"Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

"Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ"

"Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Монгол Улсын үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлж байна. Энэ нь юу вэ гэхээр 16 наснаас дээш иргэд “E-Mongolia” системээр дамжуулан и-мэйл хаягтай болж байгаа. Өнөөдөр Монгол Улсад ухаалаг гар утас хэрэглэж буй 3.8 сая хэрэглэгч байгаагаас 1.5 сая нь “E-Mongolia”-ийг ашиглаж байна. Үндэсний цахим шуудангийн гол давуу тал нь иргэд шууд төртэй харицна. Төр ч иргэнтэй шууд харицна. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын хугацаа нь дууссан 61 мянган хүн байна. Эдгээр хүмүүст паспортын хугацаа нь дууссан байна гэдэг сануулгыг и-мэйлээр өгч байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх цахим шуудангийн тогтолцоонд Монгол Улс албан ёсоор шилжиж байна. Заавал яам, тамгын газрын үүд сахих шаардлагагүй боллоо. “E-Mongolia” дээр төрийн 680 орчим үйлчилгээ байгаа. Иргэд өөрийн оршин суугаа сум, аймаг, дүүргээсээ ямар нэгэн зардал, чирэгдэлгүй үйлчилгээ авах боломж бүрдлээ. Хамгийн сүүлд та бүхэн “E-Mongolia”-аар цэцэрлэгийн бүртгэлээ хийлгэсэн. Одоогоор 80 гаруй мянган хүүхэд цахимаар бүртгэлээ хийлгээд байна. Ирэх 25-нд бид нар “Танай хүүхэд энэ цэцэрлэгт хамрагдана” гэх мэдээллийг цахим шуудангаар хүргэх боломж бүрдлээ. Сургуулийн бүртгэл мөн цахимаар хийгдэнэ. Цаашдаа иргэн татварын харилцаа үүссэн бол төр шууд мэдээллээ хүргэнэ. Мөн аж ахуй нэгжүүдийн лицензийн хугацаа дууссан бол цахим шуудангаар мэдээлэл очно. Иргэд өөрсдөө “E-Mongolia”-г ашиглах ёстой.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу хувь иргэний мэдээллийг өөрт нь мэдэгдэхгүйгээр ашиглахыг хориглосон. Тиймээс таны мэдээллийг ямар нэгэн байдлаар төрийн байгууллага ашиглавал танд и-мэйлээр хаягаар мэдэгдэл очно. Давхар тоон гарын үсэгт шилжиж байгаа. 300 мянган иргэн гарын үсгээ аваад байна. Банкан дээр очиж зээлийн хийх шаардлагагүй болсон. Иргэд 11-11 рүү залгадаг байсан бол одоо шаардлагагүй боллоо.

-Нэгдүгээр ангийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Сургуулиудын бүртгэлийг энэ долоо хоногоос эхэлнэ. Гол 15-16 сургууль байна. Дандаа хамран сургах тойргоосоо гаднах хүүхэд авдаг 1,23,11,18 дугаар сургуулиуд дээр бүртгэлийг ил тод хийнэ. Хэний хүүхэд хамран сурах тойрогтоо хамрагдаж чадсан байна вэ гэдгийг ил болгоно.

-Төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж байгаа гэсэн. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх тал дээр анхаарч байна. Сургалтын зардлууд инфляцын, өрхийн зардлын гол хэсэг байдаг. Мөн хувийн ЕБС-иудын төлбөрийг нэмэхгүй байх тал дээр яам ажиллаж байна.

-Хаяг дээрээ биш түрээсийн байр ч юм уу бусад шалтгаанаар амьдарч байгаа хүүхдийг хэрхэн зохицуулах вэ?

Бүх сургууль дээр хамран сургах тойрог зарлахгүй. 1,23,18 дугаар гэсэн жинхэнэ авлигал авдаг сургуулиудын бүртгэлийг цахим болгоно. Улаанбаатарын хэмжээнд 15 сургууль, 20-иод цэцэрлэгүүд дээр хамран сурах тойргоор нь хүүхэд авах боломжийг нээж байгаа.

-Цэцэрлэгийн хүртээмжийн талаар юу хэлэх вэ?
-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Боловсролын яам онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Жил бүхэн сугалаанаас гадна 36 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил нэг ч хүүхдийг цэцэрлэгийн гадна үлдээхгүй байх бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 120 мянга байна. 80 орчим мянган хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Цаана нь 40 мянган хүүхдийн боломж байна. Товчхондоо сугалааны цэцэрлэгийг халж байна.
-Бүх шатны боловсролын байгууллагын хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх үү?
-Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. ЕБС, боловсролын хуулиараа есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай. Ачаалал өндөртэй нийслэлийн 20 орчим сургуульд хамгийн их түгжрэлтэй байршлуудад 15-30 минутын өмнө хичээл эхлэх зохицуулалтыг хийнэ.
-Сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Эцэг эхчүүдийн өөрсдийн сонголт. Түүнээс биш заавал шинэ формтой хичээлдээ ир гэдэг шаардлага тавихгүй. Сурагчийн дүрэмт хувцас тендергүй явагддаг.
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх үү?
-2023 оны төсвийг есдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэнэ. Энэ үеэр хэлэлцэх байх гэж бодож байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Геодези үндсэндээ улс эх орны хөгжлийн үндсэн суурь байдаг. Өөрөөр хэлбэл, геодезийн өндрийн, налуугийн, хүндийн тоон хэмжээс дээр тулгуурлаж бүтээн байгуулалт явагддаг. Бүх төлөвлөлтүүд геодезийн цэг тэмдэгт дээр явагддаг. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт 360 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлд зам өргөсгөж, байшин барилга баригдахын хэрээр 360 гаруй цэг тэмдэгтийн тал нь устчихсан. Ингэснээр дараагийн хот төлөвлөлтөд алсуураа нөлөөлсөн. Өндөржилт байхгүй болсон тул аж ахуй нэгжүүд газрын урууг харсаар өндөр барьсаар байгаад ус зайлуулах хоолойнууд автозам болчихсон. Тиймээс геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь хэд хэдэн чиглэлээр одоо хэрэгжиж буй хуулиас сайжирч байгаа. Тогтолцоог нарийн болгосон. Хэн төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, архивлах гээд бүгдийг нь зааж өгсөн. Мэдээллийн санг нэг болгох асуудлыг тавьж байгаа. Олон улсын зээл тусламж, хөтөлбөрөөр янз бүрийн судалгаа хийж, тоон баримтууд нь нэгдсэн мэдээллийн санд ордоггүй байлаа.Харин одоо энэ хуулиар бүх санг нэгтгэнэ. Хоёрдугаарт, геодезийн мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилж байгаа. Ингэснээр зарим нууцлалтай газрын зургуудыг ил болгон иргэн, аж ахуй нэгжүүд ашиглах боломжийг нээж өгнө. Өмнө нь нууцад оруулаад төдийлөн ашиглаж чаддаггүй байлаа. Үүнийг УИХ-д өргөн барина.

Бидний ярьж буй хийн хоолойн төсөл, шинэ төмөр замын төсөл дээр геодезийн хэмжилт, цэг, нарийвчилсан маштабтай зурагнууд чухал. Тухайлбал, Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 хувийг 25 мянган маштабтай зургаар хийж гүйцэтгэсэн. Энэ зураг байснаар төслүүдийн нарийвчилсан зураг гарч, хэрэгжих үндэс нь тавигдаж байна. Мөн Геодезийн зураг зүйн шинэчилсэн хуулийг ярихаас гадна энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг ярилаа. Энэ салбарт шинэ технологи хэрэглэгдэх ёстой.

-Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулна уу?

-Нийтийн аж ахуйн салбар сүүлийн 30 жил доголдож, уналтад орсон. Тухайлбал, 1990-ээд оны үед аймгийн төвүүдэд орон сууцны айлууд яндан, зуух гарган түлдэг байлаа. 21 аймгийн арвынх нь дулаан станц нь хувьд байна. Цэвэр, бохир усных нь бүх сүлжээ  “Чандмань” нэртэй улсын байгууллагад байгаа. Хүний нүдэнд харагддаггүй учир хүмүүс ойлгодоггүй. 1960-1970 онд бүх аймгуудад барьсан цэвэрлэх байгууламжийг бид нар улсын болон олон улсын санхүүжилтээр бүгдийг нь шинэчилсэн. Тухайлбал, өнөөдөр Улаанбаатарын цэвэрлэх байгууламж өдөрт 160 мянган куб усыг хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл өнөөдрийн байдлаар 170 мянгын хүлээн авч байна. Хүчин чадал нь хүрэхгүй, технологи нь хоцорсон учир бид бүхэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хоногт 250 мянган куб бохир усыг хүлээн авах чадалтай төв цэвэрлэх байгууламжийн ажил хийгдээд явж байна. Өнгөрсөн долоо хоногт бид нар очиж ажилласан. Ажлын явц 47 хувьтай байна. Хэдийгээр цар тахлын хүнд үед байгаа ч бид нар ажлыг таслахгүй явж байна. Монголын 17 туслан гүйцэтгэгч компани ерөнхий гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байна. Бетон зуурмаг тасрахгүй явж байгаа. Арматур болон бусад тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хангасан. Бидэнд тулгамдаж буй асуудал нь энэ төсөл дээр 800 гаруй чингэлэг орж ирэх ёстой. Энэ асуудалтай байна. Монголдоо зохицуулалт хийж байгаа ч Хятадад зохицуулалт хийх асуудлыг элчин сайдаар дамжуулан хийж байна. Чингэлэгт багтахгүй том задгай тоног төхөөрөмжүүд байна. Төлөвлөсөн ажлаасаа 10 хувийн хоцрогдолтой байна. Гэхдээ бид 2024 онд энэ төслийг хүлээлгэн өгөх ёстой. 2023 оны улсын төсөвд 25 мВт цахилгаан станцыг 40 мВт болгон өргөтгөхөөр асуудал тавьсан. Цахилгааны хэрэглээ дутахгүй, найдвартай ажиллах ёстой. 29 тэрбум төгрөгийг суулгуулахаар саналаа өгсөн.

Мянганы сорилтын сангаар дамжуулан хэрэглэгдэх хаягдал усыг цэвэрлэх үйлдвэр төв цэвэрлэх байгууламжтай залгагдан баригдана. Төв цэвэрлэхэд стандартад нийцсэн ус ирээд түүнийг нь цэвэрлэж гаргаад дахиад технологийн дагуу ашиглаад ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтөнд ашиглаж буй гүний усны оронд ашиглана. Ирэх жилээс баригдана. Энд дахиад л цахилгааны асуудал яригдана.

Эдгээр бүтээн байгуулалтууд дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол ихэнхи боловсон хүчнүүд маань ЗХУ-д сурсан Орос школтой хүмүүс байдаг. Гэтэл БНХАУ-ын тусламжтай тоног төхөөрөмж, АНУ-ын технологи дээр ажиллаж байна. Одоо байгаагаа давтан сургах нь эхний ээлжийн асуудал. Одоо бид нар сургалт судалгаа, боловсролын байгууллагуудад хандан цэвэрлэх байгууламж, усан хангамжийн чиглэлээр сурах залуусыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж