Хууль зүйн яамны ТНБД П.Сайнзориг өнөөдөр /2022.08.16/ бөхчүүдийн допингийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Допингийн шинжилгээг хэчнээн бөхөөс авсан бэ. Энэхүү ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жил Баяр наадмын тухай шинэчилсэн найруулгыг баталж, үндэсний бөх болон сурын харваанд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байсан бол энэ жилээс дөрөв болон түүнээс дээш давсан бөх, сурын шөвгөрсөн бөхчүүд буюу нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Нийт 80 хүний 16 нь харваач, 64 нь бөхчүүд байна. Допингийн шинжилгээг цагдаа болон тагнуулын байгууллагын хяналт оролцоотойгоор допингийн эсрэг үндэсний хорооны ажилчид авсан. Үүнийг хамгаалалтайгаар Солонгос улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн. Эхнээсээ хариу нь ирж байгаа ч 80 хүний хариу бүрэн ирээгүй байгаа тул зохих журмаар нээж, хариутай танилцаагүй байна.
Гадуур тодорхой бөхчүүд допинг хэрэглэсэн байна гэсэн ташаа мэдээллүүд явж байна.Одоогоор хэн нэгэн этгээд допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг асуудал дээр хариулт хэлэх болоогүй.
80 хүний 77-гийнх нь хариу ирсэн бол гурван бөхийн хариу ирээгүй байна. Хариу нь бүрэн ирэхээр зохих журмын дагуу олон нийтэд мэдээлэх болно. Шинжилгээг бид хийдэггүй тул шинжилгээ хийдэг байгууллагаас хариу ирэхээр ил болгоно. Допингийн эсрэг үндэсний төвд хариу ирэхээр хамтран мэдээлнэ.
-Допингийн шинжилгээний хариу допингийн эсрэг байгууллагаар дамжин ирж байгаа. Тэгвэл хариуг дунд нь задруулахгүй байж чадаж байгаа юу?
-Олон улсын итгэмжлэгдсэн байгууллагаас ирж байгаа материалыг солих наана, цаана болгох боломжгүй. Дараа нь допинг хэрэглэсэн бөхчүүдийн мэдээлэл натод орчихдог. Ямар нэг байдлаар хэрэглэсэн хүнийг хэрэглээгүй болгох ч гэдэг юм уу тийм зүйл байхгүй.
Нэр бүхий гишүүдээс үндэсний биеийн тамирын спортын тухай хуульд өөрчлөлт оруулж допингийн эсрэг тодорхой өөрчлөлтүүдийг хийж байна. Тэмцээн уралдаанаа эх орондоо зохион байгуулдаг тул допингийн шинжилгээг түргэн шуурхай гаргадаг байх үүднээс өөрсдийн лабораторитой болох асуудал яригдаж байна.
Мөн мэдээлэлтэй хэн ч танилцаагүй байна. Хий хоосон талцах, хуваагдах байдалд битгий оруулаасай гэж хүсэж байна. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн байгууллагаас хариу яагаад удаж байгааг бид мэдэхгүй.
-Допингийн шинжилгээний төсөв гэж хэдэн төгрөгийн төсөв төсөвлөдөг вэ?
-Жил жилдээ допингийн эсрэг үндэсний төв, бөхийн холбоо магадгүй өөрсдөө төлбөрөө төлөөд шинжилгээ хийлгэж байгаа. Мөн спорт, баяр наадмыг зохион байгуулж байгаа зохион байгуулагч тал зардлаа хариуцаад явдаг.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ