Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр үндсэндээ эрх баригчдад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг нь олгов. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 22-нд товлогдож, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр болж байна. Мэдээж энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт улс төр, парламентын тогтолцооны хувьд шинэ өөрчлөлт авчрах боломжтой. Сонгуулийн холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын эрх мэдлийн хуваарилалтыг зөв голдрилд нь оруулах сүүлчийн боломж ч байж болох. Тиймээс ч улс төрийн намууд, Ерөнхийлөгч, парламент нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх, сонгодог парламентын тогтолцоотой болох дээр санал нэгдээд буй.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сэлгээ хийж бүтэн болох учиртай. Өнөөдрийг хүртэл хоёр яам шинээр байгуулсан ч сайд нарыг нь томилж чадахгүй, хоёр сайдаар хавсруулсаар өдийг хүрсэн. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гарсан учраас Л.Оюун-Эрдэнийн танхимын бүтцэд зайлшгүй өөрчлөлт орно.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдээс нилээд хэд нь сайдын суудал хавсрах эрх нь нээлттэй болж байна гэсэн үг. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн танхимд орох хүсэлтэй гишүүд намын даргынхаа, генсекийнхээ үүдийг сахиж суугаа.
УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС ХЭН ДАВХАР ДЭЭЛТЭЙ БОЛОХ ВЭ?
Одоогоор УИХ-ын дөрвөн гишүүн давхар дээлтэй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойших бүх үйл ажиллагаа, улс төрийг нь харвал Х.Нямбаатар, Б.Жавхлан нар сайдаараа үлдэнэ. Харин Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нарын хувьд МАН доторх фракциудын төлөөлөл учраас солигдох магадлалтай. Шадар сайд С.Амарсайханы хувьд олон ч хэл ам дагуулж, улстөрчийн хувьд Засгийн газрынхаа бодлогын эсрэг “дуугарч” байсан удаатай ч МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн учраас түүнийг явуулна гэдэг амаргүй даваа, Ерөнхий сайдад.
Генсекийн хоёр квот болох Шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар. У.Хүрэлсүхийн Засгийн газраас улирч үлдсэн учраас энэ удаад явуулаад өөр хүмүүс томилох уу, эсвэл гэдгийг МАН-ын генсек шийднэ.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг солих эсэх мөн л эргэлзээтэй. Түүний хувьд сайд болсноосоо хойш хэтэрхий их “шоу”-даж танхимын сайд нараа хөлдөө чирэх гэж байсныг эс тооцвол солихгүй байх боломжтой. Ерөнхий сайдын хувьд бүх сайд нараа давхар дээлтэй болгохгүй л болов уу. Одоогийн дөрөв дээр шинэ хоёр яамны сайд томилогдох ёстой. Шинэ яамны хоёр сайдыг УИХ-ын гишүүдээс томилохын тулд өдийг хүрсэн. Цахим хөгжлийн яамны сайд анхнаасаа тодорхой байсан. Энэ суудалд УИХ-ын гишүүн Н.Учрал томилогдох тохироотой. Харин Эдийн засаг хөгжлийн яамны сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэг нь томилогдох магадлал маш өндөр. Харин Л.Оюун-Эрдэнэ тэдний хэнийг нь танхимдаа авах бол гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.
Ийн 18 сайдынх нь зургаа нь давхар дээлтэй болсон үүн дээр дөрвийг нэмэх болов уу гэсэн таамаг бий. Өөрөөр хэлбэл, давхар дээлтэй сайд нарынхаа тоог бага байлгах сонирхол байгаа ч МАН-ын гишүүдийн хүсэл түүнээс илүү байх болов уу. Сайд болж, давхар дээл өмсөх хүсэлтэй УИХ-ын гишүүдийн нэрс Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Д.Тогтохсүрэн гээд хөвөрч буй.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТАНХИМААС ХЭН ЯВАХ БЭ?
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олонх сайд нь өмнөх Засгийн газраас улирсан дан дээлтнүүд.
Хамгийн түрүүнд явахаар Батлан хамгаалах, Гадаад харилцаа, Эрчим хүч, Эрүүл мэнд, Соёлын яам, Уул уурхайн сайдууд нэрлэгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт эрх баригчдын хүссэнээр явж чадвал ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг ч өөр албан тушаалд томилох бор шувуу нисч буй.
Хүнс, хөдөө аж ахуй, Барилга хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарыг солих эсэх асуудал эргэлзээ дагуулж буй. Гэхдээ Ерөнхий сайд танхимынхаа сайд нарын хийсэн ажлыг шалгаж, дүн тавьсны дараа ажлаа муу хийсэн бол явуулна гэдгээ сайд нартаа хэлсэн гэх мэдээлэл ч бий.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай зэрэгцээд сайд болох, суудалдаа үлдэх гэсэн тэмцэл өрнөж эхэллээ. Хэн явах, хэн үлдэх вэ гэдгийг МАН-ын удирдлагууд шийдэхээс гадна нам доторх фракциудын лобби ч бас том нөлөөтэй. Эрх баригч нам доторх, гаднах улс төр ч цаг минутаар хувьсаж эхэллээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ