Виртуал нөлөөлөгчдийн эрин үе иржээ | News.MN

Виртуал нөлөөлөгчдийн эрин үе иржээ

Виртуал нөлөөлөгчдийн эрин үе иржээ

Виртуал нөлөөлөгчдийн эрин үе иржээ

Өмнөд Солонгосын виртуал модель Рози инстаграм дээр 130 мянган дагагчтай. Тэр инстаграмдаа бүх дэлхийгээр аялж буй зургуудаа хуваалцдаг. Түүний нүүр будалт үргэлж төгс, хувцаслалт нь загварын тайзан дээр байгаа мэт харагддаг. Бас тэр дуулж, бүжиглэж, загвар өмсөнө. Гэвч энэ бүхний аль нь ч бодит биш.

Рози дижитал ертөнцийн хүн боловч мах цуснаас бүтсэн бодит хүнээс огт ялгагддаггүй. Инстаграмын дагагчид нь түүнээс “Чи бодит хүн үү, хиймэл оюун ухаан уу, робот уу?” гэж асуудаг. Түүнийг бүтээсэн “Sidus studio X” компанийн мэдэгдсэнээр, “Рози бол бодит болон виртуал ертөнцийн нэгдэл” юм.  Рози хүний хийж чаддаггүй бүх зүйлийг хийдэг учир зар сурталчилгаа, энтертайнмент ертөнцөд маш их ашигтай ажиллаж, компанидаа хэчнээн тэрбум ам.доллар хуримтлуулж өгчээ. Энтертайнмент ертөнцөд 2020 онд анх гарч ирснээсээ хойш Рози алдартай брэндүүдтэй гэрээлж, виртуал загварын шоунд хүртэл оролцсон.

Гэхдээ энэ салбартаа Рози ганцаараа биш юм. Хэзээ ч хөгширдөггүй, хэл аманд ордоггүй виртуал моделиудын эрин үе иржээ. Энэ нь нэг талаасаа гоо сайхны хэт өндөр стандарттай Өмнөд Солонгосын хувьд түгшүүр болж байна. Тус улсад үзэсгэлэнтэй гэх тодорхойлолт явцуу хүрээнд байдаг гэхэд болно. Том нүдтэй, жижигхэн царайтай, цайвар гэрэлтсэн арьстай, жижиг биетэй бол үзэсгэлэнтэй гэж солонгосчууд үздэг.

Виртуал моделиуд ч энэ жишгийн төгс илрэл болж буй. Дэлхийн гоо сайхны мэс заслын өлгий нутаг гэгддэг Өмнөд Солонгост виртуал нөлөөлөгчид олшрох нь бодит бус гоо сайхны стандартыг улам өдөөх вий гэж ажиглагчид үзжээ.

ТЭД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Розиг хэрхэн бий болгосон технологи нь цоо шинэ зүйл биш юм. Энэ нь өнөөгийн энтертайнмент салбарт хаа сайгүй байдаг бөгөөд кино, компьютер тоглоом, дууны клип зэрэгт ашиглагддаг. Харин нийгмийн нөлөөлөгч болгож ашиглаж эхэлсэн нь саяхнаас юм. Түүний инстаграм дахь зургууд хөлөөсөө толгой хүртэл виртуал байдаг боловч хувцасны зураг авалт дээр ихэвчлэн өөр бодит моделийн бие дээр толгойг нь залгадаг аж.

Өмнөд Солонгосын “Lotte home shopping” брэнд сурталчилгаандаа зориулж виртуал модель зохион бүтээсэн. Тэр нь Люси нэртэй модель бөгөөд 75 мянган инстаграм дагагчтай.

Ахмад үеийнхний хувьд виртуал хүнтэй харилцах нь хачирхалтай байж болох ч амьдралынхаа ихэнх хугацааг цахим орчинд өнгөрөөдөг орчин үеийн залууст энэ нь илүү ойр гэдгийг шинжээчид хэлж буй. Ялангуяа Өмнөд Солонгосын залууст тун хүчтэй нөлөөлж буйг онцолжээ. Розигийн инстаграм дахь зурагны доор дагагчид нь түүнийг магтан сайшаасан сэтгэгдлүүд бичдэг.

Розиг бодит хүн гэж бодоод хоёр жилийн өмнө инстаграм дээр дагасан хүн ч байдаг. Рози ч бас тус эмэгтэйг дагаж, тэд хааяа харилцан сэтгэгдэл бичилцдэг аж. “Бид яг л найзууд шиг харилцдаг. Түүнтэй харьцахад тухтай байдаг учир хиймэл оюун гэж би огт бодож байгаагүй. Розигийн контентууд надад маш их таалагддаг. Тэр дэндүү хөөрхөн учраас виртуал хүн гэдгийг нь би мэдээгүй” гэж 23 настай И На Ён хэлэв.

АШИГТАЙ БИЗНЕС

Розигийн инстаграм дээр арьс арчилгаа, хувцас загварын брэндүүдийн контент дүүрэн байдаг. Өмнөд Солонгосын маш олон томоохон компаниуд Розитой хамтарч ажиллахыг хүсдэгийг “Sidus studio X”-ийн захирал хэллээ. Энэ онд л гэхэд тус компани зөвхөн Розигоос 1.52 сая ам.долларын ашиг олох төлөвтэй байна. Рози өдөр ирэх тусам улам л алдартай болж буй учир “Chanel”, “Hermes” гэх мэт тансаг зэрэглэлийн брэндүүд ч хамтран ажиллах санал ирүүлсээр байна. Виртуал моделийн тоглосон сурталчилгаа зөвхөн инстаграм, телевизээр тогтохгүй ханын самбар, автобус гэх мэт цахим бус талбарт ч үзэгдэх болжээ. Люси ч бас энэ жил санхүүгийн болон барилгын компаниудаас ажлын санал авсан бөгөөд энэ байдлаараа Розигоос дутахгүй ашиг олох төлөвтэй байна.

Виртуал моделиуд залуу хэрэглэгчдэд илүү их нөлөөлж буй тул эрэлт хэрэгцээ асар өндөртэй байна. Розитой хамтарч ажиллаж буй компаниуд нь даатгалын фирм, банк гэх мэт төдийлөн залуусын сонирхохгүй бизнесүүд байдаг. Гэхдээ виртуал модельтой хамтарч ажилласны дараа тухайн компанийн нийгэм дэх дүр төрх хамаагүй залуу болсон байдаг аж.

Мэдээж хамгийн том давуу тал нь бодит амьдрал дээрх алдартнуудтай харьцуулахад элдэв засвар үйлчилгээ бараг шаардлагагүй. Бодит хүнтэй хамтарч ажиллахаас хамаагүй бага цаг хугацаа, хөдөлмөр зарцуулах юм. "Lotte" компани л гэхэд виртуал моделийг зөвхөн сурталчилгаандаа ашиглаад зогсохгүй ирээдүйд шууд нэвтрүүлгийн хөтлөлт хийлгэхээр төлөвлөж байна.

Виртуал нөлөөлөгчид Өмнөд Солонгосоос гадна АНУ-д ч од болж байна. Дэлхийн хамгийн алдартай виртуал нөлөөлөгчдийн нэг Лил Микуэла нь “Calvin Klein”, “Prada” брэндүүдтэй хамтарч ажилладаг бөгөөд инстаграмдаа гурван сая дагагчтай. “Factory new” нэртэй хөгжмийн компанийн бүтээсэн виртуал реппер ч байдаг. “FNMeka” нэртэй тус реппер нь Тикток дээр 10 сая гаруй дагагчтай.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж