Банкууд зээл олгохгүй, оюутны төлбөр төлөхөд хүндрэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Банкууд зээл олгохгүй, оюутны төлбөр төлөхөд хүндрэлтэй байна

Банкууд зээл олгохгүй, оюутны төлбөр төлөхөд хүндрэлтэй байна

Б.Хонгорзул энэ жил Сүхбаатар аймгаас хотод оюутан болж ирж буй. Тэрбээр хичээл эхлэх дөхсөн учраас их сургуультайгаа танилцаж, хичээл сонголтоо хийгээд тун завгүй. Тэр МУИС-д энэ жил элсэн суралцана. Гэвч сургалтын төлбөр төлөх асуудал тулгарч байгаагаа хэлж байв. Учир нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, арилжааны банкууд эцэг, эхэд нь зээл олгохгүй, хэдэн малаа заръя гэхээр малын үнэ муу байгаа тухайгаа учирласан юм.

Тэрбээр "МУИС-ийн төлбөр надад үнэтэй санагдсан. Нэг кредит нь 98.600 төгрөг. Бусад их сургуулиудын төлбөр нэмэгдсэн гэж дуулсан. Нэгдүгээр курсийн оюутнууд төлбөрөө заавал 100 төлөх нь хүндрэлтэй байна. Уг нь 50 хувиар нь хувааж төлдөг бол дээр. Аав, ээж маань сургалтын төлбөр төлөхийн тулд банкнаас зээл авдаг. Бас малаа зарна. Ядаж байхад энэ жил малын үнэ муу байна" гэв.

Яг Б.Хонгорзул шиг мянга мянган оюутанд өдийд их, дээд сургуулиудын төлбөрийн асуудал тулгардаг. Салбарын сайд Л.Энх-Амгалан “Төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг барьж ажиллана” гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээрээ тийм биш. Төрийн өмчийн ХААИС болон ШУТИС зэрэг сургуулиуд төлбөрөө 30 хувиараа нэмсэн байх жишээтэй.

Тодруулбал, ХААИС-ийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран өнгөрсөн жил л гэхэд 111-128 мянган төгрөгийн хооронд байсан бол энэ жил 127-156 мянган төгрөг болж, 30 хувиар нэмэгдсэн аж. Энэ талаар ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “Их дээд сургуулиуд төсвөө арванхоёрдугаар сард батлуулдаг. Тэр үед их дээд сургуулиуд төлбөрөө нэмэх эсэхээ шийддэг. ШУТИС болон манай сургууль төлбөрөө 30 орчим хувиар нэмсэн. Энэ батлагдсан төсвөөрөө энэ оноо дуусгана. Цааш нэмэх эсэхээ арванхоёрдугаар сард шийднэ” гэдэг хариултыг өгч байв.

НЭГДҮГЭЭР КУРСИЙН ОЮУТНУУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ БҮРЭН ТӨЛЖ, СУРАЛЦАХ ШАЛГУУРТАЙ

Харин МУИС, АШУИС-ийн төлбөр нэмэгдээгүй байна. Гэхдээ МУИС-ийн суралцагч сонгосон багц цагийн төлбөрийг “МУИС-ийн Сургалтын журам”-д заасны дагуу 100 хувь төлж хичээл баталгаажуулахыг мэдэгдэж байна. Тэр дундаа нэгдүгээр курсийн оюутнууд сургалтын төлбөрөө бүрэн төлж, суралцах шалгууртай.

Ц.Нарангэрэлын том охин энэ жил МУБИС-д оюутан болж буй. Түүнтэй их сургуулийн гадна охиныхоо сургалтын төлбөр шилжүүлж байхад таарсан юм. Тэрбээр "Охиныхоо сургалтын төлбөрийг төлөхөөр банкнаас цалингийн зээл асуусан чинь "зээл олгохгүй" гэнэ. Ямар сайндаа таньдаг хувь хүнээс асууж, мөнгө зээлээд сууж байна. Сургууль нь ашгүй энэ жил сургалтын төлбөрөө нэмээгүй, 50, 50 хувиар нь хувааж авна гэхээр нь олзуурхаж сууна. Хичээл сонголтоо хийгээд, төлбөрийн 50 хувиа төл гэсэн. Бид хоёр төлөх гээд сууж байна. Уг нь өдийд цалингийн зээл аваад цэцэрлэг сургуулийн төлбөрөө төлдөг юм. Манайх чинь сургуулийн насны гурав, цэцэрлэгийн хоёр, нэг их сургуулийн оюутантай болж байгаа. Тэгсэн охиныхоо төлбөрийг арай гэж төлж байна" гэв.

Иргэн О.Баттунгалаг "Намар болохоор оюутны төлбөрийн асуудал гарч ирдэг. Их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэнэ үү гэхээс хасагдаж байгаагүй. Салбар яамнаас нь зохицуулж арга хэмжээ авч байгаа юм алга. Гэтэл сургалтын чанар гэж юм байхгүй. Хүссэн үнээ хэлж, сургалтын төлбөр авдаг болж. Эцэг эхчүүдийн хувьд их л хүндрэлтэй байна. Банкнаас зээл авч л аргалдаг шүү дээ. Энэ жил банкнаас зээл өгөх эсэх нь тодорхойгүй л байна. Чадалтай нэг нь гадаад орон руу явах хүсэл эрмэлзэлтэй болчихсон байна" хэмээн бухимдав.

Төрийн банкны салбараас цалингийн зээл олгож байгаа эсэхийг тодруулахад "Зээл маш удаашралтай байгаа. Бараг сарын дараа зээл олгож эхэлнэ" гэдэг хариултыг өгч байв.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС СУРГАЛТЫН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТ АВЧ ЭХЛЭЭГҮЙ ГЭВ

Боловсролын зээлийн сангаас тодорхой тооны оюутнуудад сургалтын зээл олгодог. Энэ жил ч зээлээ олгодгоороо олгоно гэдгийг албаныхан хэлсэн юм. Өнгөрсөн жил Монгол Улсын 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцсан. Оюутнуудын 11 хувь нь Боловсролын зээлийн сангаас зээл авдаг байна. Ингэхдээ оюутны хөгжлийн зээлийг их, дээд сургуулийн хоёр, гурав, дөрөвдүгээр дамжаанд суралцаж байгаа, өмнө нь зээл авч байсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог.  Мөн Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу өнчин, цаатан өрхийн, багш, сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад буцалтгүй тусламжийг олгодог.

Гэхдээ энэ жил сургалтын зээлд хамрагдах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг авч эхлээгүй гэдгийг мэргэжилтэн нь хэлсэн юм.

Оюутан Э.Ариун-Эрдэнэ "МУБИС-т бага ангийн багш мэргэжлээр суралцдаг. Сургалтын төлбөр, цар тахал гээд нэг жилийн чөлөө авч, хоёрдугаар курсээс энэ жил суралцана. Төлбөрөө семистертээ хувааж төлөхөөр төлөвлөж байна. Эхний курс төлбөрөө 100 хувь төлөх ёстой байдаг. Өмнөх жилүүдээ бодвол энэ жил арай уян хатан авч байна. Сургалтын төлбөрөө аав ээжээсээ авдаг ч бас тэдэндээ нэмэр болохоор амралтаараа ажил хийсэн. Би төлбөрийнхөө 50 хүрэхгүй хувийг төлчихнө. Үлдсэнийг нь аав ээж маань цалингийн зээл авч төлөхөөр төлөвлөж байна. Энэ жил болчих байх" хэмээн ярилаа.

Яг ийм л "төлбөрийн" асуудалтай олон олон оюутнууд өнөөдөр хичээлээ сонгох уу, эсвэл эцэг эхээ өрөнд оруулаад ч хамаагүй суралцах уу, эцэг эхчүүд нь цалин, тэтгэвэрийн зээл авч чадахгүй, мал, машинаа зарж чадахгүй бол Банк бус санхүүгийн байгууллагаас ч хамаагүй зээлээд хүүхдээ сургана гэх эцэг эхчүүд. Бодит байдал, бодит амьдрал ийм л байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж