Супер баатруудын босс

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Супер баатруудын босс

Супер баатруудын босс

Марвел гэдэг нэрийг сонсоод хэн бүхний санаанд супер баатрууд буудаг. Тэгвэл Марвелийг хэн эзэмшдгийг та мэдэх үү? Марвелийн захирлаар 2007 оноос хойш Кевин Файги гэгч эрхэм ажиллаж буй. Энэ удаагийн хүмүүс буландаа супер баатруудын босс, продюсер Кевин Файгиг онцолж байна.


МӨРӨӨДӨЛДӨӨ ТУУШТАЙ НЭГЭН

АНУ-ын кино, телевизийн продюсер Кевин Файги 1973 оны зургадугаар сарын 2-нд Массачусетс мужийн Бостон хотноо төржээ. Гэхдээ тэрбээр Нью-Жерси мужийн Уэстфилд хот руу найман настайдаа нүүж, тэнд сургууль төгссөн байна. Еврей гэр бүлээс гаралтай Кевин өвөөгийнхөө урлагийн авъяасыг өвлөн төржээ. Түүний өвөө нь 1950-аад онд “савангийн дуурь” ид хит болж байхад продюсероор ажилладаг байв. Тэрбээр Өмнөд Калифорнийн их сургуулийн Театр урлагийн сургуулийг дүүргэжээ.  Кевин тус сургуульд элсэхийн тулд таван удаа хүсэлт гаргасан ч татгалзсан хариу авсан ч шантраагүйгээс харвал түүний хүсэл мөрөөдөлдөө тууштай нэгэн гэдгийг харж болно. Тэрбээр зургаа дахь удаагаа хүсэлт гаргахад элсч чадсан аж.

СУПЕР БААТРУУДЫН БОСС БОЛСОН НЬ

Кевин сургуулиа төгсөөд эхэн үедээ гүйцэтгэх продюсер Лорен Доннерын дор “Галт уул”, “Танд шуудан ирлээ” зэрэг кинонд туслах продюсероор ажилласан аж. Удалгүй 2000 онд Марвелд продюсероор ажилд орж, Лорены хамтаар “Икс хүмүүс” цувралын эхний ангийг бүтээсэн байна. Тухайн ондоо тэрбээр нэг шатаар албан тушаал ахиж чаджээ. 2000-аад оны дунд үе гэхэд “Хүн аалз”, “Икс хүмүүс” кинонуудын патентыг “Sony”, “20th Century Fox” компаниуд эзэмшиж байсан ч “Avengers”-ийн гол баатрууд Марвел студийнх гэдгийг Кевин олж харжээ. Улмаар тэрбээр супер баатруудын босс болох алхмуудаа хийж эхэлсэн аж. Эцэст нь 2007 онд тэрбээр Марвел студийн ерөнхийлөгчөөр нэрлэгдсэн байна.

Кевин 2007 онд мэс заслын сувилагч Кейтлинтэй гэрлэжээ. Тэд 2009 онд охин, 2012 онд хүүтэй болжээ.

Кевин 2016 онд “Doctor Strange” киноны гол дүрд цагаан арьст жүжигчнийг сонгосныхоо төлөө багагүй шүүмжлэлд өртөж байв.

Марвел студийн олон улс дахь орлого 26.8 тэрбум ам.доллароор үнэлэгддэг бол Кевиний нийт орлого 200 сая ам.доллар аж. Олон эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр жилд 20 сая ам.долларын орлого олдог байна. Марвел студийн хамгийн өндөр орлого олсон бүтээл бол “Avengers: Endgame” юм. Улмаар Кевин хамгийн өндөр орлоготой продюсер болжээ. Тэрбээр АНУ-ын продюсеруудын холбооны гишүүн. 2018 онд Оскарын наадамд “Хар ирвэс” киногоороо нэр дэвшиж, шилдэг кино зураг шагналыг хүртсэн анхны супер баатрын бүтээл болсон.

Түүний дуртай супер баатар нь “Төмөр хүн” гэдгийг нэгэн ярилцлагадаа ам алджээ. Тэрбээр яагаад “Төмөр хүн”-д дуртай гэдгээ тайлбарлахдаа, баатарлагаар Таностой тулалдаж, өөрийгөө золиосолсон учраас жинхэнэ супер баатар гэж дүгнэдэг байна.

 

Марвелийн супер баатруудын 4-р үеийг “She-Hulk: Attorney at Law” гэх эмэгтэй халкийн тухай киногоор эхлүүлэхээр Кевин төлөвлөжээ. Уг кино өнөөдөр АНУ-д нээлтээ хийнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж