Поп дива, дуучин С.Наран, дуучин Б.Баярцэцэг нар “Together” нэртэй хамтарсан тоглолтоо энэ сарын 25-26-ны өдөр "White Rock centre"-т хийх гэнэ. Энэ талаар дуучин Б.Баярцэцэг ярихдаа “С.Наран эгч бид хоёрын уламжлал болгон хийдэг тоглолт. Хамгийн сүүлд 2018 онд хөл хорио болохоос өмнө тоглосон. Одоо гурав дахиа тоглох гэж байна. Хөгжмийн зохиолч Н.Халиун ах анх биднийг цуг тоглолт хийхийг санал болгож дуунуудыг маань сонгож, найруулж өгч байсан юм. Манай тоглолтод японы мэргэжлийн хөгжим техникийн баг ирж ажиллаж байгаа” гэв.
Энэ жилийн тоглолтын онцлог нь найруулга, тайз, гэрэл, чимэглэл бүгд өөрчлөгдсөн. Мөн өөр нэг онцлог нь наймдугаар сарын 25-нд болох тоглолтыг нэг компани бүтнээр нь худалдаж авчээ. Тэгэхээр гаднаас үзэгч авахгүй зөвхөн нэг хамт олонд зориулан эхний өдрийн тоглолтоо тавих аж. Энэ нь байгууллага, аж ахуйн нэгжүүд эхнээсээ урлагийг үнэлдэг болж, байгууллагынхаа ажилчдад урлагийн боловсрол, үнэт зүйлийг түгээхийг зорьдог болсон сайн талтайг харуулж буй хэрэг хэмээн хоёр уран бүтээлч маань саналыг нь ихэд талархан хүлээн авсан байна. Хоёр уран бүтээлч маань ч өөрсдийгөө энэ хэмжээнд хүртэл үнэлүүлж чадсандаа баяртай байгаагаа уламжилсан юм.
Дэлхийн улс орнуудад дуэт тоглолт хийх нь моданд ороод байгаа аж. Тиймээс дэлхийн жишгээр Монголдоо уран бүтээл хийж, монголынхоо үзэгч сонсогчдын таашаалд нийцүүлэх энэхүү уламжлалт тоглолтоо тавьж эхэлжээ. Өөр стандартаар тоглож, онцлог найруулгаар бүтэх энэ тоглолтыг тусгайлан үздэг өөрсдийн гэсэн үнэнч үзэгчидтэй ч болоод амжжээ. “Together” тоглолтод "Ар цармын цэцэг", "Найзууд" зэрэг хуучны дуунуудаас гадна өөрсдийн дуулж олны хүртээл болгосон "Welcome to my heart", "Содон аялгуу" зэрэг дуунуудаа хамтран дуулах юм байна. Тасалбарын үнэ 100 мянган төгрөг.
Цаашдаа хоёр дуучин маань өөрсдийн хувийн уран бүтээлээ ч хийнэ, хамтарсан бүтээлээ ч гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гавьяат жүжигчин С.Нарангийн хувьд япон хэл дээр хэд хэдэн дуу гаргасан бол дуучин Б.Баярцэцэг "Best of Bayartsetseg" нэртэй шилдэг дууны түүврээ хийхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ