"Хөрөнгө оруулалтыг татах улс төрийн хүсэл зорилго чухал"

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

"Хөрөнгө оруулалтыг татах улс төрийн хүсэл зорилго чухал"

"Хөрөнгө оруулалтыг татах улс төрийн хүсэл зорилго чухал"

Эрчим хүч, барилга зэрэг гол салбарууд нь хоёр хөршөөсөө хараат Монгол Улсад гуравдагч орноос хөрөнгө оруулалтыг татаж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй гэдгийг эдийн засагчид онцолдог. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахад учирч буй саад, боломжийг өнөөдөр/2022.08.17/ Монгол дахь АНУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан “2022 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл: Монгол Улс” хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа.

Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдад учирч буй саад бэрхшээл нь авлига, засаглал тогтворгүй, хууль тогтоомжийн тодорхойгүй, хэрэгжилт хангалтгүй байдал, өрсөлдөх чадвар муу зэрэг хэд хэдэн хүчин зүйл байна гэдгийг илтгэгчид онцолж байв. Түүнчлэн уул уурхайгаас бусад салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг салбар бүрээр нь тусгайлан судалж, статистик мэдээлэл гаргасан нь ховор байдаг аж. Тиймээс энэ чиглэлд судалгаа, шинжилгээ явуулах шаардлагатай гэдгийг илтгэгчид хэлж байв. Хууль тогтоомжийг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдад нэгдсэн ойлголт өгөх чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарган Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулан ирэх  намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг тус яамны дэд сайд Б.Солонгоо онцлов.

“АмЧам” Монголын Гүйцэтгэх захирал О.АДЪЯА:

-Монгол Улс хөрөнгө оруулалтыг татахад хууль эрх зүйгээ сайжруулахад анхаарч байна. Гэхдээ хууль гараад бүх зүйл шийдэгдэнэ гэсэн үг биш. Хөрөнгө оруулалтын хуулийг дагаад татвар зэрэг олон хуульд нэмэлт өөрчлөлт орох хэрэгтэй. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулахад хууль зүй, санхүү, татвар зэрэг олон салбарын төлөөлөгчид ажлын хэсэгт орж ажиллаж байна. Төр засаг гадаадаас хөрөнгө оруулалт татна гэж ярьж байгаа боловч Монголд ороод ирсэн хөрөнгө оруулагчидтайгаа хэрхэн харьцаж, хамтран ажиллаж байгаа нь чухал. Шинэ хөрөнгө оруулагчдыг татахын тулд одоо байгаа гадаадын бизнес эрхлэгчдэдээ хууль эрхзүй, татварын асуудлаа цэгцтэй болгоход анхаарах хэрэгтэй.

Covid-19-ийн дараа эдийн засаг нээгдэж, аялал жуулчлал, үйлчилгээний салбарууд нээгдэж байгаа, Оюутолгойн хэлэлцээ амжилттай болсон зэрэг нь энэ онд гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэх найдлагыг төрүүлж байна.

Жишээлбэл, Монголд фейсбүүк орж ирсэн байгаа. Хэрэв Монгол Улс тус компанийн бүсийн төв болж чадвал ар араасаа бусад технологийн компаниудыг татах боломжтой гэж харж байна. Технологийн компаниуд Монголыг сонирхож орж ирснээс эдийн засгаа төрөлжүүлэхэд чухал нөлөөтэй. Инфляциас болж бизнес эрхлэхэд хүндрэлтэй байгаа энэ үед Оюутолгойн үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх нь чухал. Монголбанк чадахаараа ажиллаж байгаа ч дэлхийн геополитикоос шалтгаалан хүндрэл үүсч байна. Тиймээс гуравдагч орны том хөрөнгө оруулалт орж ирээд, хоёр хөршөөс хамаарлаа багасгаж чадвал Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд МАЙКЛ КЛЕЧЕСКИ:

-Жил бүр улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг гаргах нь бизнесийн орчин нөхцөл байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг. Бид энэ онд Монголд хийгдэх боломжтой олон хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцсэн. Мөн хөрөнгө оруулалт татахад учирдаг саад бэрхшээлүүдийн талаарч ярилцлаа. Тухайлбал, авлига, эрх мэдэл зэрэг нь хөрөнгө оруулалтад тулгарч олон бэрхшээлийн нэг гэдгийг Засгийн газар ч мэдэж байгаа. Тиймээс Засгийн газар, гадаадын агентлагууд, бизнес эрхлэгчид хамтран ажиллах нь маш чухал. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэг ач холбогдол өндөртэй байлаа.

Ж.Дэлгэрсайхан эдийн засагчийн хэлснээр Монголд хууль тогтоомж муу биш боловч хэрэгжилт хангалтгүй гэдэг нь үнэн. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуулийг сайжруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улсын хувьд бүтцийн өөрчлөлт чухал. Мөн хөрөнгө оруулалтыг татах улс төрийн хүсэл зорилго тэр хэрээр нэн чухал. Монгол Улс нь хөрөнгө оруулалтыг татах чиглэлд АНУ болон бусад орнуудтай харилцан туршлага судлан ажиллаж байна.

Монгол Улсаас АНУ-д хөрөнгө оруулалт хийх нь бага боловч урсгал бий. Харилцан хөрөнгө оруулалтын урсгал байх, туршлагаа солилцох, харилцаа холбоогоо бэхжүүлэх нь хоёр орны хувьд маш чухал. Дэлхий дахин цар тахлын хөл хорионоос гарч байна. Тиймээс бид эдийн засгийн сэргэлт, хөрөнгө оруулалтад өөдрөг таамаглалтай байгаа. Ялангуяа монгол залуус өндөр мэдлэг боловсролтой болсон өнөө цагт технологийн компаниудыг орж ирэх боломжтой. Мөн улс төрийн хүрээнд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хууль журмаа сайжруулах хүсэл эрмэлзлэлтэй байгаа учраас бид ирээдүйг өөдрөгөөр харж байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.СОЛОНГОО:

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрхзүйг сайжруулах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам ажлуудыг хийж байна. Хаврын чуулган өндөрлөхөөс өмнө Компанийн тухай хуулийг өргөн барьсан. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр өгөөжтэй байлгах, хувийн хэвшилтэй илүү эрүүл өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх намрын чуулган эхлэхэд өргөн барихаар ажиллаж байна. Тус хуульд олон талын оролцоог хангаж, санал шүүмжийг нь тусгахад анхаарч байна. Хууль зөвхөн нэг төрийн байгууллагад зориулсан биш бизнесийн орчныг сайжруулах, илүү тогтвортой орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулагдаж байгаа. Тиймээс бизнесийн байгууллагуудын оролцоог хангаж, тэднийг санал шүүмжийг тусгах үүднээс энэ мэт хэлэлцүүлгийг олон зохион байгуулахаар төлөвлөсөн. Хуулийг практик бодитоор хэрэгжих, журам гарахыг хүлээхгүй байх, хэрэгжүүлэх агентлагийн чиг үүрэг тодорхой байхад анхаарч байгаа. Тус хуулийг Эдийн засгийн хөгжлийн яам болон түүний харьяа байгуулагдах Худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг байгууллага хэрэгжүүлж ажиллана.  Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулах нь хуульд тусгагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж