Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй өнгөрсөн долоо хоногт танилцсан талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн BA5 вирус өргөн тархаж байгааг салбар яамнаас анхааруулсан. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байгаа юм. Халдварын тархалтын тухайд энэ сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед оргил үе таарна гэж албаныхан тооцоолоод буй.
УОК болон ЭМЯ, БШУЯ-наас тодруулахад омикроны давалгаа оргилдоо хүрсэн ч одоогоор хязгаарлалт тогтоох талаар шийдвэр гаргаагүй гэлээ.
Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд:
- Гэр бүлийн орчноос
- Ажлын байрнаас
- Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.
Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Гэсэн ч сургуулийн орчинд халдвар хамгааллын дэглэм баримталж танхимын сургалтыг хязгаарлахгүй байх зохицуулалт хийж байгааг онцоллоо. Учир нь нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:
- 27.2 хувь нь 0-4 нас
- 44.6 хувь нь 5-11 нас
- 19.7 хувь нь 12-15 нас
- 8.4 хувь нь 16-17 нас байна.
Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм. Тиймээс иргэд сайн дурын үндсэн дээр хүүхдээ дархлаажуулалтад хамруулах нь эрсдэлээс хамгаалахад нөлөөтэй гэдгийг салбар яамнаас зөвлөлөө.
Монгол Улсын тухайд энэ сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд тус насны бүлгийн хүүхдүүдийн вакцинд хамрагдах идэвх муу байгаа аж. Гэхдээ ямар нэгэн албадлагын аргаар хүүхдүүдийг вакцинд хамруулахыг шаардахгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолсон.
Холбоотой мэдээ