Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн гомдлын дагуу ломбардуудад шалгалт хийсэн талаар өнгөрсөн сард мэдээлсэн. Энэхүү шалгалтыг Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоох зорилготойгоор тогтмол хийж буй.
Өндөр хүү тооцож буй ломбардуудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг ШӨХТГ-аас мэдэгдсэн.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасан байдаг. Мөн барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг, зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог. Зарим барьцаалан зээлдүүлэх газар нь хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна.
Албан бус тоогоор Монгол Улсад 1000 орчим ломбард үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 300 орчим нь хаалгаа барьжээ. Гэхдээ ихэнх ломбардууд өндөр хүү тооцож хэрэглэгчдийг хохироож байгаа талаар иргэд гомдол гаргасан байна.
Түр хуулиар 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ломбардын хүүг гурван хувь, алдангийг өдөрт 0.2 хувь болгож, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалт хийсэн. Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхлэгчид дээрх хуулийг Үндсэн хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд, ШӨХТГ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж, хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаардаж байв.
Аймгуудад үйл ажиллагаа явуулж буй ломбардууд ч зээлийн гэрээний сарын хүү 6-7 хувь, алдангийн хэмжээ өдрийн 0.3-0.5 хувь байсан тул хугацаатай үүрэг өгч хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэл өгсөн байна.
Мөн зарим барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн зээлийн хүү 3.5-10 хувь буюу хууль зөрчиж гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож байгаа нь шалгалтаар илэрчээ. Иймд өндөр хүү тооцдог ломбардуудад торгууль ногдуулж, хариуцлага тооцох дараагийн шатны байгууллагад зөрчлийн мэдээллийг хүргүүлэх аж.
Холбоотой мэдээ