
ОУВС-аас өнгөрсөн тавдугаар сард оны эцэст инфляци 27 хувьд хүрч болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Харин өнөөдрийн байдлаар инфляци өсөх эсэх нь тодорхойгүй байгаа хэмээн Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газрын мэргэжилтнүүд өгүүлж байна. Тэдний хэлж байгаагаар энэ намрын ургац хураалтын байдал, их, дээд сургуулиудын оюутны төлбөр хэр нэмэгдэх зэргийг ажиглаж байж эцсийн хариугаа хэлэх аж. Мөн ОХУ-ын улаанбуудайн экспортдоо тавьсан хориг ч үүнд нөлөөлж мэдэхээр байгаа гэнэ.
ОУВС-ийн хувьд инфляцийн өсөлтийг мөнгөний хатуу бодлогоор тогтворжуулахыг зөвлөдөг бөгөөд өмнө нь Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 14 хувиас 10 хувь хүртэл бууруулахад ч маш болгоомжтой алгуур буулгаж, нарийн хянаж явахыг сануулж байсан билээ. Харин өнөөдөр мөнгөний бодлогын хүү 11 хувьтай байгаа бөгөөд ойрын үед энэ үзүүлэлтийг хэвээр хадгалахыг хичээж байгаагаа Монголбанкныхан илэрхийлсэн. Харамсалтай нь “голын нөгөө эрэгт” төсвийн зарлагыг хэт өсгөсөн улстөрчид тэдэн рүү “хялайж” буй. Сонгуулийн мөчлөг дундаа орохоор амлалтаа биелүүлэхээ гэнэт санасан тэд ийнхүү улс орны эдийн засгийг ганхуулдаг хуучтай билээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө 2006 онд халамжийн хавтгайрал ид оргилдоо хүрсний нөлөөгөөр инфляци 33 хувьд хүртлээ өсч төсөвтөө чирэгдэж хямрал үүссэнийг олон хүн санаж байгаа байх. Харамсалтай нь тэд төсвөөрөө инфляцийг чирснийхээ хариуг Монголбанкны ерөнхийлөгчөөс хайдаг юм билээ. Халамжийг хавтгайруулсан улстөрчдөөс хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Энэ байдал давтагдах нь ойлгомжтой. Өнөөдөр сонгуулийн мөчлөг дундаа орчихоод байна. Амлалтаа биелүүлэх арга хайсан улстөрчид чуулганы завсарлагаанаар яаж эдийн засгийг “халаах” тухай мэргэн санаа сийлж эхэлжээ. Үүнд эдийн засагчид түгшиж байна. Гэвч тэд үүнтэй тэмцэх ямар нэг боломж, сонголт байхгүй. Зөвхөн гаргасан алдааг нь яаж багасгах вэ гэдэг арга замыг л хайх оролдлого хийнэ. Тиймээс ч инфляци яаж өсөх талаар судлах төдий байгаа бөгөөд юуг ч урьдчилан хэлж чадахгүй байна.
УИХ Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаараа банкны салбарын өмнө том гавьяа байгуулсан хэмээн ханхалзаж буй. Үндсэн хуулийн цэцээр орж, гарч байж батлагдсан уг хуулийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй, амаргүй байгаа талаар салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн өнгөрсөн хавар доргилт өгөх гэсэн боловч гэрэл цохилсан учир хойшлуулсан Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө УИХ-ын намрын чуулган эхэлмэгц дахин амилна. Банкны өөрийн хөрөнгийг зохистой харьцааны шалгуур үзүүлэлт гэгч өндөр босгыг давж гарахаас эмээж буй арилжааны банкууд энэ үеэр бослого гаргаж ч мэдэхээр байгаа. Чөлөөтэй өрсөлдөх боломжийг хааж боомилох эрхийг нь Банкны тухай хуулиар олгочихсон болохоор яалтай ч билээ. Дээр нь банкуудын өнөөгийн нөхцөл байдалд гадныхны нөлөө багагүй байна.
Тухайлбал, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушокийн төлөөгүй татварын асуудал зээлийн үлдэгдэл бүхэн дээр тооцогдсон хэвээр. Мөн ОХУ-ын “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов монгол иргэдийн хадгаламжийн мөнгийг өөрийн орны иргэнд барьцаагүй зээлийн хэлбэрээр олгосон хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Монголбанк ойрын үед арилжааны бүх банкны эздийг тодруулж мэдээллийн сан бүрдүүлэх ч уг мэдээлэл олон нийтэд дэлгэгдэх албагүй гэсэн. Ингэхээр банкны салбарын ил тод байдал хэний гарт байгаа нь ойлгомжтой. Ийнхүү “Бүрхэг, бүрхэг, бас дахин бүрхэг” нөхцөлд банкны салбарын эрүүл мэнд хэрхэн илааршихыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Мөн айсуй намар оросууд банкны салбарт улам их анхаарал тавина гэдгээ нуугаагүй сануулахад илүүдэхгүй биз ээ.
Эцэст нь хэлэхэд эхний ээлжинд улстөрчид банкны асуудалд хошуу дүрэхгүй байж, сонгуулиар амласан нийгмийн халамжийн зардлаа багасгаснаар үнэлж баршгүй хувь нэмэр оруулахаар байна. Хэдийгээр хямралын сүүдэр айсуй, инфляцийн таамаглал эвгүй байгаа ч банкны салбарт эрүүл мэндийн төлөө хэмээн гашуун дарсаар хундага тулгахаас яах вэ.
У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин