Наадмын дараа намар. Хэдхэн хоногийн дараа хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Удахгүй их хотын түгжрэл эхлэх нь. Хөлтэй болгон нийслэлд цуглаж, хичээл, сургуулийн бэлтгэлээ базааж эхэлнэ. Ялангуяа наймдугаар сарын 20-оос есдүгээр сарын дунд үе хүртэл бараг нэг сарын хугацаанд түгжрэл дээд цэгтээ хүрч, хот "тэг" зогсолт хийдэг. Тэгвэл Хотын захиргаа, Засгийн газар түгжрэлийг бууруулах чиглэлээр юу хийж байна вэ гэсэн асуултад хариулт нэхье.
Нийслэлээс автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийг хотын төсөвт суулгаж, нийтийн тээврийн парк шинэчлэлт тэргүүтэй ажлуудыг хийгээд буй. Түгжрэлд хэдэн тэрбумыг ч төсөвлөсөн ойрын жилүүдэд түгжрэлийг шийдэх гарц гаргалгаа байхгүйг албаны хүмүүс, автозамын инженерүүд анхааруулсан. Учир нь хотын даац хоёр дахин нэмэгдсэн болохоор түгжрэхээс өөр сонголтгүй гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн билээ.
Улаанбаатар жилд дунджаар Ховд хотын хүн амын тоотой ижил тоогоор өсч байна. Тиймээс автомашины импортыг зогсоохгүйгээр түгжрэлийг бууруулах боломжгүй. Мөн албан хувийн хэрэгцээнд ашиглах автомашины хэрэглээг хязгаарлах зайлшгүй шаардлага үгүйлэгдэж байна.
Мянга зам бариад түгжрэлийг арилгахгүй учир тооцоололтой ажиллах шаардлагатай. Түүний хүрээнд их түгжрэлийн улирал буюу хичээл сургуулийн улиралд албаны унааг амин хэрэгцээнд ашигладаг жишгийг халах. Энэ хүрээнд шат дараатай арга хэмжээ авахаар албан журам, тушаал шийдвэр гаргадаг ч дунд шатны удирдлага хүртлээ үйлчилж, төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй хүмүүст хамаардаггүй сул талтай.
Төрийн байгууллагын эзэмшилд УБУ, УБҮ, УНҮ, УНО, УБӨ, УБЗ, УБЧ гэх мэт улсын дугаарууд багтдаг. Одоо үүнийг жирийн иргэд ч авах болсон. Үүнээс үүдэж тансаг зэрэглэлийн машинаар л албан эсэхийг таньдаг болсон гэхэд хилсдэхгүй.
Төрийн албан хаагчид хувийн хэрэгцээндээ иргэдийн татварын мөнгөөр авсан унаагаа ашиглана гэдэг зохисгүй үйлдэл учраас 2018 оноос эхлэн тодорхой журам, заалтуудад энэ асуудлыг тусгахаар ажлын хэсэг хүртэл гарч байв.
Гэтэл одоог хүртэл албаныханд тооцох сахилгын болон ёс зүйн ямар нэгэн хариуцлагын систем байхгүйгээс түгжрэлийг бүрдүүлэхэд төрийн албаныхан тодорхой хувийг эзэлсээр байна.
ХУВЬ ХУВЬСГАЛЫН ЗААГАА ЯЛГАЖ СУРАХ ЁСТОЙГ АНХААРУУЛЖ БАЙВ
Төрийн албан хаагч нар албаны машиныг аминдаа ашигладаг, хүүхдээ сургуульд нь зөөдөг тухай асуудал одоогоос гурван жилийн өмнө шуугиан тарьж байсан. Уг асуудлаар тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарч байгаагаа ч илэрхийлж байсан. Тухайлбал, амины автамашинаасаа татгалзаж автобус нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хотын захиргаанаас уриалга болгосон. Нэг ёсондоо албаны балаар хувийн зүйл бичиж болохгүй гэсэн ёс зүйн зарчим бий. Энэ бол зөвхөн балны асуудал биш тухайн төрийн албан хаагчийн албандаа үйлчилж байна гэсэн итгэл үнэмшил юм.
Олон нийтийн албанд үйлчилнэ гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилж байна гэсэн үг. Тиймээс хувь хувьсгал хоёрын заагаа ялгаж сурах ёстой. Ийм бүдүүлэг соёлоос гарах цаг нь болсон.
Манайд ийм протоколгүй явж ирсэн. Иймээс бид 11 улсыг судалж харьцуулан өнөөгийн хөрсөнд тохирсон журмыг батлаж хуульчилахаар болсон. Энэ журамд албаны машинаар хувийн ажил амжуулж болохгүй, албаны машиныг амралтын өдөр ажлын бус журмаар унахыг хориглоно гэсэн заалт оруулахыг тухайн үед Л.Оюун-Эрдэнэ сайд үүрэг болгож байв.
Гэтэл өнөөдөр гурван жилийн өмнө нь хэрэгжүүлж эхлэх байсан журам хангагдаагүй хэвээр л байна. Тиймээс иргэд цаасан дээрх төсөөллийг бодит амьдралтай уялдуулахыг хүсч буй. Ардын хүүхэд нь алхаад төрийн албан тушаал хашдаг даргын хүүхдүүд нь албаны унаагаар түүртэхгүй зорчино гэдэг утгагүй. Ес зүй, үүрэг хариуцлагын хувьд ч ухамсартай хүмүүс нэгийг бодохоор.
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ЦАГ БОЛСОН
2019 онд нийслэлийн захирагчаар С.Амарсайхан ажиллаж байх үедээ Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарган, төрийн албаны хэрэгцээнд ашиглах зориулалттай автомашиныг хувьдаа болон бусдад ашигласан тохиолдолд албан хаагчийг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа үүрэг болгожээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар 2019-2022 онд албаны унааг ахуйн хэрэгцээндээ ашигласан заалтаар ямар ч албан тушаалтныг ажлаас чөлөөлөөгүй байна. Тэгэхлээр энэ мөн л цаасан дээр бичигдсэн хэрэгжилтгүй шийдвэр гэсэн үг.
Тухайн үед баталсан захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техникийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байхыг төрийн албан хаагчдад зөвлөсүгэй.
Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл /автомашин/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин ажилууллахаас татгалзах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай" гэжээ.
ОДООГООС ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨХ ЯВДАЛ Ч МАРТАГДАХ ЁСГҮЙ
2018 онд Засгийн газраас төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд унаж болохгүйг анхааруулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг 2019 оны гэнэтийн шалгалт илчилж орхисон. Тодруулбал, төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран 2019-2020 онд гэнэтийн шалгалт хийхэд Засгийн газрын сайд, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхийн газар, Эрдэнэс тавантолгой, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшилд бүртгэлтэй автомашинаар хүүхэд сургуульд хүргэсэн зөрчил илэрч байсан. Үүнийг одоогоос олон жилийн өмнөх гээд мартах ёсгүй. Харин ч үүрэг, хариуцлагыг нэхэх нь зүйтэй.
Цагдаа, түргэний машин, таксины дугаарыг бусдаас ялгахын тулд улсын дугаарыг нь өөр өнгөөр тодорхойлох, маяактай зорчдог. Гэхдээ хэн ч содон машин унаад хүүхдээ сургуульд хүргэхгүй нь тодорхой.
Тэгэхлээр төрийн албаны хурган дарга нар болоод төрийн өндөр дээд албан тушаалтнуудын албандаа унадаг автомашиныг амин хувийнх нь машинаас ялгах шаардлагатайг иргэд хэлж буй. Герман, Япон тэргүүтэй улс орнуудад төрийн алба хаагч ёс зүйгүй байна гэдэг нь улс орны гадаад имижид хүртэл нөлөөлөхөөр том асуудалд тооцогддог. Тиймээс энэ жишгийг халж, Монгол Улс иргэдээс нэхдэг хариуцлагаа төрийн алба хашиж буй дарга нараасаа ч шаардахыг иргэд хүсч байна. Тооцох хариуцлагаа тодорхой болгож чадахгүй бол ядаж дугаарын өнгийг ялгах зохицуулалт хэрэгтэй. Хэрэв өнгөөр ялгасан дугаар байвал ядаж иргэд олон нийтийн сүлжээнд зургийг нь авч тавиад ч болов үйлдлийг нь хязгаарлаж чадна. Гэтэл өнөөдөр татварын мөнгөөр авсан тансаг унаа дарга нарын хувийн хэрэгцээнд үйлчилсэн хэвээр л байна.
Холбоотой мэдээ