбоотой төлөөлөгчийн газраараа дамжуулан албан бус харилцаатай байдаг. Дипломат сүлжээнийхээ цар хүрээгээр дэлхийд 31-т ордог аж. Тайванийн нутаг дэвсгэр, тусгаар тогтнолын асуудал маргаантай байсаар ирсэн. Тусдаа улс мөн үү гэсэн асуултын хариулт нь хэнээс асуухаас хамаарч өөр өөр байна гэдгийг “World population review” хуудас онцолжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT, WORLD POPULATION REVIEW, WIKIPEDIA
Холбоотой мэдээ